Улсын Дээд шүүхэд 37 улс төрийн нам бүртгэлтэй байдгаас ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвслээс тойрогт 966, бие даан нэр дэвшигч 42, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370, нийт 1336 нэр дэвшигч оролцож байна. Улсын Их Хурлын 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритар) аргаар, Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно. Олныг төлөөлөх (мажоритар) арга гэж тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно. Хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) арга гэж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн авсан саналынх нь тоо, хувьд үндэслэн хуульд заасны дагуу суудал хуваарилж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно хэмээн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасан.
Улс орныхоо хөгжлийн залуурыг атгах эрх мэдлийг ард түмнээсээ авахын тулд улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг билээ. Гэвч энэ жилийн сонгуульд мөрийн хөтөлбөр ярихын оронд нэр дэвшигчийн хувийн амьдралын түүх дурсамжаа хуваалцсан ядмаг сурталчилгаа голлож байна гэсэн шүүмж нийгмийн сүлжээнд өрнөөд амжсан билээ. Харин олон нийтийн болон арилжааны телевизүүд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг тодорхой сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж, орон даяар шууд дамжуулж байгаа нь нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг таниулан, иргэдийн сонголт хийх болон мэдээлэл авах эрхийг хангаж буй сайн жишээ болон үлгэрлэж байна.
Энэ оны зургаадугаар сарын 28-ны өдөр УИХ-ын 126 гишүүнийг сонгож, аль нам болон нам, эвсэл засгийн эрх барин улс орныхоо төрийн жолоог залах вэ гэдэг нь тодорно. Монгол Улсаа дэлхийн дайдад улсын дайтай авч явах, дэлхийн бодлоготой хөл нийлүүлэн хүн төрөлхтний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах үүргийг шинээр байгуулагдах Засгийн газар түүчээлэн авна.
Монголын улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө дэлхийн бодлогыг тусгасан уу? Хэрвээ тийм бол ямар чиглэлд нь анхаарал хандуулсан байна вэ гэдгийг тодорхой үзүүлэлтэд фокуслан зарим намын мөрийн хөтөлбөрийн жишээн дээр товч дурдъя.
УУР АМЬСГАЛЫН ГАМШИГ буюу ҮЕРТ АВТСАН УЛААНБААТАР
Сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод үерийн аюул нүүрлэж, Туул гол саваа халин Яармагийн шинэхэн гүүрийг живүүлсэн төдийгүй, хотын дарга Х.Нямбаатар голын голдирлыг өргөтгөх ажлын талбарт нойр хоолгүй шахам ажиллаж байна. Хотын дарга ийн ажилласнаар гамшиг зогсчихдог бол сайн сан. Гэвч байгалийн гамшиг гэдэг ямар ч эрх мэдэл, албан тушаалд захирагддаггүй сүр хүчит үзэгдэл билээ. Нийслэлийг түгшүүрт автуулаад буй үерийн гамшиг одоо л тохиолдож буй хэрэг биш. 1960-аад оны их үерээс хойш бараг нэгэн жарны дараа буюу 2023 оны наймдугаар сард үерийн гамшиг нийслэлийг нөмрөн орж ирж, асар их хэмжээний хохирол учруулсныг иргэд мартаагүй байгаа. Гэтэл жил хүрэхгүй хугацааны дараа, наймдугаар сар ч болоогүй байхад зургаадугаар сарын энэ өдрүүдэд нийслэлийн иргэд үерийн гамшигт дахин өртөж байна. Энэ бол хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын гамшигт үзэгдэл юм.
Хэрвээ голын голдирлыг шахаж цементэн ширэнгэ гэгдэх барилгууд олноор нь бариагүй бол, хэрвээ эрдэмтэд, инженерүүдээ сонсож хотоо удирддаг байсан сан бол, хэрвээ хотынхоо бүх замын дагуу ус зайлуулах хоолой хийчихсэн бол, хэрвээ хот маань ногоон байгууламж, паркаа хөгжүүлээд цементэн талбай бус хөрст газар ихтэй байсан сан бол, хэрвээ Туул голын дагуух үерийн байгууламжуудаа эвдэн гамшгийн аюулд оруулаагүй бол, хэрвээ бургасан ойгоо хядаж сүйтгээгүй сэн бол энэ гамшиг ингэтлээ аюултай нөхцөл байдал үүсгэхгүй байж ч болох байлаа.
Иймд сүүлийн найман жил засгийн эрхийг гартаа атгаж, төрийн жолоог залж ирсэн Монгол Ардын Нам (МАН)-ын мөрийн хөтөлбөрт энэ чиглэлээр юуг онцолж вэ гэдгийг хэн хүнгүй сонирхох нь дамжиггүй. Тэгвэл тус нам “Ард түмэн ялна” гэсэн уриатай мөрийн хөтөлбөрийнхөө VIII болон IX дэх хэсэгт дараах заалтыг оруулжээ. Үүнд:
Харин Ардчилсан нам (АН)-ын хувьд “Бүтэн Монгол Бүрэн Ардчилал” уриатай мөрийн хөтөлбөрийнхөө есдүгээр бүлэгт: 9.5. АМЬД БАЙГАЛЬ: “Байгаль орчин, эко системийн тэнцвэрт байдал” хэсэгтээ Ус, агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 27 зүйл заалт бүхий хөтөлбөр дэвшүүлжээ. Эдгээрээс “Нийслэл болон бусад хот, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлж, газар чөлөөлөх, усны нөөц бохирдох, хомсдохоос сэргийлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулна” гэсэн нь хамгийн анхаарал татахуйц заалт байх ажээ.
ХҮН НАМ “Өөрчилнө! Цаг нь болсон” уриатай мөрийн хөтөлбөрийнхөө “Байгальд ойр хөгжил” бүлэгт “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогыг хэрэгжүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд есөн зүйл бүхий үйл ажиллагааг төлөвлөжээ. Эдгээрийн дотор дараах хоёр заалтыг тодотгож болохоор байна.
УИХ-ын сонгуульд анх удаа оролцож буй шинэхэн намуудаас зарим намын мөрийн хөтөлбөрийн заалтыг энд орууллаа. Үүнд:
Үндэсний Эвсэл “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье-Үндэстнээрээ баяжъя” уриатай мөрийн хөтөлбөртөө дараах асуудлын шийдлийг тусгажээ. Үүнд:
• “Гамшгийн эрсдэлгүй хот” аяны хүрээнд барилга байгууламжийн чанар, насжилтыг тодорхойлох, болзошгүй аюул, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийж, паспортжуулах, эрсдэлтэй барилга байгууламжийг хүчитгэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, олон улсын туршлага, хамтын ажиллагааны хүрээнд төр, хувийн хэвшлийн чадавх, оролцоог нэмэгдүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
• Гамшгийн үед түр хоргодох стандартын шаардлага хангасан байруудыг бий болгох, бэлэн байх эрх зүйн зохицуулалтуудыг хийж, гамшгийн эрсдэлийг бууруулах менежментийн цогц төлөвлөгөөг боловсронгуй болгон хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана.
Эрх Чөлөөний Эвсэл нам (ЭЧЭН) “Хувь хүний эрх чөлөө-Хязгаарлагдмал төр” уриатай мөрийн хөтөлбөртөө “Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааг шинэчлэн, барууны стандарт бүхий техник, сургалтын хөтөлбөртэй болгоно” хэмээн тусгажээ.
Иргэдийн Оролцооны Нэгдэл нам (ИОНН)-ын хувьд “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатай мөрийн хөтөлбөрийнхөө Шийдэл 11-ийн “Иргэдээс асууж шийдвэр гаргадаг болно” хэсэгт “Аливаа бүтээн байгуулалт нь орон нутгийн гамшгаас хамгаалах байгууламжийг эвдэх, устгах, сулруулах, эсвэл ийм байгууламж хийхээр төлөвлөсөн талбайг эзлэх, хашихаар бол уг төсөлд зөвшөөрөл олгодоггүй болгож хуульчилна” гэсэн зорилтыг дэвшүүлжээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн толь бичигт “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг даван туулах чадвар гэж тухайн орон нутаг болон байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг урьдчилан таамаглах, сэргийлэх, зохицуулах, тэдгээрээс үүдэх хохирлыг багасгах, анхны цочролын дараа шаардлагатай тохиолдолд нөхөн сэргээх, өөрчлөх чадварыг хэлнэ” гэжээ. Нийгмийн сайн сайхан байдал, эдийн засгийн үйл ажиллагаа, байгаль орчныг хамгийн сайнаар хамгаалахын тулд хүмүүс, олон нийт, улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөөс зайлшгүй тулгарах нөлөөллийг даван туулах бэлтгэлтэй байх шаардлагатай юм. Иргэдийг шинэ ур чадварт сургах, өрхийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах, сэргээн босгох чадавхыг бэхжүүлэх, цаг агаарын мэдээлэл, эрт сэрэмжлүүлэх системийг сайжруулан бэхжүүлэх, урт хугацааны төлөвлөлтийг хөгжүүлэх замаар үүнийг хийж болно хэмээн уг толь бичигт өгүүлсэн нь Дэлхийн бодлогын нэгээхэн хэсгийг илэрхийлж буй юм.
ХҮЛЭМЖИЙН ХИЙГ ТЭГЛЭХ АЛХАМ буюу УЛААНБААТАР УТААГҮЙ БОЛОХ УУ?
Уур амьсгалын өөрчлөлтөд үнэхээр тэсвэртэй нийгэм бол нүүрстөрөгч бага ялгаруулдаг нийгэм юм. Учир нь хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулах нь ирээдүйд уур амьсгалын өөрчлөлтийн ноцтой нөлөөллийг хязгаарлах хамгийн сайн арга болно. Нүүрстөрөгч бага ялгаруулдаг нийгэм нь эрх тэгш байдалд тулгуурлах учир уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн ихээр өртөж байгаа, түүнийг даван туулах чадваргүй хүмүүс, олон нийтэд үзүүлэх дэмжлэгийг нэн тэргүүнд тавьж байдаг билээ.
Монгол Улсын хувьд агаарын бохирдол онц аюултай хэмжээнд хүрснийг илтгэх ганц жишээ дурдахад, улс орон бүрийн нэг хүнд ноогдох CO2-ын хэмжээг харуулсан газрын зурагт 2022 оны үзүүлэлтээр Монгол Улсын нэг хүнд ноогдох нүүрстөрөгчийн давхар исэл CO2-ын хэмжээ 11,2 тн байгаа нь түгшүүрийн харанга дэлдэж буй явдал юм?!
Үүний дотроос эрчим хүч үйлдвэрлэх явцад үүсдэг нүүрстөрөгчийн давхар исэл CO2-ын хэмжээ онцгой анхаарал татдаг үзүүлэлт бөгөөд энэ талаар мэргэжлийн байгууллагын тоо баримтад анхаарал хандуулъя.
Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээлснээр, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ 2023 онд 8,528.27 сая кВт.цаг болж өмнөх оны гүйцэтгэлээс 349.7 сая кВт.цагаар буюу 4,3 хувь өссөн ба нийт цахилгааны 90,9 хувийг дулааны цахилгаан станцаар, 8,5 хувийг нар, салхины эх үүсвэрээр, 0,6 хувийг усан цахилгаан станцаар, 0,01 хувийг дизель станцаар тус тус үйлдвэрлэсэн байна.
Дотоодын эрчим хүч үйлдвэрлэлийн 90.9 хувийг эзэлдэг дулааны цахилгаан станцын үйл ажиллагааны үр дүнд 11.36 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл CO2 ялгардаг бөгөөд энэ хэмжээ жилээс жилд нэмэгдсээр ирснийг хүснэгтээс харж болно. Мөн эрчим хүч үйлдвэрлэгч тус бүрийн нүүрстөрөгчийн давхар исэл CO2 ялгаруулалтад эзлэх хувийг графикт үзүүлэв. (Эх сурвалж: ЭХЗХ, Эрчим хүчний статистик үзүүлэлтүүд-2023)
Хүн амын эрүүл мэндэд нэн аюултай нөлөө үзүүлж буй хорт утааг багасгах, нүүрстөрөгчийн давхар исэл CO2-ын ялгарлыг бууруулах, хүлэмжийн хийг тэглэхэд оруулах хувь нэмрээ намууд хэрхэн тодорхойлсныг УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй зарим намын мөрийн хөтөлбөрийн жишээн дээр харъя. Үүнд:
Монгол Ардын Нам (МАН):
Ардчилсан Нам (АН)
ХҮН Нам
Үндэсний Эвсэл
Эрх Чөлөөний Эвсэл нам (ЭЧЭН)
Төгсгөлд нь хэлэхэд, Монголын номын зах зээлд орчуулагдан гараад удаагүй байгаа нэгэн номоос эш татахын өмнө уг номыг улстөрч болгон, тэр тусмаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн бүр уншиж, дэлхийн бодлогын нэгэн цөм хэсэгтэй танилцаасай хэмээн хүснэ.
Энэ бол Билл Гэйтсийн “Уур амьсгалын гамшгаас сэргийлэх нь” ном бөгөөд уг номд “...Та уур амьсгалын өөрчлөлтийн тухай хоёр тоог тогтоогоод аваарай. Эхнийх нь 52 тэрбум, харин нөгөөх нь тэг. Агаар мандалд жил бүр 52 тэрбум тонн хүлэмжийн хий ялгардаг... Бид энэ тоог тэглэх ёстой” гэж бичсэн байдаг.
Тэгвэл Монголын хувьд энэ тоо хэд вэ гэдэгт монголчууд хариулт авахыг хүсэж байна.
Жич: Энэхүү бүтээлийг Байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр (EJFP)-ийн нэг үр дүн болгон бэлтгэсэн болно. EJFP хөтөлбөрийг Breathe Mongolia - Clean Air Coalition болон Green Dot Climate төрийн бус байгууллагууд Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн "Ногоон дэлхий" клубтэй хамтран хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд, АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам болон Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр Internews-ийн Earth Journalism Network санхүүжүүлж байна. Энэхүү бүтээлийн агуулга ба илэрхийлсэн санаа бүхэлдээ сэтгүүлчийнх бөгөөд EJFP хөтөлбөрийн хэрэгжүүлэгч болон санхүүжүүлэгч байгууллагууд агуулга болон санааг хуваалцах албагүй.
Сэтгэгдэл ( 1 )
Хүлэмжийн хий нь зөвхөн нүүрсхүчлийн хий биш. Мөн метан хий ялгаралт хамгийн их хувийг эзэлдэг, метан хийг ялгаруулдаг уул уурхай, мал аж ахуй хоёр. Уул уурхайг багасгах хэрэгтэй. Суурин, эрчимжсэн мал аж ахуйг манайд өргөжүүлж байгааг бүрэн зогсоож, бэлчээрийн МАА-н малын тоог цөөрүүлэх шаардлагатай. Үүний шийдэл нь махны хэрэглээг багасгах юм, энэ нь эрүүл байх, урт наслах гол шийдэл болдог нэн ач тустай. Ухаарцгаая хүмүүс ээ.