ОЛОН ӨНГӨ I Буйдханд буцлах амьдрал

Админ | Zindaa.mn
2024 оны 08 сарын 29

Хилийн заставыг үгээр илэрхийлэмгүй. Буйдхан газарт орших жаргалын орон шиг. Магад, надад тэгж санагдаа биз ээ. Тэнд цэрэг эрсийн насан туршдаа нандигнах ариун нандин үерхэл нөхөрлөл бий. Цэргийн дарга нарын гэргий болж ирсэн бүсгүйчүүдийн эрх танхил инээд, сэтгэлийн гүнээс ундрах хэмжээлшгүй их хайрын хөг уянга ч бий.

Алдрай бяцхан үрсийнх нь “Аав шигээ хилчин болно” гэсэн бахархалт харц, ирээдүйгээ зурсан их мөрөөдлийн гараа ч гэгээн алсдаа тэмүүлэнхэн байгаа.
 


Хилийн заставд газар газраас цугласан хүмүүс байх ч бага балчраасаа ижилдэн дассан мэт халуун дулаан уур амьсгалтай.

Тэнд өөр хоорондоо эрх мэдэл, эд хөрөнгөөрөө өрсөлдөх, атаа жөтөө, муу санаа гэж үгүй. Тэдэнд эх орныхоо төлөө гэсэн эр зориг, “Адилхан аавын хүү шүү дээ” хэмээн биесээ гэх хайр л бий. Түүнчлэн хилийн заставд бичигдээгүй нэг хууль бий. Тэр нь юу вэ гэвэл “Шинээр гэргий болон ирсэн бүсгүйчүүд сум руу хувцасаа баглан явдаг” байна. Учир нь гэвэл эр нөхрөө даган ирсэн эрх хонгор бүсгүй анх удаа л хүний хөлөөс хол, аглаг буйдханд амьдарч байгаа учраас тэр. Дархан хилийн бүсэд дасахад хугацаа ордог гэх үү дээ. Зоргоор залуу насныхаа ааг тунирхалаар “Өөрт нь цаг зав гаргахгүй байгаа нөхөр”-төө бас гоморхоно оо.
 


Хилийн заставд хорь гаруй жил амьдарч байгаа хилчин бүсгүйчүүд энэ тухай “ам алдсан” юм. Хүний л амьдрал шүү дээ. Гэхдээ, тэд их хөөрхөн. Юу юугүй л намар цагаар “нисэх” гэж байгаа нүүдлийн шувуу шиг л сэтгэлийн байгальд гуниг зэллүүлж байснаа буцаад буудаг бололтой. Хэдхэн цаг болоод л буцаад ирдэг байна. Энэ нь эр нөхрөө, эх орны дархан хилээ гэсэн чин ариун хайр юм. Хилийн манаанд явах нь үнэндээ нэг хөлөөрөө газарт, нөгөө хөлөөрөө үхэл дээр гишгэх адил эрдэнэт хүмүүний алтан аминд халтай ажил.

Хил зөрчигч гэдэг хоёрхон үгний цаана хилчдийн амь нас, аюулгүй байдал оршино. Манаанд явсан эр нөхөр, монгол цэрэг эргэж ирэхгүйгээр тэнгэрт дэвших тэр мэдээг бишгүй олон бүсгүй сонсож байсан гашуун түүх ч бий. Монгол улсын Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч. З.Дорж ч...Xэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян? Монгол баян.Xэл, хил, мал гурваасаа хагацвал хэн эмгэнэлтэй?

Монгол эмгэнэлтэй.Xэл, хил, мал гурвынхаа төлөө энэ яваа насаа эцэслэн дуустал тэмцье!
 

Үхсэний дараа сүнс байдаг бол үргэлжлүүлж бас тэмцье! гэж бичсэн нь энэ л  хатуу үнэнийг илтгэсэн бөлгөө.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
н.ж(202.9.40.130) 2024 оны 08 сарын 30

Энэ бичигчид баяр хүгэе...Маш гоё бичсэн байна ...Дахиад олон олон иймэрхүү гоё өгүүлэл, нийтлэл бичиж байгаараа...Монгол, хил,хэл, мал 3 тай гаа үнэхээр баян... Гэвч Монгол хэл маань их л бохирдож байна даа...харь хэл болон муу ёрын үгээр дүүрч байна даа...

1  |  0
Top