2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үр дүнг зарлалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 09 сарын 10

 ОХУ-ын Владивосток дахь Холбооны улсын Алс дорнодын их сургуулийн цогцолбор хотхонд есдүгээр сарын 3-6-нд Дорнын эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулагдсан билээ.

2024 оны Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын гол сэдэв нь “Алс Дорнод – 2030. Хүчин чармайлтаа нэгтгэж, боломж бололцоо бүрдүүлцгээе” гэсэн уриа байв. Албан ёсны арга хэмжээнүүдийг “Олон улсын хамтын ажиллагааны шинэ дүр төрх”, “Тусгаар тогтнолын технологиуд”, “Үнэт зүйлсийн санхүүгийн систем”, “Алс дорнодын Орос улс”, “Хүмүүс, боловсрол ба эх оронч үзэл”, “Тээвэр ба логистик: шинэ чиглэлүүд”, “Мастер төлөвлөгөөнүүд: архитектураас эдийн засаг руу” зэрэг долоон сэдэвт багтаан явуулсан юм.

“Чуулга уулзалтын хүрээнд байгуулсан хэлэлцээрүүдийн тоо болон тэдгээрийн үнийн дүн уг чуулга уулзалт маш амжилттай болж өнгөрснийг баталж байна. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт /ДЭЗЧУ/ дууссаны дараа Москвад ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Алс Дорнодын нийгэм-эдийн засгийн хөгжлийн тухай стратегийн чуулган зохион байгуулж, чуулга уулзалтын үед дэвшүүлсэн саналуудыг нарийвчлан авч хэлэлцэх юм. ДЭЗЧУ зүгээр нэг тансаг арга хэмжээ биш, харин нэн ажил хэрэгч уулзалт болж чадлаа” – гэж ОХУ-ын засгийн газрын тэргүүний орлогч, ОХУ-ын ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев мэдэгдсэн байна.

Чуулга уулзалтын хүрээнд Орос Улс болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын бизнес эрхлэгчдийн төлөөлөгчдийн уулзалтууд болж, “Орос-АСЕАН”, “Орос-Энэтхэг”, “Орос-Хятад” хэлбэрийн бизнес яриа хэлэлцээ зохион байгуулсан байна.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын гол үйл явдал нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагим, БНХАУ-ын орлогч дарга Хань Жэн, Сербийн шадар сайд Александр Вулин нар оролцсон нэгдсэн хуралдаан байсан юм.

“Алс Дорнодыг хөгжүүлэх асуудлыг бид XXI зууны турш манай улсын баримтлах үндэсний тэргүүлэх чиглэлийн бодлого болгохоор шийдсэн. Энэ шийдвэр зөв болохыг амьдрал, бидний өмнө тулгарч буй сорилтууд, хамгийн гол нь дэлхийн эдийн засагт хүчээ авч байгаа бодит хандлагууд баталж байна. Бизнесийн гол гол хэлхээ холбоо, худалдааны чиглэлүүд, ер нь хөгжлийн чиг хандлагууд Дорно болон Өмнө зүгт шилжин чиглэж байна. Манай Алс Дорнодын бүс нутаг энэхүү өсөн нэмэгдэж буй ирээдүйтэй зах зээлд шууд гарах боломж бүрдүүлж байгаа билээ. Гол нь Алс Дорнодын бүс нутаг нь бизнесийн идэвх санаачлага гаргах, нэн нарийн чимхлүүр төслүүдийг эхлүүлэх, бүхэл бүтэн шинэ салбар бүрдүүлэх асар том орон зай юм” – гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан дээр онцлон тэмдэглэсэн байна.

Энэ жилийн чуулга уулзалтад дэлхийн 75 улс, нутаг дэвсгэрийн 7100 гаруй төлөөлөгч, түүний дотор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 1500 гаруй төлөөлөгч оролцсон байна. Чуулга уулзалтад бас Орост найрсаг бус Австрали, Бельги, Болгар, Их Британи, Герман, Дани, Итали, Нидерланд, Кипр, Өмнөд Солонгос, Сингапур, АНУ, Франц, Швейцар, Япон зэрэг 16 орны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн аж.

Түүнээс гадна чуулга уулзалтад оролцогчдын дотор гадаадын 125 компани, Оросын 975 компанийн 2500 гаруй төлөөлөгч байжээ.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын явцад 5 их наяд 569,3 тэрбум рублийн үнийн дүн бүхий 313 гэрээ, хэлэлцээр байгуулсан байна.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын спортын тоглолтын хүрээнд спортын 10 төрлөөр 20 гаруй уралдаан тэмцээн зохион байгуулсан бөгөөд тэдгээрт 15 улсын тамирчид оролцсон байна.

“Владивостокийн улирлууд” нэртэй соёлын их наадмын үеэр олон концерт тоглож, үзэсгэлэн гаргаж, кино үзвэр зохион байгуулсан аж. Энэ хүрээнд ОХУ-ын Алс Дорнодын 11 бүс нутгийн янз бүрийн салбарт гаргасан амжилт бүтээлийг дэлгэн харуулсан үзэсгэлэнгүүд гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top