“Хойд урсгал” хийн хоолойг дэлбэлсэн хэргийн ард ХЭН БАЙНА ВЭ?

2024 оны 09 сарын 30

 - ХБНГУ “Хойд урсгал” хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт баривчлах зөвшөөрөл олгожээ -  

ХБНГУ “Хойд урсгал” хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт баривчлах зөвшөөрөл олгожээ. Германы Сайд нарын танхимын төлөөлөгч Стеффен Хебештрайт энэ талаар мэдэгдсэн байна.

Герман улс өмнө нь баривчилгаа явуулах нэг эрхийг Польшт өгсөн юм. Гэхдээ Польш хорлон сүйтгэх ажиллагаанд оролцсон сэжигтэн украин хүнийг шилжүүлэн өгөхөөс татгалзсан билээ. Der Spiegel-д мэдээлснээр хорлон сүйтгэх ажиллагааг Украины Зэвсэгт хүчний тусгай ажиллагааны хүчний офицер байсан Червинский гэх хүн тус улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч В.Залужныйн зөвшөөрлөөр явуулсан гэх. Украины Ерөнхийлөгч В.Зеленський хорлон сүйтгэх ажиллагааны талаар мэдээгүй байна. Тэгвэл Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто “Хийн хоолойд дэлбэрэлт болсон гэж нэрлэгддэг мөрдөн байцаалт нь ноцтой үйл явдал гэхээсээ илүү хошигнол шиг байна” гэж мэдэгдсэн. Харин Оросын Гадаад тагнуулын алба 2022 оны есдүгээр сард “Хойд урсгал”-ыг доголдуулсан энэхүү ажиллагааг “англосаксончуудын Европын эсрэг хийсэн эдийн засгийн дайны үйлдэл” гэж нэрлэжээ. ОХУ-ын Гадаад тагнуулын албаны хэвлэлийн албанаас “Бэлэн байгаа тагнуулын мэдээлэл нь хий дамжуулах хоолой руу хийсэн дайралт нь олон улсын хорлон сүйтгэх үйл ажиллагаа, англосаксончуудын Европын холбоотнууд, юуны түрүүнд Германы эсрэг хийсэн эдийн засгийн дайн болохыг тодорхой харуулж байна” гэж мэдээлжээ. Мөн террорист халдлага нь Европын эдийн засагт нөхөж баршгүй хохирол учруулсан гэж нэмж онцолсон байна.

Энэ мэдээллийн дараа “Хойд урсгал”-д дэлбэрэлт болсны ойн өмнөхөн АНУ болон Их Британи хорлон сүйтгэх ажиллагаа, түүнийг зохион байгуулагчдын жинхэнэ зорилгыг хамарсан мэдээллийн кампанит ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр эхлүүлсэн аж.

ОХУ-ын зүгээс дүгнэж буйгаар, энэ оны наймдугаар сараас хойш Вашингтон, Лондоны хяналтад байдаг бүтэц, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн Украины хэт даврагчид бие даан үйл ажиллагаа явуулж, халдлага үйлдсэн тухай мэдээлжээ. Ийм хувилбар нь шүүмжлэлд өртөхгүй байгаа ч Германы мөрдөн байцаах байгууллагуудад энэ мэдээлэл гол үүрэг гүйцэтгэсэн байж болох гэнэ.

Хууль эрхзүйтэй улс

ХБНГУ-ын Сайд нарын танхимын төлөөлөгч Стеффен Хебештрайт тус улс дээрх хэрэгт баривчлах эрх олгосон тухайд “Энэ бол хууль эрхзүйтэй улсад тохиолддог нийтлэг тохиолдол бөгөөд дүрэм журам байх ёстой. Бид хууль эрхзүйтэй улсад амьдарч байна. Хуулийн дагуух ажиллагааны төгсгөлд шүүхийн шийдвэр гардаг. Та бүхэн энэ шийдвэрийн дараа энэ талаар ярьж болно” гэжээ. Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч мөн Германы Ерөнхий прокурорын газар энэ хэргийг шалгаж байгааг дахин цохон тэмдэглэв.

Тэгвэл Оросын Төрийн Думын дарга Вячеслав Володин “Герман, Дани, Шведийн эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагаа тодорхой үр дүн авчирсангүй. Үүний зэрэгцээ ОХУ хэргийн явцтай танилцах эрхгүй байсан. Нотлох баримтыг нуун дарагдуулахын тулд шалгах үйл явцыг аль болох хойшлууллаа” гэж үзсэн байна. Түүний мэдээлснээр одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл ил болоогүй байгаа бөгөөд ОХУ бараг бүх хүсэлтээс татгалзсан аж.

Үүний зэрэгцээ эдийн засгийн онцгой бүсэд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан мөрдөн байцаалтын үр дүнгийн талаар Дани улс ОХУ-д мэдээлэхээс татгалзсан гэжээ. Дани улсад явуулсан мөрдөн байцаалтын үр дүнг Орост өгөөгүй ба энэ оны хоёрдугаар сард Данийн хууль сахиулах байгууллагууд мөрдөн байцаалтыг зогсоож, түүнийг үргэлжлүүлэх хангалттай үндэслэл байхгүй гэж үзсэн талаар Дани дахь Оросын Элчин сайдын яам мэдээлжээ.

Хийн хоолойд дэлбэрэлт болсны дараа Баруунд энэ асуудлаар нэг байр суурийг бий болгож эхэлсэн гэж Оросын хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд АНУ-ын зарим хэвлэл болсон явдалд Оросыг буруутгахыг ч оролдсон гэжээ. Тэгвэл хараат бус сэтгүүлч Сеймур Херш 2023 оны эхээр ажиллагааг Вашингтон үйлдсэн гэсэн мэдээлэл, баримтыг цуглуулсан аж. Бас хэвлэлүүд халдлагад Украиныг буруутай гэх баримтыг дэвшүүлсэн байна.

Мөрдөн шалгалтыг хошин шог гэв

Германы Канцлер Олаф Шольц есдүгээр сарын 14-нд хийн хоолойд болсон дэлбэрэлтийг хорлон сүйтгэх ажиллагаа гэж нэрлээд дэлбэрэлтэд буруутай хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэйг мэдэгдсэн юм. Шольц аюулгүй байдлын бүх алба, Холбооны прокурорын газарт хандан хэн нэгнийг харалгүйгээр мөрдөн шалгалт явуулахыг уриалаад ”Юу ч далд үлдэхгүй” хэмээн амласан билээ.

Тэгвэл ОХУ Германы эрх баригчид Прокурорын ерөнхий газрынхаа ур чадварын талаар чимээгүй хэвээр байна гэжээ. Бас ямар ч тайлбар өгдөггүй гэнэ. Дипломат шугамаар олон тооны давж заалдах, хууль зүйн туслалцаа авах хүсэлт явуулах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зэрэг олон улсын байгууллагын давж заалдах хүсэлт зэрэг нь хариултгүй хэвээр байгаа талаар Оросын талаас мэдээлэв.

Харин Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто ““Хойд урсгал”-ын дэлбэрэлтийн асуудлаарх мөрдөн байцаах ажиллагаа нь ноцтой үйл явдал биш харин хошин шог эсвэл эмгэнэлт явдал шиг харагдаж байна” гэжээ. Тэрбээр “Хоёр жилийн дараа хэн ч юу ч хэлээгүй, ноцтой мөрдөн байцаалт явуулаагүй нь аймшигтай юм. Үнэхээр ноцтой хэрэг, том мөрдөн байцаалт байсан бол одоо ямар нэгэн үр дүн гарах ёстой байсан. Энэ болж байгаа зүйл нь хөнгөмсөг байна. Ийм байх ёсгүй” гэж РИА Новости-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Халдлагын тухай шинэ мэдээллүүд

Үүнтэй зэрэгцэн Der Spiegel-д хийн хоолойн дэлбэрэлтийн асуудлаар шинэ мэдээллийг нийтэлжээ. Уг мэдээлэл Wall Street Journal-ын нийтэлсэн мэдээллээс зарим талаараа ялгаатай аж.

 

  • Der Spiegel В.Залужныйг “Хойд урсгал”-ыг дэлбэлэх ажиллагааг зохион байгуулагч гэж зарлав.

 

  • Хорлон сүйтгэх ажиллагаа явуулах төлөвлөгөө Украинд Оросын тусгай ажиллагаа эхлэхээс хэдэн жилийн өмнө “үүссэн” гэв.

 

  • Бөмбөг дэлбэлсэн бүлэг нь голдуу энгийн иргэдээс бүрджээ. Тус сонинд бичсэнээр хорлон сүйтгэгчдийн дунд нэг эмэгтэй байсан гэнэ. Украины Зэвсэгт хүчний тусгай ажиллагааны хүчний экс офицер Роман Червинский тэднийг удирдаж, ажиллагаанд бэлтгэжээ.

 

  • Мөн  Wall Street Journal өөрсдийн мөрдөн байцаалтын явцад халдлагад оролцсон бүлгийн гишүүдийг тодорхойлж чадсан гэж бичдэг ч Der Spiegel тэднийг тодруулах бодолгүй байна.

 

  • Халдлага үйлдэх төлөвлөгөөг тухайн үед Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байсан Валерий Залужный биечлэн баталсан гэжээ. Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч В.Зеленськийд мэдээлэл өгөөгүй гэв.

 

  • Хорлон сүйтгэх ажиллагааг хувийн хөрөнгөөр санхүүжүүлжээ. Энэ ажиллагаа нь бараг 300 мянган ам.долларын “үнэтэй”.

 

  • Тэгвэл АНУ хорлон сүйтгэх ажиллагааг хэрэгжихээс урьдчилан сэргийлэх гэж оролдсон боловч үр дүнд хүрээгүй гэж Der Spiegel тэмдэглэжээ.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алекей(66.181.160.33) 2024 оны 10 сарын 07

Хэнд дэлбэлэх хэрэгтэй байв? Мэдээж АНУ болон холбоотон улсуудад. Гэхдээ эсрэгээр холбоотон улсууд нь хохирол амссан нь харамсалтай. Иргэд нь байгалын хийг өмнөх уеэс дэндүү их үнээр авч байгаа нь АНУ-д ашигтайг хэзээ ойгох вэ? Дэндүү юмаа.…

1  |  0
(122.201.31.22) 2024 оны 10 сарын 05

Герман өөрсдийгөө хүнд байдалд оуулахгүй ард нь АНУс л бгаа

0  |  0
Зочин(59.153.113.228) 2024 оны 10 сарын 07

Америк дэлбэлсэн. Муу дээр муухай, муухай дээр улцан гэж муу Украйныг энэ Америк ёстой баас шээсээ болгож бна даа.

1  |  0
Жэнко(122.201.31.202) 2024 оны 10 сарын 04

Оросууд дэлбэлсэн шүү дээ новшнууд

0  |  0
Эрдэнэ (66.181.183.40) 2024 оны 10 сарын 02

Оросоос илүү Герман хохирч байна даа

0  |  0
Зочин (202.9.40.75) 2024 оны 10 сарын 04

Оросоос өөр хэн байхав дээ

1  |  0
Z(103.161.242.189) 2024 оны 10 сарын 04

Арчаагүй бандировчууд , нато , вропийн холбоо , өндөр хөгжилтэй гэгч үгүйрэн хоосорох цааш хөгжих хөгжил үгүй бологсод

3  |  3
Oogii(66.181.184.141) 2024 оны 10 сарын 01

Zuvshidee okei

1  |  0
хөгийн юумаа(124.158.107.231) 2024 оны 10 сарын 01

энд ямарч герман хүний үнэр алга

1  |  0
Top