Монголын Цахилгаан Холбоо гэж цагтаа “Холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг” байгууллага байв. Харин өдгөө, Б.Чинбат захирлын үед “Ойрыг холдуулж, хоёрыг салгадаг” байгууллага болоод байгааг хэрэглэгчид шүүмжлэх болжээ.
Б.Чинбат захирал хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар байнга шахуу “балбуулах” болсон нь үүнийг илтгэх байх. Нөгөө талаас салбар яамнаасаа удаа дараа банга хүртэж, сайдынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж чадахгүй явж байгаа нь давхар давхар бататгаж өгөх байх.
Ийнхүү “Монголын Цахилгаан Холбоо” компанид салбарын сайдын зүгээс удаа дараа зөрчил арилгуулах тухай шаардлага хүргүүлж байсан ч зөрчлүүдээ арилгаж байгаагүй аж. Тухайлбал, “Монголын Цахилгаан Холбоо” компанид хийсэн 2022 оны санхүүгийн аудит тайлангаар 18 алдаа зөрчилд акт тавьж, албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн ч биелүүлээгүй.
Мөн 2023 онд 29 алдаа зөрчилд акт тавьсныг биелүүлээгүй болон ажлын тайлан ирүүлээгүй. Төрийн хэмнэлтийн болон бусад хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд шаардлага хүргүүлсэн ч үл ойшоосон гэх зэрэг олон баримт миний өмнө байна.
Энэ мэт алдаа завхарлыг дурдаад барахгүй. Тэгэхээр зөвхөн нэг удаагийн тайлан сөхөхөд “Монголын Цахилгаан Холбоо” нь Б.Чинбатыг захирлаар томилогдсоноос хойш нэг ч удаа ашигтай ажиллаж үзээгүй. Жил бүр хэдэн тэрбумаар тоологдох алдагдалтай ажиллаж иржээ. Гэтэл алдагдалтай ажилладаг байж өнгөрөгч 2024 онд гэхэд 19 сая төгрөгөөр виски худалдаж авсан мэдээлэл бий. Энэ мэтээр алдагдлын ихэнх нь тансаглал, наргиа цэнгээнд зарцуулагддаг байхыг ч үгүйсгэхгүй баримт цөөнгүй байдаг.
Ахин нэгэн баримт сөхвөл “Монголын Цахилгаан Холбоо" компани 2022 оны эхний хагас жилд 2.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг. Эхний хагас жилийн алдагдал нь өмнөх оны мөн үеийнхээс 394 хувиар өссөн үзүүлэлт аж. Иймээс "Монголын Цахилгаан Холбоо" компанийн өрийн хэмжээ жилийн дотор 40.3 хувиар нэмэгджээ. Зөвхөн нэг оны хагас жилийн тайлан сөхөхөд ийм дүн харагдаж байгааг юу гэх вэ.
Тэгэхээр энэ байгууллага чухам яагаад ийм сул дорой ажиллаж байна гэхээр зарим эх сурвалж Б.Чинбат болон түүний ар талд бүлэг хүмүүс бий. Тэд “Монголын Цахилгаан Холбоо”-г хэргээр алдагдалтай ажиллуулж, дампууруулж байгаад хувьчлал нэрээр авах гэсэн санаархал байж магадгүй гэх хардлага. Энэ хардлага нь хувьцаа эзэмшигчдийн дунд ч нэгэнт бий болжээ.
Олон жил алдагдалтай ажиллаж ирсэн энэ компанийн алдагдал, Б.Чинбат захирлын алдаатай ажиллагаа, шуналын сэдлийг татвар төлөгч бид нөхсөөр байх уу гэдэг асуудал ч зүй ёсоор урган гарч ирнэ. Энэ мэт Төрийн өмчит компаниудын алдагдлыг цагийн цагт л татвар төлөгчид нөхөж ирсэн түүхтэй. Тэгэхээр холбогдох байгууллагууд энэ тал дээр анхаарах биз ээ.
Сэтгэгдэл ( 3 )
Улсаас санхүүждэггүй байгаа шүү. Жоохон мэдээлэл мэдлэгтэй сэтгүүлчтэй болмоор юм. Суга гэж
Тэр их архи виски авч байхад гүйлгээг хянадаг Сангийн яам юу харж байдаг вэ?
Шуудангийн хайрцагны хураамж 13200 байсныг 8 дахин нэмж 105600 болгосон байна. Энэ шийдвэрээ цуцал