“Монголын цахилгаан холбоо” компани олон жил алдагдалтай ажиллаж байгаа төдийгүй тус компанийн захирал Б.Чинбат нь Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдын зүгээс удаа дараа зөрчил арилгуулах тухай зөвлөмж, шаардлага хүргүүлж байсан ч зөрчлүүдээ арилгаж байгаагүй талаар бид өмнө баримт дэлгэж байсан билээ. Тэгвэл энэ удаад тус компанид 2023 онд хийж, 2024 онд тайлагнасан санхүүгийн аудитын тайлантай танилцсан юм. Аудитын тайлангийн эхний хуудсыг сөхөхөд л санхүүгийн зөрчил дүүрэн, Монгол Улсын олон хууль тогтоомж зөрчсөн нь харагдана. Олон хууль тогтоомж зөрчиж, санхүүгийн алдагдалтай ажиллаж байгаа компанид ямар нэг арга хэмжээ авахгүй удаж байгаа нь хэний ч анхаарлыг татна. Энэ хэрээр “Монголын цахилгаан холбоо” компанийн үнэ цэн өдрөөс өдөрт буурч, улам л алдагдал хүлээн хууль зөрчих нь ихэссэн байна.
Б.ЧИНБАТ ЗАХИРАЛ ОЛОН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИЖ, 200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ГАРГАЖЭЭ
“Монголын цахилгаан холбоо” компани материаллаг байдлын түвшнээс 15.678.9 сая төгрөгөөр давсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.1, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.2, 20 дугаар зүйлийн 20.2.4, 20.2.6, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасантай тус тус нийцээгүй, дээрх хуулийг зөрчсөн гэж үзжээ. Үүнийг аваад үзэхээр авлага өглөгийн үлдэгдлийн тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй 11.577.8 сая төгрөг, анхан шатны баримтын бүрдэл дутуу 4.113.5 сая төгрөг, орлогыг мөнгөн сууриар нь бүртгэж тайлагнасан 121.2 сая төгрөг, цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг зөрүүтэй бүртгэж тайлагнасан 72.4 сая төгрөг, ашиглаж байгаа бараа материал болон үндсэн хөрөнгийг нягтлан бодох бүртгэлд бүртгээгүй 0.9 сая төгрөгийн зөрчил тус тус илэрчээ.
ШААРДЛАГАГҮЙ БАРАА, МАТЕРИАЛ ХУДАЛДАН АВЧ НӨӨЦЛӨСНИЙГ ТОГТООСОН БАЙНА
Мөн тайлант хугацаанд 134.9 сая төгрөгийн бараа,, ажлыг босго үнэд багтаан долоон удаагийн гэрээ байгуулан шууд худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “захиалагч шууд худалдан авах, харьцуулалтын аргыг хэрэглэх зорилгоор батлагдсан төсөвт өртгийг хувааж худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Тиймээс бараа, ажил худалдан авахдаа босго үнэд багтаан гэрээг хуваасан зөрчлийг арилгаж, давтан гаргахгүй байх албан шаардлага хүргүүлж байжээ. Үүнээс гадна бараа материалын худалдан авалтын дүнд шинжилгээ хийхэд тайлант хугацаанд нийт 43 нэр төрлийн 38.4 сая төгрөгийн үлдэгдэлтэй бараа материалд 60.9 сая төгрөгийн бараа материалыг нэмж худалдан авчээ. Тайлант хугацаанд нийт 20.4 сая төгрөгийн бараа материалыг зарцуулсан нь оны эхний үлдэгдлээс 18.0 сая төгрөгөөр бага, бараа материалын тайлант хугацааны үлдэгдэл 3.437.9 сая төгрөгт хүрч, оны эхнээс 204.0 сая төгрөгөөр өссөн байна. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д “Нөөцлөх шаардлагатай бараа материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” КОМПАНИ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭЭ АШИГ ХУВААРИЛСАНГҮЙ
Засгийн газрын “Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчийн хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай” 2022 оны 244 дүгээр тогтоолоор “Монголын цахилгаан холбоо” компанийн 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй худалдахаар шийдвэрлэснийг, 2023 оны 382 дугаар тогтоолоор хувьцааны арилжааг 2023 оны дөрөвдүгээр улиралд зохион байгуулахаар өөрчлөлт оруулжээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны “Нэмж гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэх тухай” 2024 оны 44 дүгээр тогтоолоор нийтэд санал болгон нэмж гаргаж буй 11.249.855 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар тус бүрийг 500 төгрөгөөр нийтэд санал болгон худалдах зөвшөөрлийг олгосон байна. Гэтэл тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2023 оны 185 дугаар хурлын тогтоолын нэгд 2022 оны цэвэр ашиг болох 10.7 сая төгрөгөөс ашиг хуваарилахгүйгээр шийдэрлэж байжээ.
ӨДРӨӨС ӨДӨРТ ҮНЭ ЦЭН НЬ БУУРЧ БАЙГАА КОМПАНИ
Дашрамд тус компанийн тухайд хэдэн баримт дэлгээд үзье. Тус компанийн суурин утас, суурин интеренэт, кабелийн телевиз гэсэн үндсэн үйлчилгээний зах зээл дэх эзлэх хувь нь байнга буурч ирсэн үзүүлэлт бий. Өнөөдрийн байдлаар суурин утасны 25 хувь, суурин интеренэтийн 11.3 хувьд борлуулалт хийдэг судалгаа байгаа нь үнэ цэн нь унасныг харуулна. Уг нь тус компанид ашигтай ажиллаж байсан үе бий. Тухайлбал, 2009 онд 2.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 440 сая төгрөгийн ногдлол ашиг тараасан бол 2010 онд 1.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан одоогийн байдлаар жилээс жилд алдагдлын тоо өссөөр байна. "Монголын Цахилгаан Холбоо" компани 2022 онд буюу Б.Чинбатыг гүйцэтгэх захирлаар томилогсдон жилийн эхний хагас жилд 2.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Эхний хагас жилийн алдагдал нь өмнөх оны мөн үеийнхээс 394 хувиар өссөн байна. Тиймээс "Монголын Цахилгаан Холбоо" компанийн өрийн хэмжээ жилийн дотор 40.3 хувиар нэмэгдсэн аж.
ТӨСВӨӨР ТЭТГҮҮЛЖ ИРСЭН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ЗАХИРЛУУДЫГ ЯАХ ЁСТОЙ ВЭ
Төсвөөс тэтгүүлдэг Төрийн өмчит компаниудын дарга захирлуудын тоог цөөлөх нь бодлого, хэмнэлт талаасаа илүү үр дүнтэй. Баримт сөхөхөөр 100 гаруй төрийн өмчит компаниуд олонх нь он дамжсан өртэй, алдагдалтай ажилласаар ирсэн ч захирлууд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 50-80 дахин илүү цалин авдаг нь нууц биш. “Монголын цахилгаан холбоо” компанийг хувьчлах тухай яриа гарч, хувьчлах газруудын нэрсийн жагсаалтад оруулдаг ч өнөөдрийг хүртэл хувьчлаагүй байна. Магадгүй ямар нэгэн бүлэглэлийн эрх ашиг ч нуугдаж байхыг үгүйсгэхгүй.
Үргэлжлэл бий...
С.Баяр
Сэтгэгдэл ( 0 )