Хөшигийн хөндийг хуурай газрын боомт хот болгож өргөжүүлэх нь чухал

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 02

Улаанбаатар хотын 2030 оны ерөнхий төлөвлөгөөний талаар, нийслэлийн эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэх шийдэл, Хүннү смарт хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, бүсчлэл, тээвэр ложистик, дэд бүтцийн төслүүдийн хэрэгжилтийн явц, нийслэлийн гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр хангах, хүлэмжийн хийг бууруулах загвар төслийн технологийн шийдлийн танилцуулга, штабын өмнөх хуралдаануудын үүрэг, даалгаврын биелэлт болон цаг үеийн бусад асуудлыг Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штаб хэлэлцлээ.

Багахангай-Хөшигийн хөндий-Шувуун фабрик чиглэлийн салбар төмөр замын төслийн талаар ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулав.

102.5 км гол замын урттай уг бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд бүтээн байгуулалтад 110 орчим аж ахуйн нэгж, 2500 ажилтан оролцож, ирэх гуравдугаар сараас эхлүүлж таван сарын хугацаанд гүйцэтгэх аж. Уг төмөр замыг байгуулснаар Хөшигийн хөндийг түшиглэж байгуулах 150 мянган хүнтэй Хүннү смарт хотын дэд бүтцийг бий болгох, Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, ачаа тээврийн төв байгуулах зэрэг олон талын ач холбогдолтой учир Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл салбар төмөр замын энэ төслийг зайлшгүй шаардлагатай, маш чухал бүтээн байгуулалт учраас дэмжиж буйгаа илэрхийлээд ирээдүйд олох үр өгөөж ихтэй, эдийн засгийг тэлж, ажлын байр олноор бий болох учраас Хөшигийн хөндийг хуурай газрын боомт хот болгож өргөжүүлэх нь чухал гэдгийг онцлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu