Зурхайч Д.Сайнсайхан: Есөн настай хүүхдэд ОНЦГОЙЛОН засал хийлгэх шаардлагатай

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 26

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээгч модон могой жил айлчлан ирж байна. Энэ жилийн хувьд шинийн нэгэн тасарч буйгаараа онцлог бөгөөд сүсэгтэн олонд шинийн хоёрны өдөр зүг мөрөө хэрхэн гаргах тухай эргэлзээ төрсөөр буй. Энэ тухай Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхантай ярилцлаа. 

 

ЗҮГ, МӨР ГАРГАХ ТУХАЙД ХҮМҮҮС ТУЙЛШРАХ ХАНДЛАГАТАЙ БАЙДАГ 

 

-Модон могой жилийн хувьд шинийн нэгэн тасарч буй нь иргэдийн дунд зүг, мөрөө хэрхэн гаргах тухай эргэлзээ төрсөөр байна. Шинийн хоёрны өдөр зүгээ хэрхэн гаргаваас зохилтой вэ?

- Манай Төгс буянт шинэ зурхай сар болон нарны хөдөлгөөнийг хамтад нь авч явдаг зурхай байгаа юм. Тийм болохоор сар болон дэлхий хоёрын харилцаа хамаарлын үүднээс өдөр тасрах, давхардах зүйл нийтлэг тохиолддог. Энэ жилийн тухайд шинийн нэгэн тасарч байгаа. Шинийн хоёрон байлаа гээд зүг, мөр өөрчлөгдөнө гэх зүйл байхгүй. Монгол хүн билгээрээ гэж ярьдаг. Тиймээс жилийн эхэн гэдэг утгаараа зүг, мөрөө цог хийморийнхоо зүг гаргаад, буян хишгийнхээ зүгээс ирдэг уламжлалтай. Тэр уламжлалаараа шинийн хоёрондоо зүг, мөрөө гаргана. 

Зүг, мөр гаргах тухайд гэрийн эзэн мөрөө гаргасан тохиолдолд тухайн гэр бүлийн бүхий л гишүүд мөрөө гаргасантай дүйнэ хэмээн үздэг гэдэг. Мөн бүстэй хүүхэд нь зүг, мөрөө гаргачхад тухайн айлын бүх хүнд зүгээ гаргасантай адил гэж үзэж болдог. 

Хүмүүс зүг гаргах гэдгийг туйлширч ойлгох нь бий. Тухайлбал манайх байранд орохдоо аль зүгт авах вэ гэх зэргээр асуух би бий. Тиймээс зүг, мөрийн тухайд хэтрүүлж ойлгож болохгүй. Сайн зурхайчид шээх газар олдохгүй гэгчээр хэтэрсэн тохиолдолд мухар сүсэг тал руугаа орно. Тиймээс жилийн эхэн сардаа цог хийморийнхоо зүгт гарч тухайн жилийнхээ ажил үйлсийг сайн даатгаад цог хийморийнхоо зүг гарч, тухайн буян хишгээ гэртээ авч ирэхийн тулд буян хишгийнхээ зүгт ирдэг. Мөн хол газар явахдаа сайн зүгтээ эхэлж гардаг байсан уламжлалтай.

-Жилийн ерөнхий өнгөний тухайд? 

-Жилийн ерөнхий өнгө их сайн гарсан байгаа. Байгаль дэлхийн хувьд жилийн эхэн үед тариа ногоо элбэгтэй, хур тунадас арвин. Жилийн дундуур гандуу байх төлөвтэй байгаа тул газар тариалан, мал аж ахуй эрхлэгчид цаг агаарынхаа байдалд анхаарч байдаг. Нийгмийн байдлын хувьд залуус хичээснийхээ хэрээх үр шимээ хүртэж, төр засаг нь ард иргэдээ тэтгэнэ гэж буусан. 

 

 

33-НЫ МӨЧЛӨГИЙН ҮЕДЭЭ САЙН АНХААРЧ ЧАДВАЛ ХҮНИЙ АМЬДРАЛД МАШ ТОМ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ

 

-33-ны мөчлөгийн үеэр хүний амьдрал цаашид хэрхэх нь шийдэгддэг гэдэг. Энэ үеэр яавал зохилтой вэ?

-Энэхүү мөчлөг нь гүймиг гэдэг зүйлтэй холбоотой. Нийтдээ гурван гүймиг байдаг. Жилийн гүймиг, насны гүймиг, суудлын гүймиг гэх гурван гүймиг бий. 33-ны мөчлөг гэдэг зүйл нь суудлын гүймигтэй давхацдаг. Энэхүү суудлын гүймиг нь ямар учиртай вэ гэвэл эрэгтэй хүн эхээс төрөхдөө гал суудалд суусан байдаг бол эмэгтэй хүн усан суудалд төрдөг. 33-ны мөчлөг тохиох үед энэхүү суудалдаа эргэж суусан байдаг. Тиймээс үүнийг 33-ны эхийн хий гэж хэлж байгаа юм. Нөгөө талаараа хүмүүсийн амьдралын тал хувь нь 33-ны мөчлөг хүртэл яваад үлдсэн тал нь 33-ны мөчлөгөөс хойш шийдэгддэг байх талтай. Тиймээс энэхүү үеийг маш сайн анхаарч, хүн өөрийнхөө явдал мөр, үйлээ засаж, засал номыг хамтатган засаж чадвал энэ нь цаашид хүний амьдралд маш том боломж олгож болох нөлөө үзүүлдэг. 

Үүнийг тоолгүй явдал мөрөө замбараагүй байлгавал энэ мөчөөс эхлэн тухайн хүний амьдралд томоохон барцад, саад гарч ирээд байдаг. Үүнийг л 33-ны мөчлөг гэж нэрлээд байгаа юм. Үүн дээр залуучууд маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ жилийн тухайд 1993 оны тахиа жилтнүүдэд уг мөчлөг тохиож байна. 

-Модон могой жилийн тухайд өөр ямар жилтнүүд онцгой анхаарах шаардлагатай байна вэ? 

-Жилийн засал гэж нэрлээд буй нь яг юу юм бэ гэвэл гараг эрхсийн нөлөөлөл, орчлон ертөнц дээрх хүн амьтанд нөлөөлдөг нөлөөллийг зурхайн ухаан судлаад, тухайн мөчлөгүүд дээр тохиолдож болох эрсдэл зэрэг зүйлүүдийг дагаж ирж байгаа зүйлсийг засаж өгч байгааг засал гэж нэрлээд байгаа юм. Үүнийн засахад ганцхан номоор засна гэсэн үг биш. Номоор зөвхөн нэг талыг нь л засна. Ийм ийм ажил үйл хийхэд цээртэй шүү гэдгийн хэлж өгч буй зүйл юм. Зарим хүмүүс засал хийлгэхгүй олон жил явлаа, болж л байна гэдэг. Тэр бол байж болно. Яагаад гэвэл энэ ертөнц өөрөө шалтгаан нөхцлийн ертөнц. Нэг шалтгаантай, дөрөв, таван нөхцөлтэй байдаг. Зарим муу зүйлс тохиолдсон хүмүүсийг сонсоод байхад би заслаа хийлгээгүй учраас муу зүйл болчихлоо гэдэг. Тэгтэл энэ бүхэн заслаас болоогүй байсан ч гэсэн тухайн засал нь нэг нөхцөл нь байх байсан юм. Тэгэхээр тухайн хүн заслаа хийлгэсэн бол муу зүйл тохиохгүй байх боломжтой, муу зүйл тохиох нөхцөл бүрдэхгүй байх боломжтой байсан гэсэн үг. Үүнийг бид ойлгож байх хэрэгтэй. Тиймээс заслаа хийлгээд тухайн жилдээ цээрлэх зүйллээ анхаарч байх хэрэгтэй. 

 

ЕСӨН НАСТАЙ ХҮҮХДЭД ОНЦГОЙЛОН ЗАСАЛ ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ 

 

-Их харш жил, бага харш жил гэж ярьдаг. Эдгээр нь хүний амьдрал ямар нөлөө үзүүлдэг вэ? 

-Жил орох нь хүний амьдралд бас их том нөлөө үзүүлж байдаг. Энэ жилийн тухайтад гахай жилтэй хүмүүст их харш жил нь гарч байна. Хол газар явах, эрсдэлтэй зүйл хийх, нэн ялангуяа эрсдэлтэй зүйлс хийхэд өндөр эрсдэлтэй байдаг. Эдгээр дээр өөрийн зүгээс анхаараад их харш жилийнхээ заслыг бас хийлгэвэл сайн. 

-Бага насны хүүхдэд ном уншуулж, засал хийлгэх шаардлагатай байдаг уу?  

-Хий насаараа есөн наснаас дээш насны хүүхдүүдэд засал заавал хийх шаардлагатай. Гэхдээ хий насаараа есөн настай хүүхдэд хамгийн түрүүнд маш сайн засал хийлгэхгүй бол хүний амьдралд тохиолддог хамгийн том барцадтай хоёр нас байдаг юм. Нэг нь хий насаараа есөн нас бол нөгөөх нь 81 нас байдаг. Тиймээс есөн настай хүүхдүүдийг хамаагүй тоолгүй өнгөрүүлж болохгүй. Яагаад гэвэл миний түрүүн хэлсэнчлэн гурван гүймиг байдаг. Эдгээр гурваг гүймиг гурвуулаа энэ насны хүмүүст таарч байдаг. Тиймээс сайтар анхаарч байх шаардлагатай. Энэ жилийн тухайд 2017 онд төрсөн тахиа жилтэй эрэгтэй, эмэгтэй бүх хүүхдэд есөн насны заслыг хийлгэнэ. Хамгийн чухал нь тэр гүймиг засал буюу есөн нүхтэй төмрөөр засал хийлгэж зүүлгэдэг байсан. Биднийг бага байхад ч гэсэн бидний эцэг, эх ингэж л засал хийлгэдэг байсан. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu