Гандантэгчинлэн хийдийн зурхайч, гэвш Ч.Очирбатаас Сар шинэ болохтой холбоотойгоор дараах асуултад хариулт авлаа.
-Энэ удаа шинийн нэгэн тасарсан. Шинийн хоёронд мөр зүг гаргадаггүй, золгодоггүй гэх зэрэг зан үйлтэй холбоотой асуултууд иргэдэд байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Өмнө нь шинийн нэгэнд яаж шинэлж байсан бэ, тэр зан үйлээрээ л шинийн хоёронд золгож, зүг мөрөө гаргана. Ямар ч эх сурвалжид шинийн хоёронд золгохгүй гэсэн зүйл байхгүй. Урьд өмнө ч шинийн хоёронд цагаалж байсан тохиолдол гарч байсан. Цаашид ч зуугаад жилийн түүхэнд нэг, хоёр удаа тохиолдоно гэсэн судалгаа бий.
-Могой жилийн өнгө ямар байх вэ?
-Шороон үхрийн шинжээр жилийн өнгийг зурдаг аргачлал байдаг. Түүгээр бол залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөд биеэ энхрийлүүштэй гэсэн өнгөтэй жил гарч байгаа. Шороон үхэр дээр улаан, хөх, ногоон өнгө дийлэнх гарч байна. Ногоон толгойтой, эвэр, сүүл, чих цэнхэр, их бие улаан өнгөтэй тийм үхрийн шинж гарч байгаа. Түүгээр харвал зуны дунд сар, улирал бүрийн дундуур, жилийн дундуур бороо хур татранги маягийн жил болох шинжтэй.
-Улс төрийн хувьд яаж бууж байгаа бол?
-Залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөд биеэ энхрийлүүштэй гэж байгаа. Залуус гэдэг бол далд утгаараа дунд шатны албан хаагчид, нялхас гэдэг нь эгэл ард, өвгөд гэхээрээ төрийн өндөр албан тушаалтанг заадаг.
-Ямар жилтэнд анхаарууштай жил гарч байгаа вэ. Жил орж буй хүмүүс юу анхаарах вэ?
-Энэ жил гахай жилтэнд харш жил. Бар, бич жилтэй хүмүүс бага харшийн засалтай. Насдүршүмийн засал, гүмбийн засал, мэнгэний засал гээд олон төрлийн засал бий. Тухайн хүн ямар жил, мэнгэтэйгээсээ хамаараад тус тусын заслаа хийлгэнэ. Жил орж байгаа хүмүүс тухайн заслаа хийлгэнэ. Жил орох эрэгтэй хүн бол заслаа урьдчилж хийлгэж болно.
-33-ны мөчлөгийн талаар тайлбарлана уу?
-33-ны мөчлөг дээр бол эрэгтэй хүн гал дээр, эмэгтэй хүн усан дээр сууж байгаа. Энэ мөчлөг дээр суудлын гүймэг, лагшин махбодын гүймэг гэж хоёр янзын гүймэг орж ирдэг. Тэр хоёр гүймгийн заслыг голлож хийлгэх ёстой.
-Мөрөө яаж гаргах вэ?
-Зурхайд найман суудал гэж байна. Тэр суудлын аль нэгд тухайн хүн сууна. Тэгээд цог хийморийнхоо зүгт гараад буян хишгийнхээ зүгээс ирнэ. Шинийн хоёронд шинийн нэгэн шигээ мөрөө гаргана.
-Хар нохойн ам энэ жил аль зүгт байгаа вэ?
-Энэ жил хар нохойн ам урд зүгт таарч байгаа.
-Мөр гаргахад цог хийморийн зүг, буян хишгийн зүг нь энэ удаа хар нохойн аманд таарч байгаа хүмүүс хаашаа гарах вэ, хаанаас ирэх вэ?
-Энэ жил цог хийморийн зүг нь урд зүгт таарч байгаа хүн бол хий дээр суусан хүмүүс байгаа. Тэд урд зүгт гарч болохгүй. Тэд зүүн зүгт эмийн зүгтээ гараад буян хишгийн зүгээсээ ирнэ. Буцаж ирэх зүг нь хар нохойн аманд таарч байвал дөрвөн сайн зүгийнхээ нэгээс буцаж ирнэ. Дөрвөн сайн зүг гэдэг нь цог хийморь, буян хишиг, эм, амины зүг юм.
-Айл өрхөд заавал айлтгуулах ном гэж байдаг уу?
-Жилийн ерөнхий ноён нуруу гэж байдаг. Түүнд Алтанганжуур тэргүүтэй хөлгөн судрууд айлтгуулах нь сайн гэв.
Сэтгэгдэл ( 0 )