Тэргүүн хамба лам Д.Жавзандорж шинийн 8-ны өдөр айлдвар айлдана

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 26

МБШТ- Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл, ОНХА-ны дарга Ж.Одгарьд, зурхайч, гэвш П.Очирбат нар цагаан сарын баярын үеэр тус хийдэд зохион байгуулагдах хурал номын талаар мэдээлэл өглөө.

Цагаан сар бол Монгол түмний эртнээс уламжлан ирсэн, өв соёл шингэсэн эрхэм чухал баяр юм. Энэ баяраар ахмад буурлуудаа хүндэтгэн, тэдний сургааль, захиасыг сонсохын зэрэгцээ элэг бүтэн, энх амгалан байхын ерөөл талбиж ирсэн уламжлалтай. Түүнчлэн, бурхан шашинтны хувьд энэ баяр нь онцгой ач холбогдолтой гэж үздэг.

Гандантэгчэнлин хийд цагаан сарыг угтан хуучдын 27- 29-нд "Хуучин номын хурлыг хурж, сор залах зан үйлийг дэг жаягийн дагуу үйлдэж харин шинийн 1-15-ны хооронд их ерөөлийн хурал хурдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж шинийн 8-ны өдөр олон нийтэд зориулан айлдвар айлдах бөгөөд энэ нь хоёр хэсгээс бүрдэх юм. Эхний хэсэгт бурхан багшийн намтар, цадигийг айлдаж, дараагийн хэсэгт насны авшиг хүртээх бөгөөд бурханы шашны ёсонд насны авшиг хүртсэнээр нас уртасч, жаргалан нэмнэ хэмээн үздэг.

Мөн ирэх гуравдугаар сарын 16-ны өдөр Гандантэгчэнлин хийдийн дэд хамба С.Гантөмөр Бурхан багшийн айлдсан сургаал номлолын охь шимийг шингээсэн, хоосон чанарын чухал үзлийг тайлбарласан “Билгүүний зүрхэн судар” номыг айлдана.

Ирэх цагийн ээл, өршөөл буян арвижихуйн өлзийтэй сайхан өдрүүдэд олон нийт та бүхнийг Гандантэгчэнлин хийдэд морилон саатахыг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu