Гаалийн татвар нэвтрүүлсний хариуд Америкийн бараанд шууд тариф тогтоохгүй

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 03 сарын 13

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп гадаадаас нийлүүлэх ган болон хөнгөн цагаанд импортын гаалийн татвар нэвтрүүлсэнд Мексикийн эрх баригчид тариф тогтоох аргаар шууд хариу арга хэмжээ авахгүй гэж Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум мэдэгдсэн байна.

“Бид дотоодын ган болон хөнгөн цагаан үйлдвэрлэгчидтэйгээ уулзаж байгаа бөгөөд гаалийн татварыг дэлхийн бүх улстай харилцан нэвтрүүлэх тухай АНУ-ын засаг захиргаа зарлах ёстой дөрөвдүгээр сарын 2 хүртэл хүлээх бодолтой байна. Манай хоёр улс худалдааны хэлэлцээрийн талууд бөгөөд Мексикийн зүгээс АНУ-ын бараанд гаалийн ямар ч татвар нэвтрүүлээгүй болохоор АНУ харилцан тогтоох гаалийн татварыг манай улсын хувьд нэвтрүүлэхгүй байх хэмээн бид найдаж байгаа” гэж Мексикийн удирдагч хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэжээ. Харилцан байх зарчмын хүрээнд Мексик улс ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагатай эсэх нь дөрөвдүгээр сарын 2-нд тодорхой болно гэж Клаудиа Шейнбаум үзэж байна.

Гадаадаас АНУ-д нийлүүлэх ган болон хөнгөн цагаанд 25%-ийн импортын гаалийн татвар нэвтрүүлэх захирамжийг тус улсын ерөнхийлөгч Доналд Трамп хоёрдугаар сарын 10-нд гаргасан юм. Гуравдугаар сарын 12-нд хүчин төгөлдөр болох энэ шийдвэр нь Аргентин, Австрали, Бразил, Их Британи, Европын Холбооны орнууд, Канад, Мексик, Өмнөд Солонгос, Японоос нийлүүлэх ган, хөнгөн цагаанд хамаарах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top