Оюутан ахуйдаа сансрын нислэгийн хэвлэл, мэдээллийн төвд ажилласан минь

2025 оны 03 сарын 22

Монгол хүн сансарт ниссэний 44 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд МУИС-ийн Хэл бичгийн факультетийн оюутан ахуй цагтаа ангийн хоёр охины хамт ЗХУ-БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгийн Хэвлэл, мэдээллийн төвд цахилгаан мэдээний орчуулагчаар ажилласан дурсамжаасаа дэлгэж байна.

Монгол хүн сансарт ниссэн хөөр баяраар улс даяараа бялхаж, нийслэл, район, аймаг, сум, байгууллага бүр өглөө эртлэн цуглаан зохион байгуулж асан тэр өдөр. МУИС-ийн төв байрны өмнө, маршал Х.Чойбалсангийн хөшөөний дэргэд болсон сургуулийнхаа цуглаанд оролцоод ангидаа иртэл манай курсийн Б.Тогтохжаргал, Б.Оюунтогтох бид гурвыг декан дээр дууджээ. Анги удирдсан багш А.Е.Тугутова өөрөө ирж хэлснийг бодоход бид “Их том хэрэг тарьсан” бололтой. Бид гурав өөр өөр групп тул деканы үүдэнд цугларлаа. Хулгаж барин эмээсээр деканы өрөөнд ортол МАХН-ын Төв Хорооны ажилтан хэмээн өөрсдийгөө танилцуулсан хэдэн хүн, манай орчуулгын онолын багш н.Төмөр-Очирын хамт сууж байна. Бид гурвыг Сансрын хамтарсан нислэгийн Монгол дахь багийн Хэвлэл, мэдээллийн төвд орчуулагчаар ажиллуулна гэнэ. Ангидаа очоод ном дэвтрээ аваад, хичээлийн байрны нэгдүгээр давхарт хувцасны өлгүүрийн дэргэд байж байхыг үүрэгдлээ.

Хаалга хаах зуур араас “Сурлага, хүмүүжил, орчуулга хийх чадвар зэргийг нь харж судлаж авсан” гэх багш нарын яриа халти сонсогдов. Монгол Улс дахь ЗХУ-ын Элчин сайдын яамныхан Хэвлэлийн төвд байнга очиж байх юм гэнэ. “Их хариуцлагатай, хоёр орны харилцаа, сансрын нислэгтэй холбоотой ажил шүү” гэж багш захиж байна.

МАХН-ын Төв хорооны гэх мөнөөх хүмүүс биднийг одоогийн IT парк, “Өргөө-2” кинотеатр, тухайн үеийн Шинжлэх ухаан, мэдээллийн төвийн гуравдугаар давхарт дагуулж очлоо.

 Тэр үеийн тэмдэглэлийн дэвтрээ сөхөж үзвэл 312 дугаар өрөөнд Сансрын хамтарсан нислэгийн Хэвлэл, мэдээллийн төвийг байгуулжээ. Дэвтэртээ тэр төвийн бүрэлдэхүүнийг тэмдэглэж бичсэнээс харвал 12 хүнтэй байжээ.

МАХН-ын Төв Хорооны Үзэл суртлын хэлтсийн зааварлагч н.Балсан гэдэг хүн төвийг ахалж байв. Тэр цагийн МХЗЭ-ийн Төв Хорооны ажилтан Лувсандэндэв, тухайн үеийн гадаад мэдээний нэртэй тоймч нар болох МОНЦАМЭ агентлагийн Олон улсын тоймч, орчуулагч  Баатарчулуун, Нэмэхбаяр нар, "Улаанбаатарын мэдээ” сонины сэтгүүлч Лхагва, “Үнэн” сонины сэтгүүлч Батжаргал, “Хөдөлмөр” сонины сурвалжлагч Туяа, “Улаан-Од” сонины сурвалжлагч Чинбат, МАХН-ын Төв Хорооны Үзэл суртлын хэлтсийн ажилтан Булган нар дээр МУИС-ийн оюутан Д.Оюунцэцэг, Б.Тогтохжаргал, Б.Оюунтогтох нар нэмэгдэж нислэг эхэлсэн үеэс гуравдугаар сарын 31-ийг дуустал ажилласан юм. Бидний ажил өглөө үүрээр эхэлж заримдаа шөнө дөл болгож дуусна. Гэр ойрхон байсан тулдаа аав, ээж хоёр минь орой ээлжилж тосож авна.

Мөнөөх нэртэй тоймч, сэтгүүлчид маань өдөржин мэдээ, сурвалжилга, тойм бэлтгэж, тоймч Нэмэхбаяр гуай телевизийн Цаг үе-Мэдээллийн хөтөлбөрөөр /Одоогийн Цагийн хүрд/хамтарсан нислэгийн тоймоос ярина. Москва, Сансрын хотхонд ажиллаж байсан Монгол сэтгүүлчдийн багтай холбогдож шуурхай мэдээ авч дамжуулна.

Хичээлээсээ чөлөөлөгдөж лут том даалгавар хүлээсэн бид гурван оюутны хувьд өдөржин цахилгаан мэдээ орчуулах үүрэгтэй. Сэгсийсэн их цахилгаан мэдээ авчирч бидний өмнө хувааж тавина. Өдөрт 3-5 удаа бидний орчуулсныг МАХН-ын Төв Хорооныхон авч явна. Цааш нь ЗХУ, Монголын холбогдох хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд нь дамжуулдаг байсан гэдэг. “Та нарын орчуулсан мэдээ Монголын төдийгүй Зөвлөлтийн хэвлэлд гарч байгаа” хэмээн бидэнд хэлдэг байв. Өмнөх мэдээнийхээ дороос дөнгөж цухуйж аядаж байхад дахиад л авчирч овоолно. Өдөр бүр иймэрхүү аясаар өнгөрнө. Орой телевизийн мэдээний цагаар манай төвийн үйл ажиллагааг харуулна аа, бас. ЗХУ-ын Элчин сайдын яамныхан ирж байдалтай танилцана. Ажил ямар байгааг үзнэ. Томчууд маань сандарч байгаа үзэгдэвч гурван оюутны хувьд айх эмээхээ мэдэхгүй л дээ.

Өдөр бүрийн орчуулсан мэдээллээр хоног тутам шуурхай мэдээллийн товхимол гаргаж хэвлэснийг байгууллагуудад тарааж өгдөг байсан юм билээ. Аймаг, нийслэл, сум, нэгдэл, үйлдвэр, аж ахуйн газар бүр сансрын хамтарсан нислэгт зориулан төлөвлөгөө нормоо хэдэн хувиар давуулан биелүүлсэн, ямар ажил санаачилсан, хэн хэн гэдэг ажилчин ямар амжилт гаргасан, малчид төлөө хэдэн хувиар хүлээн авч, хэрхэн бойжуулж байгаа, мал сүргийн хаваржилтын байдал, тариаланчид хаврын тариалалтдаа яаж бэлтгэж, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж буй, оюутан сурагчид сурлага, хүмүүжилдээ ямар амжилт гаргасан, цэрэг дайчид зэвсэг техникийн бэлэн байдлаа хэрхэн хангаж, сурлага, хөдөлмөрийн ямар амжилт гаргасан гэсэн агуулгатай цахилгаан мэдээ хэдэн мянгаараа ирдэг байлаа.

Бид гурав түр амсхийх зуураа хоёрдугаар давхарт байсан цайны газар руу ухасхийж төмөр аягатай мөхөөлдөс авч амтархах дуртай байв. Төмөр аяган дотор цөцгийтэй, шоколадтай, жимстэй гурван төрлийн бөөрөнхий зайрмаг хийчихсэн, түүнийг авч идэхийн л бөөн хүслэн гурван оюутанд байж дээ. Түрхэн хөндийрөөд ирэх зуур ширээн дээр цахилгаан мэдээ овоорчихсон байдаг сан. Шөнө бараг түүнийгээ зүүдэлнэ ээ. Ийм маягаар оюутан ахуйдаа Сансрын хамтарсан нислэгийн хэвлэл, мэдээллийн төвд ажилласан бяцхан дурсамж бий. Хожим Сансрын нисэгч В.Жанибековтой 2010 онд Москвад, 2014 онд Улаанбаатарт нүүр учран ярилцаж дурсамжаа хуваалцах  завшаан тохиосон юм. Яагаад ч юм, Сансрын хамтарсан нислэгийн хэвлэлийн төвд ажиллаж байсан гурав хожмоо сэтгүүл зүйд хөл тавьсан билээ. Уг нь хэлний ангийн оюутнууд шүү дээ. Б.Тогтохжаргал өдгөө хүүхдийн “Цох” сэтгүүлийн эрхлэгч. Б.Оюунтогтох нэг үе МСНЭ-д ажиллаж байгаад сүүлд гадагш явсан байдаг. Хувь заяаны тохиол гэж ийм байдаг ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu