Цагтаа “Арсенал”-д тоглож явсан, эдүгээ SkySports-ийн эксперт Пол Мерсон “Ливерпүүл”-ийг чухал гурван тоглогчтойгоо гэрээгээ сунгаж чадахгүй байсаар дөрөвдүгээр сартай золгосныг эрүүгийн гэмт хэрэг гэж тодорхойлжээ.
Виржил Ван Дайк, Мохаммед Салах, Трент Александер-Арнольд гурвын гэрээний хугацаа зургаадугаар сард дуусгавар болох атал одоо хүртэл нэгийг нь ч сунгаж чадаагүй тул зун гэхэд гурвууланг үнэгүй өөр багт алдах эрсдэл тулгараад байгаа юм.
“Сүүлийн 8 юмуу 9 сарын турш би хэлсээр, үглэсээр өдийг хүрлээ. Одоо бол энэ гурвын аль нэг нь үлдэнэ гэж бодохгүй байна. Өдий хүртэл гэрээгээ сунгах бол сунгачихсан л байх учиртай. Яагаад сүүлийн 18 сарын турш долоо хоног бүр 80 мянган паундыг зүгээр алдаад суугаа юм бэ?
Гурвуулаа үлдэнэ гэж бодохын ч хэрэггүй боллоо. Хэрвээ “Ливерпүүл” амжилтаа ахиулж, ирэх улиралд аваргын төлөө өрсөлдөе гэж хүсч байгаа бол Ван Дайк, Салах, Александер-Арнольд гурвыг авч үлдэх хэрэгтэй. Гэхдээ Александер-Арнольд бол аль хэдийн явчихсан байх. Ийм тоглогчдыг явуулчихаар орлох хүн олдохгүй шүү. Чухал тоглогчдын гэрээг хэзээ ч сүүлийн 2-3 сар руу хүргэж болохгүй. Тэд гурвуулаа 33-34 настай байх юмуу эсвэл нэг ч клуб авах санал тавихгүй байвал гэрээг ингэтэл нь сунжруулж болох юм.
Гэрээг ингэтлээ удааж, одоо хүртэл ээдрээтэй, эрсдэлтэй хэвээр байлгана гэдэг хөлбөмбөгийн талаас нь хэлбэл эрүүгийн гэмт хэрэг. Дэлхийн хэмжээний гурван хөлбөмбөгчөө алдаад явуулчихад ойрхон боллоо. Энэ гурав гурвуулаа клубдээ нэг ч паундын орлого өгөлгүйгээр үнэгүй хүссэн өөр клуб рүүгээ явах нь байна шүү дээ” хэмээн Мерсон өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )