Де Брюйн гэртээ байхдаа ч мэдрэмжтэй "дамжуулалт" өгдөг 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 07


Хэдхэн хоногийн өмнө бельги хагас хамгаалагч Кевин Де Брюйн энэ зун гэрээгээ дуусгавар болгоод Английн “Манчестер Сити”-гээс явахаар шийдсэн тухайгаа сошиал хаягаараа дамжуулан зарласан.

33 настай хөлбөмбөгч 10 жилийг "Манчестер"-ийн клубт өнгөрүүлэхдээ Премьер лигийн аваргын цомыг 6 удаа, Холбооны цомыг 2 удаа, Лигийн цомыг 5 удаа, Английн Супер цомыг 2 удаа хүртсэний зэрэгцээ мөн Аваргуудын лигийн аварга болж, багийнхаа гол уураг тархи нь байсаар ирсэн.
 


“Манчестер Сити”-гийн төлөө 413 тоглолтод оролцохдоо 106 гоол оруулж, 174 гоолын дамжуулалт өгсөн Де Брюйнийг дасгалжуулагч Пеп Гвардиола биширдэг тухайгаа мэдэгдсэн юм.

“Баг бүрийн хүсдэг хөлбөмбөгч гэж байдаг. Кевин бол яг тийм тоглогч. Явна гэхээр хүмүүс цочирдож байгаа нь лавтай. Тэгэх тусмаа хүмүүс ямар гайхамшигтай тоглогч байсан юм бэ гэдгийг нь ойлгох болно. Одоо бид түүнд талархах л үлдсэн. Учир нь багийнхаа төлөө өөрийгөө бүрэн зориуллаа. Хоёр сарын дараа явах гэж буйг нь сонсоод гуниг төрлөө. Гэхдээ бид урагшаагаа л харах ёстой. Түүн шиг авъяаслаг хөлбөмбөгчийг олж авах хэцүү. Ийм амжилтад хүрэх бэрх. Ийм тоглогчийг орлуулж болшгүй. Ийм тоглогчийг явуулахад ч хэцүү. Энд ирсэн довmлогч бүр өөрийгөө нээн харуулж чадаж байсан нь Кевиний л ач” хэмээн Пеп Гвардиола өгүүлсэн юм.
 


Ийнхүү Де Брюйн явах болсон тухай мэдээ түгсний дараагаар түүний гоолын торгон мэдрэмжийн талаар хүмүүс ам уралдан магтах зуур эхнэр Мишель Лакраугийнх нь хэлсэн үг олныг хөгжөөгөөд амжлаа.

Хөлбөмбөгч маань зөвхөн талбай дээр бус бас гэртээ ч урьдчилан нарийн тооцсон мэдрэмжтэй дамжуулалт өгдөг гэнэ.
 


“Заримдаа би гэртээ хоолын ширээний ард сууж байхдаа “Хонгор минь, тэр салатыг дөхүүлээд өгөөч” гэж хэлэх гэдэг юм. Гэвч тэгж хэлэхээр ам нээхийн маань өмнө салатыг дамжуулаад өгчихдөг. Бусад нөхрүүдийн мэдэрдэггүй, хардаггүй зүйлсийг тэр урьтаж харж, мэдэрдэг юм” хэмээн эхнэр нь магтжээ. Де Брюйн, Мишель нар гурван хүүхэдтэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu