Европа лигийн шөвгийн наймын тоглолтууд боллоо. Английн “Манчестер Юнайтед”-ынхан Францын “Лион”-ы талбайд зочлоод, 2:2-оор тэнцээд буцав.
Энэ тоглолтод “Улаан чөтгөрүүд”-ийн алдсан хоёр гоолд камерун хаалгач Андре Онанаг шууд буруутгаж байна. Үүргээ тааруухан гүйцэтгэж буй хаалгач тус тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр “Бид “Лион”-оос хавьгүй хүчтэй. Одоо үүнийгээ л харуулах хэрэгтэй” гэж мэдэгдсэн юм. Энэ нь өрсөлдөгчөө басамжилсанд тооцогдож, “Лион”-ы фанатууд төдийгүй цагтаа Манчестерийн клубт тоглож явсан Неманья Матичийн эгдүүг хүргэж, хариуд хатуухан үгс хэлсэн юм.
“Би бүгдийг нь л хүндэлдэг. Гэхдээ “Манчестер Юнайтед”-ын түүхэн дэх хамгийн муу хаалгачдын нэг байж үгээ мэдэж яримаар юм. Хэрвээ Де Хеа, Шмейхель, Ван дер Сар нар ингэж хэлсэн бол би багтаа эргэлзэх л байлаа. Гэтэл статистик харвал “Юнайтед”-ын орчин цагийн түүхэн дэх хамгийн муу хаалгач байж хэлэх үгээ бодмоор санагдана. Тэгээд юу болохыг харж л байя” гэж Матич өгүүлсэн. Түүний ч дагуу болж, харж л байхад нь Онана хоёр ч алдаа гаргалаа.
Тоглолтын дараагаар “Манчестер Юнайтед”-ын домог Пол Скоулз камерун хаалгачийг эрс шүүмжилсэн байна. “Хоёр гоол хоёулаа Онанагийн алдаа. Эхнийх нь бүр ч том алдаа. Яг өөрийг нь чиглээд ирсэн бөмбөгийг тэгж урдаа ойлгож, нэмэх боломж өгнө гэдэг бол том алдаа. Хоёр дахь гоол дээр хоцорч үсэрснээсээ болоод хааж чадаагүй. Хэн нэгэн бөмбөгөнд хүрчих байх гэж хүлээж харсан нь алдаа болсон. Та бүхэн энэ хоёрын гоолын агшинг хэдэн ч удаа харлаа гэсэн хаалгачийн алдааг л олж харна” гэж Скоулз өгүүлсэн байна.
Андре Онанаг 2023 оны зун Италийн “Интер”-ээс 47 сая паундаар худалдан авсан ч Opta-гийн гаргасан үзүүлэлтээр бол 2003 оноос хойш “Манчестер Юнайтед”-ын хаалгачаар гарсан тоглогч бүрээс хаалтынхаа хувиар хамгийн муу нь байгаа юм. Премьер лигт л гэхэд нийтдээ 69 тоглолтод 99 гоол алдсан байна. Цохилтуудын 70.1 хувийг хааж, ердөө 18 тоглолтод л гоол алдалгүй дуусгажээ. Түүнээс муу үзүүлэлттэй ганц л хаалгач “Юнайтед”-д байсан нь Андерс Линдегард юм.
“Манчестер Юнайтед” энэ улиралд Премьер лигийн 13 дугаар байрт бичигдэж байна. Энэ нь Премьер лиг хэмээн шинэчлэн зохион байгуулснаас хойшх “Улаан чөтгөрүүд”-ийн хамгийн урагшгүй улирал болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
facking Onana
facking Onana
Хөөрхий Онана алдаа гаргасан байлаа ч МЮ угаасаа л урьдын МЮ биш болсон, болж байгаа нь болохгүй байгаагаасаа бага гэдгийг бүгд л мэдэж байгаа ш дээ, ганц хаалгач ч биш өнөө цагийн МЮ өөрөө түүхэн дэх хамгийн муу МЮ байгаа байх аа