Ямайкийн шигшээ болон Английн “Вест Хэм”-ийн довтлогч Мичэйл Антонио ганцаарчилсан бэлтгэлдээ гарчээ.
35 настай хөлбөмбөгч 2024 оны 12 дугаар сарын 7-нд 250 мянган паундын үнэтэй Ферраригаараа давхиж яваад, жолоо алдан замын хажуу орж, мод мөргөж осолдсон юм. Ослын газраас түүнийг нисдэг тэргээр яаралтай эмнэлэгт хүргэсэн тулдаа амийг нь аварсан гэдэг. Эмч нар болон аврах багийнхан хөлбөмбөгчөөс багийнх нь тухай, тоглолтынх нь талаар асуух зэргээр сэргээж, эмнэлэгт аваачсан юм.
Тэгвэл Антонио хөл дээрээ босож, аврагч нартай уулзаж баярласнаа илэрхийлжээ. “Та нар сэтгэл гарган шуурхай сайн ажиллаагүй бол би нас барах байсан. Та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа” хэмээн хэлээд, амийг нь аварсан ачтануудтай тэврэлджээ.
“Үхэлтэй ямар ойр очсоноо би ойлгосон. Гэрэл зургууд дээр буусан кадрууд бол юу ч биш. Бодит байдал дээр 10 дахин аймшигтай байсан шүү. Би мод мөргөснөө л санаж байгаа юм. Харин яагаад мөргөснөө санахгүй юм. Нэг мэдэхэд л хоёр сандлын хооронд хавчуулагдчихсан байсан. Энэ хугацаанд сэтгэл санаагаа өргөхийн тулд дасгал ч их хийлээ. Хөлөөрөө 130 кг-ыг шахаж бэлтгэл хийх боллоо. Одоо миний сэтгэл санаа маш өөдрөг болсон. Хоёр дахиа амьдарч буй хүн аргагүй. Эргээд хөлбөмбөгийн талбайдаа заавал гарах болно” хэмээн Антонио өгүүлсэн байна.
Одоо тэр эргээд талбайд гарахаар тэмүүлж байна. Улирлын дундуур ахлах дасгалжуулагч солигдож, Грэм Поттер ирсэн. Поттер одоогоор Антониод яг тоглуулна, гэрээг нь сунгана гэсэн амлалт өгөхөөс цааргалжээ.
“Өдрөөс өдөрт сайжирч байгаа. Гэхдээ одоогоор одоогоор бидэнтэй хамт биш ганцаарчилсан бэлтгэл хийнэ. Дараа нь бидэнтэй нэгдэх болно. Бие нь сайжирч, эргээд тоглох боломжтой болсонд нь их баяртай байна. Гэвч гэрээ сунгах эсэх асуудлыг би биш клубын удирдлага шийддэг. Тиймээс гэрээ сунгах эсэх тал дээр хариулт өгөх боломжгүй. Энэ талаар тодорхой ямар нэгэн шийдвэр гарвал би та бүхэнд дуулгах болно” гэж Грэм Поттер өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )