Роботыг марафонд анх удаа хүнтэй уралдууллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 21


Өнгөрсөн бямба гаригт өмнөд хөршийн нийслэлийн зам дээр анх удаагаа роботыг хагас-марафонд хүнтэй уралдуулжээ. Хүнтэй төстэй дүр төрх, хэлбэр галбиртай бүтээсэн 21 робот 21 километрийн зайд уралдахаар гарсан байна.
 


DroidVP, Noetix Robotics зэрэг Хятадын робот үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний өндөр нь янз бүр. Зарим нь 1.2 метр байхад дэргэд нь 1.8 метр өндөртэй байх жишээтэй. Уралдаанаас хэдэн долоо хоногийн өмнөөс роботоо туршиж байж замд гаргажээ.
 



“Роботууд их сайн, тогтвортой ажиллаж чадаж байна. Хиймэл оюун ухаан, роботын эрчимтэй хөгжлийг би харлаа” хэмээн үзэгчдийн дунд зогссон Хэ Сишү хэмээх нэгэн өгүүлжээ. Тэр өөрөө хиймэл оюун ухааны салбарт ажилладаг гэнэ. 21 роботтой мянга гаруй марафонч уралдсан байна. Анх удаагаа хүн робот хоёр 21 километрийн зайд уралдсан нь энэ.
 


Ялагчаар Бээжингийн Tiangong Ultra инноваци, роботын төвийн робот 2 цаг 40 минутын амжилтаар тодорчээ. Харин хүмүүсээс магнайд орсон нь 1 цаг 2 минут гүйжээ.

Tiangong Ultra-гийн техникийн ерөнхий захирал Тан Жан “Бид өөрсдийгөө дөвийлгөж байгаа юм биш шүү, гэхдээ барууны ямар ч робот биднийхийг гүйцэхгүй” гэсэн байна. Түрүүлсэн роботын зайг замд гурван удаа сольсон гэнэ.

Гэхдээ роботууд бүгд сайн гүйсэнгүй ээ. Зарим нь гараанаас гараад унаж, хэдэн минут хэвтээд босохгүй. Зарим нь бүдрэхэд удирдаж буй яваа хүн нь бас унаж бүтэлгүйтжээ.
 


Ийнхүү хятадууд роботыг хүнтэй уралдуулж үзсэн ч зарим мэргэжилтнүүд роботын үйлдвэрлэл сайн хөгжиж буйг уралдаанаар хэмжих боломжгүй гэж үзэж буйгаа ч хэлсэн байна.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu