Х.Цэнд-Аюуш: Бүх юмаа золиослоод ч болтугай энэ бүхний эсрэг зогсмоор байна!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 23

“Энэ хууль бус сонгуульд бидний мөн шигшээ багийн тамирчдын зургийг ингэж хамаагүй ашигламааргүй байна!!! гэх Х.Цэнд-Аюушийн постыг хараад түүнтэй ярилцахаар холбоо барилаа.

20 гаруй жил хөлбөмбөг тоглож яваа, шигшээ багийн ахлагчийн туузыг сүүлийн таван жил зүүж буй өнөө цагийн Монголын шилдэг тоглогчдын нэг бол Хүрэлбаатарын Цэнд-Аюуш. Харин яагаад олон анхаарлын тэмдэгтэй, бухимдуу пост оруулсныг асууж, цааш лавшруулан бодлыг нь сонсохоор яриагаа эхлэв.

-Өөрөө өчигдөр фэйсбүүк хаягтаа шигшээ багийн зургийг сонгуульд ашиглахаа болиоч гэсэн утгатай зураг, пост оруулсан байсан. Нэлээн бухимдаж дээ гэсэн бодол төрж байлаа...

-Үндэсний шигшээ багийн тамирчдын зургийг биднээс зөвшөөрөл авахгүйгээр өөрийнхөө сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байгаа байхгүй юу. Хөлбөмбөгийн тогоондоо байгаа хүмүүс бол биднийг Ц.Анандбазарын эсрэг гэдгийг мэдэх боловч жирийн хүмүүс мэдэхгүй болохоор шигшээ багийн тамирчид дэмжиж байгаа юм шиг ойлгогдохоор байгаа юм. Монголын хөлбөмбөг хэл амтай ямар байгаа билээ. Ц.Анандбазар гэдэг чинь өөрөө ямар хүн билээ. Зүгээр жирийн нэг хүн биш. Монголын сошиал ертөнцийг яаж донсолгож байсан билээ. Хүн бүхэн түүнийг мэднэ шүү дээ.

-Өөрөө хэдэн жил хөлбөмбөгч тоглож байгаа билээ?

-1999 оноос хойш гэхээр 20 гаруй жил болсон байна.

-Энэ хугацаанд Ц.Анандбазар гэдэг хүнийг Монголын хөлбөмбөгтэй холбоотой байсныг мэдэх үү?

-Би байтугай, надаас өмнө хөлбөмбөг тоглож байсан үеийнхэн ч мэдэхгүй. Энэ хүнийг би сошиал хуудаст гарч байсан дуулианаар нь л мэднэ. Бага тэнгэрийн аманд буюу өөрийнх нь гэж хэлж болох аманд хөлбөмбөгийн талбайтай. Тэр нь Сод Монголын талбай гэж явдаг. Тэнд нь клубүүд очоод бэлтгэл хийдэг. Тэр талбайг Ц.Анандбазар гэдэг хүний талбай юм байна гэдгээр нь мэднэ. Тэрнээс биш амьдралдаа нэг ч удаа ойроос харж үзээгүй, үг сольж үзээгүй. Гэнэт ийм хүн Монголын хөлбөмбөгт нэр дэвшээд ороод ирж буйд гайхаад байгаа юм.

-Яагаад Ц.Анандбазарыг ерөнхийлөгч болохыг эсэргүүцэж байгаа билээ. Эсвэл мөн өөр нэг нэр дэвшигч Б.Гарьдмагнайгийн талд үйлчлээд байна уу?

-Үгүй үгүй, миний хувьд энэ талд, тэр талд гэсэн ойлголт байхгүй. Ц.Анандбазарын энэ асуудлыг ярихаас өмнө өөр нэг юм хэлмээр байна. Яг ийм явдал 2015 онд бас үүсэж байсан. Талийгаач Б.Ганболдыг ерөнхийлөгч байхад Хөлбөмбөгийн Холбоо бандуулаад, дараагийн ерөнхийлөгчийг сонгох шаардлагатай болсон. Тэгэхэд хөлбөмбөгийнхөн үе үеэрээ зэрэг бослого хийгээд, бүгдээрээ зөв хүнийг дэмжих ёстой юм байна гээд хүчээ нэгтгэсэн ч тухайн үедээ мөн л адил хууль бус сонгууль болж, буруу хүн гарч ирсэн. Яагаад буруу гэж байгаа вэ гэхээр 2015-2025 оны хугацаанд Монголын хөлбөмбөг яаж хөгжсөн юм бэ? Хөгжсөн үү? гэдгээс харж болно. Магадгүй бүр 2015 оноос ч муудсан байж мэднэ. Лиг нь үзэгчгүй, шигшээ баг нь амжилтгүй. Сүүлдээ бүр Азийн Хөлбөмбөгийн Холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр бараг 10 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хэрнээ яагаад өнөөдөр 10 хэдэн тэрбумын өртэй болчихсон юм бэ? гэдэг нь хамгийн том асуудал. Энэ хугацаанд Хөлбөмбөгийн Холбоо ийм л юм хийсэн. Сая А.Ганбаатар ажлаа өгөхөд, түүний ажлыг М.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж гэх хүмүүс авсан. Гэтэл энэ хүмүүс саяхан мөнгө завшсан нь ил болоод ажлаа өгөөд зугтсан.

Тэр Т.Дагвадорж гэдэг хүн “Дэрэн” клубын захирал Чука ахын /Д.Мөнхчулуун/ талаар самбар гаргаж ирээд юм ярьсан. Үүнийхээ дараа Чука ах руу залгаад “Яах аргагүй ингэх шаардлагатай байсан юм, уучлаарай” гэж уучлалт гуйсан гэсэн. Энэ талаар Чука ах өөрөө подкаст дээр хэлсэн. Тэгтэл өчигдөр Т.Дагвадорж дахиад л нөгөө самбарынхаа өмнө зогсоод сонгуульд нэр дэвшиж байгаа Б.Гарьдмагнайгийн талаар гээд гараад ирж байгаа юм. Энэ бол дахиад л А.Ганбаатар, Ц.Анандбазар, Т.Дагвадорж гэдэг хүмүүс бол нийлж ажиллаад байгаа хэрэг. Өмнөх ерөнхийлөгчийнхөө асуудлыг гаргаж ирэхгүй, үргэлжлүүлээд ажиллаад явна гэсэн яриа байгаа юм шиг гэсэн хардлага байгаа. Т.Дагвадорж халагдсаныхаа дараа Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчийн өрөөнд ороод л сэйфнээс бичиг баримтуудыг дураараа орж аваад л, яг ажиллаж байгаа юм шиг гараад явж буй бичлэг хяналтын камерт бичигдсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр Монголын хөлбөмбөг яаж хөгжих юм бэ? Одоо л шинэ салхи оруулах ёстой болчихоод байна.

-Түрүүн асуусан. Өөрөө Б.Гарьдмагнайг дэмжиж буй болохоор ийм хандлага гаргаад байна уу гэж?

-Энэ бол Монгол улсын шигшээ багийн тамирчин Хүрэлбаатарын Цэнд-Аюуш миний л үзэл бодол. Тэрнээс биш би худалдагдаад байгаа хэрэг биш. Би сонгууль өгөх эрхтэй ч хүн биш. Ц.Анандбазар байгаа болохоор л би эсэргүүцээд байгаа юм. Тэрнээс биш дэмжиж байгаа хүнийхээ тухай л ярихыг хүснэ. Ц.Анандбазар нэр дэвшээгүй бол С.Жаргал, Ө.Алтай, Б.Гарьдмагнай гэдэг хүмүүсийн дунд эрх тэгш сонгууль болох магадлалтай. Миний бодол бол хэн ч ялсан Монголын хөлбөмбөгийг хөгжүүлээсэй л гэж хүсч байна. Тэр идэж уух нь дүүрч. Хөгжлөө нэгдүгээрт тавимаар байна.

-Ц.Анандбазар, сэтгүүлч Амараа хоёрын подкастыг үзсэн. Өөрөө үзсэн үү? Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Ц.Анандбазарын подкастыг үзэхэд сонирхоод байх юм байхгүй санагдсан. Тэр олон минутын подкастад нэг зүйлийг л асуугаагүй. Монголын хөлбөмбөгт та ямар үүрэг оролцоотой байсан бэ, та юу хийсэн бэ? гэж ерөөсөө асуугаагүй. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Монголын хөлбөмбөгт сүүлийн таван жилд оролцоотой байх ёстой гэсэн шалгуур байгаа шүү дээ. Гэвч тийм асуулт хариулт байхгүй нь инээдтэй, тавилттай юм шиг санагдсан. Яагаад Ц.Анандбазар гэдэг хүн өөрийнхөө хаягаар явуулахгүй, хэдхэн хоногийн өмнө нээсэн пэйж аккаунтаар подкаст хийгээд, түүн дээрээ өөрийгөө магтуулж яриад байгаа юм бол? Зөвхөн хөрөнгө мөнгө л ярихаас биш хөлбөмбөгийн хөгжлийг ярихгүй. Чингис цом хийнэ гэнэ үү, үлгэрийн юм ярьж байсан. Монголын хөлбөмбөг хөгжөөгүй байхад тэр Чингисийн цом хэрэгтэй юу, үгүй юу? Иймэрхүү асуудал байгаад байгаа юм.

-Монголын Хөлбөмбөгийн Холбоонд С.Монголжингоо гэж хүн байдаг тухай яриа гарсан. Б.Ганболдыг ерөнхийлөгч байхад байсан. Одоо ч байдаг гэж...Тэр ямар учиртай хүн бэ?

-Одоо хэдэн үе дамжиж буй ерөнхийлөгчдийн алтан түлхүүр нь байхгүй юу. Хамаг юмыг нь хийж гүйцэлдүүлдэг. Гадаад харилцааг хариуцдаг. Гадаад харилцааг хариуцахаар Холбооны төсөл хөтөлбөрийн дагуу орж ирж буй мөнгөтэй шууд харилцах эрхтэй. Орж ирсэн мөнгийг орж ирээгүй байна гэж хэлээд, төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж хэлдэг. Тэгтэл аудит ороод, нөгөө мөнгө өгсөн төслөө хэрэгжүүлсэн үү? гэхээр Техникийн хэлтэс нь мөнгө орж ирээгүй гээд төсөл хөтөлбөрийг цуцалсан гэдэг асуудал гарч байгаа юм. 

-Миний анзаарснаар бол Техникийн хэлтсийн хэсэг залуус нэгдээд ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадоржийг ажлаас нь гаргах гэсэн. Тэгээд түүгээр болсон. Одоо Техникийн хэлтсийнхэн бас цугтаа байгаа юу?

-Одоо бол Техникийн хэлтэс ч гэлгүй Холбооны дотоод аппарат дуу хоолойгоо илэрхийлээд эхэлсэн. Шүүгчийн хэлтэс, тэмцээн зохион байгуулах хэлтсийнхэн ч Ц.Анандбазарыг дэмжихгүй байгаа. Ер нь Ц.Анандбазарыг Монголын хөлбөмбөгийнхөн бол дэмжихгүй байгаа. Гэхдээ яахав ганц хоёр клуб бий. Нэг нь футзалны “Арвис” клуб. Энэ клуб бол ерөнхийлөгч асан А.Ганбаатарынх. Энэ клубээс Ц.Анандбазарыг нэр дэвшүүлсэн. Хэн дэмжиж байгаа вэ гэхээр “Сэлэнгэ Пресс”-ийн М.Болд, тэгээд бас Дархан Жагаа. Дархан Жагаа бол Холбооны 21 аймгийг атгадаг. Үйл ажиллагааг нь зохион байгуулж, идэвхжүүлэлтийг нь хийдэг. Зарим аймгийн Холбоог хөлбөмбөг мэдэхгүй хүмүүс тэргүүлж байдаг. Тэгэхээр Холбооны ерөнхийлөгчийн сонгуульд 52 хүн санал өгөх эрхтэй. Үүний 21 нь аймгийн холбоо. Мөн хөлбөмбөгийн 27 клуб бий. Энэ клубүүд бүгд нийлж Ц.Анандбазарын эсрэг зогсох нь бас эргэлзээтэй. Үүн дээр Ахмадын зөвлөл, Шүүгчдийн зөвлөл, Тэмцээн зохион байгуулах хэлтэс, Эмэгтэй хөлбөмбөг гээд санал өгөх эрхтэй. Тэрнээс 27 клуб санал өгөөд манайх ялах юм байна гэсэн юм байхгүй. Мөнгө хүчтэй гэдэг шиг. Үеийн үед мөнгөөр хэмжигдэж ирсэн. Миний сайн ах, үүнийг яг хэлнэ. Монгол улсын шигшээ багийн ахлагч байсан Д.Лхүмбэнгарав ах Увс аймгийн Хөлбөмбөгийн Холбоог удирдаж байхад мөнгө өгөөд л санал өгүүлсэн гэдгийг ярьдаг байхгүй юу.

 

-Өөрөө уг нь шигшээ багийн ахлагч шүү дээ. Сонгуульд санал өгөх эрхгүй юм уу?

-Эрхгүй, үүн дээр өөрчлөлт оруулъя гэхээр удирдах зөвлөл дээр очоод унаад байдаг юм.

-Сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт яаж оруулах уу?

-Миний санаагаар бол 21 аймаг тус тусдаа санал өгөх юм бол эрх тэгш сонгууль болохгүй. Тэгэхээр 21 аймгийг 5 бүсэд хуваая. Бүсүүд нийлээд санал өгдөг болъё. Тэгээд шигшээ багийн төлөөллийг оруулж ирж байж сая хүч тэнцүү, зөв сонгууль болно. Үнэн худлыг мэдэхгүй юм, гэхдээ миний сонссоноор бол Ц.Анандбазар одоо 21 аймгийнхантай уулзаад л яваа гэсэн. Ц.Анандбазар өөрөө хөлбөмбөгийн хүрээнийхнийг мэдэхгүй болохоор хэн нэгэн түүнд зуучилж, тус дэм болж, уулзуулж байна л гэж сонсогдсон. Яг өчигдөр болсон асуудал гэхэд өнгөрсөн улирлын лигийн өгөөгүй байсан мөнгөө аймгийн холбоод руу шилжүүлээд саналаа өгөөрэй гэсэн гэж байгаа юм. Ингэж өмнөх жилийн шагналын мөнгөний өрийг хааж байхгүй юу. Дэмжихгүй гэвэл шагналын мөнгийг нь өгөхгүй, сунжруулах гээд байна шүү дээ. 2015 онд 5 сая төгрөгөөр санал худалдаж авч байсан бол энэ жил 50 сая гэсэн яриа байна. Олны үг худал байдаггүй шүү дээ, тийм ээ.

-Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн бусад хүмүүсийн тухайд ямар бодолтой байна?

-Миний бодлоор бол Б.Гарьдмагнай, С.Жаргал хоёр хоёулаа Холбооны удирдах түвшинд байх ёстой. Холбооны ажилд хамгийн ойр оролцдог хүн бол ерөнхий нарийн бичгийн дарга. С.Жаргал бол хөлбөмбөгийн чиглэлээр гадаадад сургууль төгссөн, хөлбөмбөгийг яаж хөгжүүлэх вэ, Азийн буурай орнуудад ямар хүндрэл байдаг, яаж ажиллавал дараагийн шатанд гарах вэ, тэмцээн уралдааныг яаж явуулбал болох вэ гэдэг номын дууг сонссон хүн. Тэгэхээр би С.Жаргалыг ерөнхий нарийн бичгээр ажиллавал яг тохирох юм болов уу гэж боддог юм.

-Гэхдээ Б.Гарьдмагнай, С.Жаргал хоёр хоёулаа ерөнхийлөгчид нэр дэвшихээр саналаа хуваачих юм биш үү?

-Тийм ээ, би бас яг тэгж бодож байгаа. Хоёулаа нэр дэвшиж байгаа нь хохиролтой санагдсан. Болдогсон бол хоёулаа хүчээ нэгтгэвэл зөв юм шиг. Гэхдээ зүгээр нэг ангийн даргад өрсөлдөж байгаа биш, болдоггүй байх л даа. Ц.Анандбазарыг эсэргүүцэж буй хүмүүс энэ хоёр дээр саналаа хуваах магадлалтай.

 

-Одоо тэгээд Ц.Анандбазар ерөнхийлөгч болчихлоо гэж бодъё. Тэгвэл та нар яах уу?

-Тамирчдын холбоо, дээд лигийн 10, доод лигийн 16, нэгдүгээр лигийн 10, футзалын клубүүд, эмэгтэй лиг, эмэгтэй тамирчид гээд бүх тамирчдад бойкотлох л зам бий.

-Монголын хөлбөмбөгчдийг тэмцэх гэсэн ч нийлж нэгдэж чаддаггүй гэх яриа байдаг шүү дээ?

-Яг үнэн. Яагаад гэвэл бид ийм туршлагагүй. Ийм явдал жил болгон болоод байдаггүй. Анх удаа ийм байдалтай тулгарч байна л даа.

-Тамирчдын Холбоо хэдэн гишүүнтэй байна вэ?

-Дөрвөн жилийн өмнө байгуулагдсан. Нийт гишүүд гэвэл 110, 120 байгаа байх.

-Энэ тамирчид бойкотлоход бэлэн гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ зарим клуб тамирчдаа тэмцээнд оролц гэнэ. Яагаад гэвэл Ц.Анандбазарыг клубын эзэн нь дэмжиж, тоглохыг шаардана. Тэгэхээр тамирчин хүн эр зориг гаргаж, тоглохоос түдгэлзэж, татгалзаач л гэж уриалах байна. Зөвхөн өнөөгийн өөрийгөө биш ирээдүйн хөлбөмбөг, хөлбөмбөгчдийн төлөө эр зориг гаргаасай.

-“Улаанбаатар Сити”-гийн эзэн Г.Дашням нэр дэвших тухай дуулдсан ч хасагдчихлаа...

-Тийм ээ, нэр дэвшихээр нэрээ өгсөн ч бас л хууль бусаар цуцлаад, хасаад хаячихсан. Харамсалтай юм болсон. Г.Дашням орж ирсэн бол өрсөлдөөн улам сонирхолтой болох байсан. Гэвч цаагуураа хүчтэй өрсөлдөгчөө шалтаг төдийгөөр аваад хаячихаж байгаа байхгүй юу. Г.Дашням бол тамирчинг худалддаг, өндөр цалин олгодог системийг оруулж ирсэн хүн. Тамирчдадаа шууд машин, байр өгөөд л, өндөр цалинтай гэрээ хийгээд эхлэхээр бусад клубүүд дагаад тамирчдаа үнэлдэг болсон. Үүний ачаар Монголын Дээд лигт тоглож буй хөлбөмбөгч бүр цалинтай болсон. Г.Дашням бас л Хөлбөмбөгийн Холбооны удирдах зөвлөл биш шүү гэж хэлдэг. Одоо л гэхэд “Ховд Вестерн” гээд бор зүрхээрээ яваа, маш олон хүүхэд, тоглогчидтой, их идэвхтэй клубыг Холбооны гишүүн болгодоггүй, удирдах зөвлөл хүлээж авдаггүй. Энэ бас л булхай байхгүй юу.

-Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх 52 хүн дотор өмнө нь хөлбөмбөг тоглож байсан хүмүүс дийлэнх байгаа биз дээ?

-Бид итгэж байсан шүү дээ. Монголын Хөлбөмбөгийн Холбоо өмнө нь Хөлбөмбөгийг хөлбөмбөгчдөд гэдэг уриатай байсан. Удирдлагууд нь улс төрийн оролцоотой болохоор хөлбөмбөгчид аппаратанд нь ороод ажиллалаа ч гэсэн үнэнд гүйцэгдээд, ажлаасаа гарсан. С.Жаргал ч гарсан шүү дээ. Яг хөлбөмбөгийн чиглэлээр гадаадад сурч байгаа Болороо гээд эмэгтэй бас гарсан. Хуулийн хэлтэст байсан Хүслэнзаяа гээд хүн бас л гарсан. Удирдах зөвлөл нь бул чулуу болчихоод, ерөнхийлөгчийн оролцоотойгоор шийдээд байхад яагаад ч чадахгүй байгаа байхгүй юу.

-Ингээд сонсоод байхаар Холбооны ерөнхийлөгчийн суудал чинь хаан ширээ залгамжилдаг шиг нэг талаас л нэгнийгээ хамгаалж өмгөөлөх хүмүүс залгаад гарч ирээд байдаг шиг санагдахаар юм байна...

-Яг тийм байгаа биз. Ерөнхийлөгч хийж байгаад гарахдаа өөрийн хүнээ томилохыг хүснэ. Яагаад гэвэл асуудлаа дэлгүүлэхгүй гэж. Тэгээд дараагийн хүн нь гарч ирээд дахиад гарахдаа бас өөрийн хүнээ гаргаж ирнэ. Ингэхээр хөлбөмбөг хөгжихгүй байна. Гэтэл би бол хөлбөмбөгийн хөгжлийн төлөө гэсэн зорилго тавиад ажиллаасай л гэж хүсч байгаа байхгүй юу. Миний хүндэлдэг хүн Ц.Анандбазарыг дэмжээд явж байхыг хараад мэндлэхийг ч би хүсэхгүй байна. Бүх юмаа золиослоод ч болтугай би энэ бүхний эсрэг зогсмоор байна...

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагчтай хийсэн ярилцлагаа үүгээр өндөрлүүллээ. Х.Цэнд-Аюуш ярилцлагын дараагаар амь зуур хэлэхдээ “Монголын лигт тоглох ямар сайхан юм бэ? Цалин, хангамж ч сайн юм байна. Хөгжиж ч байна. Хөлбөмбөгч ах нар ч биеэ ямар зөв сайхан авч явдаг юм бэ. Энэ ах нар шиг хөлбөмбөгч болмоор байна гэж хүүхэд залуус бодоосой гэж би хүсдэг. Үүний төлөө дуугарч байгаа юм” гэснийг сүүлчийн өгүүлбэртээ шигтгэчихье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu