Жон Оби Микел: Абрамович “Хүсвэл би хэдэн хүн явуулчихъя” гэсэн

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 25


Английн “Челси”-д олон жилийн турш тоглосон нигери хагас хамгаалагч Жон Оби Микел 2018 онд ОХУ-д болсон ДАШТ-ий үеэр аавыг нь гэмт этгээдүүд барьцаалсан явдлын талаар ярьжээ.

“Орост болсон ДАШТ-д оролцож байх үеэр аавыг минь гэмт этгээдүүд барьцаалсан. Бид яг Аргентины шигшээтэй тоглохын өмнөхөн болсон явдал. Тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө ах маань залгаад “Аавыг барьцаалчихлаа” гэж хэллээ.

Аавыг өмнө нь нэг удаа барьцаалж, мөнгө нэхсэн удаатай. Харин энэ удаад барьцаалахад би амьдралынхаа бараг хамгийн чухал тоглолтод гарахаар бэлдэж таарсан. Ухаан санаа үймэрч, юу хийхээ ч мэдэхээ болилоо. Хувцасны өрөөнөөс ч гарч чадсангүй. Хэнд ч хэлье гэсэнгүй. Тэр өрөөнд ойролцоогоор 30 минут ганцаараа сууж билээ. Юу хийх вэ? Яах ёстой вэ? гэсэн бодол эргэлдэвч, яах ёстойгоо ч мэдэхгүй.

Тоглолтын дараагаар болсон явдлыг “Челси”-гийнхэн олоод сонсчихож. Роман Абрамович над руу утасдаад “Хэрвээ хүсвэл би хэдэн хүн явуулчихъя. Тэр хүмүүс аавыг чинь барьцаанаас суллаад аваад ирж чадна” гэж билээ. Яасан их итгэлтэй хэлж байна аа? Яаж чадах юм бол? гэж би бодсон.
 


Тэгсэн Абрамович “Санаа битгий зов. Хэрвээ миний хэрэг байвал зүгээр л хэлчих. Би чамд тусалж чадна” гэсэн” хэмээн Оби Микел дурсжээ.

Тэр ярианаас хойш хэдэн хоногийн дараа аавыг нь барьцаанаас сулласан байдаг. Харин Аргентины эсрэг тоглолтод Оби Микел Нигерийн шигшээ багийнхаа ахлагчийн үүргийг гүйцэтгэж талбайд гарсан юм. “Би багийн ахлагч. Эх орон, шигшээ багийнхаа төлөө би талбайд гарч, манлайлал үзүүлэх ёстой гэж бодсон. Тоглолтын явцад сэтгэл санаа хоёрдоод, хэд хэдэн удаа огих гэж буй мэт мэдрэмж төрж, дотор муухайрсан. Юуны тухай бодохоо ч мэдэхгүй л байлаа. Тоглолтоо юу, аавыгаа юу, эсвэл уйлж суугаа ээжийгээ юу? Гэр бүл, ах дүү нараа юу? Бүгдээрээ л тэгэхэд уйлж суусан байж таарна” гэж тэр хожим ярьсан байдаг.
 


Тоглолтын дараагаар Нигерийн Хөлбөмбөгийн Холбоо, “Челси” клуб, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд юу болсныг мэдэж, аавыг нь эрүүл энх авчрах талаар мэдээлэл цацаж, цагдаа нар ч ажиллаж, гэмт этгүүдтэй харилцаа тогтоон ярилцаж эхэлжээ.

Гэмт этгээдүүд Оби Микелийг аавтай нь яриулсан байна. “Хүү минь, эд нар надад буу тулгачихаад байна. Би чинь хөгшин хүн. Чиний аав ч гэлээ яахаа миний хүү өөрөө л шийд. Хоёрдахиа барьцаалагдчихлаа шүү дээ. Эд нар асар их хэмжээний мөнгө нэхэж байгаа. Тэгэхээр миний хүү л шийд” гэж аав нь хэлжээ.

“Мэдээж, би аавыгаа эсэн мэнд эргүүлэн авахыг хүсэлгүй яахав. Юу төлж, яаж авах нь хамаагүй. Аав минь гэртээ эргээд ирээсэй л гэж хүсч байсан” гэж нигери  хөлбөмбөгч ярьж байв. Гэмт этгээдүүд 30 мянган ам.доллар нэхэмжилсэн юм билээ.
 


Суллагдаж, гэртээ ирсэн аавыг нь хөх няц болтол зодож тамласан тул явж ч чадахгүй байж. Түүнийг хараад гэр бүлийнхэн маш их шаналж, өрөвдсөн гэдэг.

Дашрамд сонирхуулахад, сүүлийн мэдээгээр бол Роман Абрамович “Челси”-г зарсан үйл явцын талаараа тодорхой өгүүлсэн ном ирэх зун худалдаанд гарах гэнэ. Ника Пуревалагийн бичсэн “Sanctioned” хэмээх энэхүү номд еврей гаралтай ОХУ-ын тэрбумтан, намуухан дуут хэмээх Роман Абрамович хэрхэн Английн “Челси” клубын эрхээ шилжүүлж, тухайн үед юу болсон талаар анх удаа ам нээжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu