Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар 12 аймгийн 52 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 76 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Урьдчилсан байдлаар ойн 2791 га, хээрийн 691,998 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Дээрх ой, хээрийн гал түймрийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40.7%, сүүлийн 5 жилийн мөн үеийн дундажтай харьцуулахад 38% өссөн дүнтэй байна.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 271 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна. Түймрийн голомт руу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас 30 алба хаагч, 3 автомашинтай өнөө өглөө хөдөлгөөн үйлдсэн. Тус түймэрт урьдчилсан байдлаар Хушаат суманд 2 гэр, 3 өвөлжөө, нэг ковш өртөж, шатжээ.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ойн түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулж, хойд хэсэгт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийн нийт 150 хүн, 27 автомашинтайгаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 2 гэр, 10 өвөлжөө, 1 трактор өртсөн байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан ууланд гарсан түймрийн голомтод НОБГ-ын дарга хурандаа Г.Галбадрахаар ахлуулсан Онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын алба хаагчид ажиллаж, өчигдөр /2025.04.28/ 23:10 цагт цурманд оруулан, өнөөдөр /2025.04.29/ 10:30 цагт бүрэн унтраажээ.
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Онцгой байдлын нисдэг тэргийг сайд нар Булган явахдаа ашигласан эсэхийг тодруулаад хэлье
Булган аймагт өчигдөр болсон Хойд бүсийн зөвлөгөөнд Засгийн газрын гишүүд буюу сайд нар очиж оролцохдоо Онцгой байдлын хоёр нисдэг тэргийг унаж, ашигласан эсэх. Түүнээс болж түймэр гарсан онцгой бүсүүдэд зориулалтын нисдэг тэргийг ашиглаж чадаагүй тухайд УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс сэтгүүлчид тодруулахад “Улаанбаатарт салхитай байсан учир нислэг үйлдэх боломжгүй байсан. Сайд нар ашигласан эсэхийг тодруулаад эргээд хэлье” гэсэн тодорхойгүй хариулт өглөө
Сэтгэгдэл ( 0 )