Английн “Ньюкасл”-д долоон жилийг өнгөрүүлсэн аргентин хөлбөмбөгч Хонас Гутьеррес хотын төвийн Грэйгийн хөшөөний өмнө суун гитартай дуулжээ.
Одоо 41 настай Гутьеррес 2015 онд хорт хавдар туссан нь тогтоогдсоны дараахан “Шаазгайнууд” гэрээгээ сунгахгүй байхаар шийдэн явуулсан юм. Өвчин тусмагц нь явуулсанд нь дургүйцсэн хөлбөмбөгч шүүхэд хандан клубээс 2 сая паунд нэхэмжилж байлаа.
Тэгвэл тэр явдлаас хойш 10 жилийн дараагаар Ньюкасл хотын төвийг зорин ирж, тухлан суугаад гитараа тоглон “Миний хот, миний гэр. Хорди би, энэ хотод хайртай, энэ хүмүүст хайртай” хэмээн дуулахад таних нэг нь таньж, олонхи гайхсан шинжтэй харж өнгөрцгөөжээ.
“Энэ хөшөөний өмнө гитартай дуулах мөрөөдөл минь биеллээ. Миний төлөө хийсэн бүхэнд тань талархая, Ньюкасл” хэмээн интаграмдаа бичсэн байна.
“Ньюкасл”-ын доод лиг рүү унахад орхиж явалгүй, эргээд дээш гарч ирэхэд нь тус болсон тоглогчдын нэг бол хүн-аалз хочит Гутьеррес юм. Махруу, дайчин энэ хөлбөмбөгчийг “Шаазгайнууд”-ын фанатууд андахгүй.
“Өнөөдөр Гутьеррес төвд дуулж сууна. Энэ хүн бол жинхэнэ домог. Үүрд түүнийг санаж явах болно. Хүн-аалз минь эргээд гэртээ ирсэнд баярлалаа” гэж нэгэн фанат бичжээ. “Олон л түүх мэднэ. Гэхдээ олон жилийн дараагаар хуучин клубынхээ хотод ирээд гитартай тоглож, талархлаа илэрхийлдэг хөлбөмбөгчийн тухай сонсож байсангүй” хэмээн өөр нэгэн фанат өгүүлжээ. “Олон хүн чамайг огт танихгүй өнгөрнө. Гэхдээ чи бидний хувьд хайртай Хонас хэвээрээ л байх болно” гэж өөр нэгэн фанат тэмдэглэсэн байна.
Одоо Хонас Гутьеррес Аргентиндаа тоглож байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )