Тамирчид, тэр дундаа элит зэрэглэлийн тамирчид ч гэсэн жирийн хүмүүсийн адил хааяа тохиолдлын нэг удаагийн хавьталд ордог. Гэхдээ хэнтэй үнсэлцэж, хэнтэй нэг шөнийг хамт өнгөрүүлж буйгаа мэдэж, сэрэмжилж, утасных нь дугаарыг ч болтугай авч үлдэж байхыг экспертүүд сануулсан байна.
Нэг удаагийн хавьтлын уршгаар бие организмд нь допингийн төрлийн бодис “орж”, улмаар хэдэн сар, жилээр тэмцээнд оролцох эрхээ хасуулах магадлалтай гэнэ.
Дэлхийн тэргүүн теннисчин Янник Синнерийн допингийн хэрэг дээр ажилласан спортоор дагнасан хуульч Марк Хоуэлл энэ сэдвийг хөндсөн байна. Хоуэллийн өгүүлснээр бол Францын теннисчин Ришар Гаскэ шөнийн клубт нэгэн эмэгтэйтэй үнсэлцсэн нь допингийн шинжилгээнд бүдрэхэд хүргэжээ. Гаскэ шинжилгээ нь эерэг гарсны дараагаар өнөөх тохиолдлын бүсгүйг олж, мэдүүлэг авахуулж чадсан байна. “Тийм ээ, би хар тамхинд донтогч. Хар тамхи байнга хэрэглэдэг. Тэр шөнө үнссэн нь ч үнэн” гэж бүсгүй мэдүүлсэн байна. “Гаскэ азтай тулдаа бүсгүйг олсон. Тэрнээс биш тохиолдлын бүсгүйг эргээд олох аргагүй шүү дээ” гэж Хоуэлл өгүүлжээ. Тиймээс утасных нь дугаарыг тэмдэглэж авч байхыг зөвлөсөн байна.
АНУ-ын Допингийн Эсрэг агентлагийн тэргүүн Трэвис Тайгарт энэхүү сэдвийг дэмжин, Хоуэллийн ярианд үнэний мөр байгааг дурджээ. Тухайлбал, 2020 онд АНУ-ын боксчин бүсгүй Виржиниа Фүкс допингийн шинжилгээнд унасан. Гэхдээ допингийн бодис хавьтсан эрээс нь буюу бэлгийн замаар халдаж, биед нь шингэж орсон гэж үзсэнийг дурджээ. “Тохиолдлын ч гэлээ харьцаанд орохдоо хэнтэй үнсэлцэж байгаа, хэнтэй дотно байгаагаа сайн магадлаж, мэдэж байх хэрэгтэй” гэж Тайгарт мэдэгдсэн байна.
“Бүх хариуцлага, шүүмжлэлийг тамирчид л үүрдэг. Ийм тохиолдлын замаар санаандгүйгээр допингтой гарч буй тамирчдыг хамгаалах тал дээр Допингийн эсрэг байгууллагууд бас ажиллах ёстой. Магадгүй санаатайгаар ч халдааж болно шүү дээ. Шөнийн цэнгээний газар үнсэлцээд өнгөрөх зуур л халдаж, биед нь шингэж буй зүйлийн учрыг олох гэж маш их хэмжээний мөнгө, цаг хугацаа зарцуулах нь салхинд хийсгэж буйтай адил” гэж мөн Тайгарт өгүүлжээ.
Тайгартын өгүүлснээр бол Дэвин Хэйнитэй хийсэн тулааны дараагаар Райан Гарсиагаас гарсан остарин ч ийм замаар биед нь шингэсэн байж болох гэнэ. Гарсиа допинг хэрэглээгүй гэж мэдэгдсэн ч нэг жил тэмцээнд оролцох эрхгүй болгосон шийдвэрийг хүлээн авсан юм. “Маш бага тунгаар, мэдэгдэхүйц төдий илэрч буй бодисуудын талаар бид ярьж байна. Жишээ нь, клостебол бол бэлгийн харилцаагаар дамжиж болдог. Остарин ч мөн адил” гэж Тайгарт мэдэгджээ.
Клостеболыг дурдаж буйн учир нь Янник Синнерээс илэрсэн юм. Үүний улмаас тэмцээнд оролцох эрхээ гурван сараар хасуулсан хугацаа нь мөдхөн дуусгавар болж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )