Спортод допинг хэрэглэхийн эсрэг Ази, Номхон далайн орнуудын уулзалт эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 01-ний өдөр Дэлхийн допингийн эсрэг байгууллагын “Спортод допинг хэрэглэхийн эсрэг Ази, Номхон далайн орнуудын сайд нарын 21 дүгээр удаагийн уулзалт” эхэллээ. Тус уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсын холбогдох байгууллагуудын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байна.

​Энэ удаагийн сайд нарын уулзалтад 42 улсын 200 гаруй төлөөлөгч оролцож байна. Уулзалтаар төлөөлөгчид 2025 онд баталсан “Допингийн асуудлыг улс төржилтөөс ангид байлган, сэргээш дэмжсэн спортын арга хэмжээг дэмжихгүйгээр 2027 оны шинэ дүрмийг амжилттай нэвтрүүлэх тухай” Дубайн тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж байгаа юм. Мөн Дэлхийн допингийн эсрэг байгууллагын 2027 оноос хэрэгжиж эхлэх шинэ дүрэм болон олон улсын стандартыг хэрэгжүүлэхэд улс орнуудын Засгийн газрын хүлээх үүрэг, оролцооны талаар харилцан санал солилцож байна.

​Түүнчлэн спортод допинг хэрэглэхийн эсрэг Засгийн газруудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, олон улсын болон дотоодын оролцогч талуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог эрчимжүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа бөгөөд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх холбогдох шийдвэрүүдийг гаргах аж.

​Монгол Улс нь 2002 онд Допингийн эсрэг олон улсын конвенцод нэгдэн орсон бөгөөд үүнээс хойш Дэлхийн допингийн эсрэг конвенцын хэрэгжилтийг хангах чиглэлээр төр, засгийн түвшинд идэвхтэй ажиллаж ирсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top