Европа лиг болон Конференц лигийн шөвгийн дөрвийн дөрвөн тоглолт өчигдөр шөнө боллоо. Английн гурван баг энэ тоглолтоос хожил авлаа.
Испанийн “Атлетик Бильбао”-г Английн “Манчестер Юнайтед” талбайд нь 0:3-аар хожиход Каземиро нэг гоол Бруно Фернандеш дубль хийсэн. Тэгвэл Каземирогийн гоолыг бүтээсэн хүнийг Харри Магуайр гэж “Улаан чөтгөрүүд”-ийн фанатууд магтаж эхэлжээ.
Удаан хугацааны турш өрсөлдөгч багийн фанатуудын доромж үг, тавлалт, дарамт дор байсан ч гэлээ Харри Магуайр ажралгүй өнгөрүүлж, өчигдөр бүр чухал гоолын довтолгооны эхлэлийг жигүүрээс тавьсан юм.
Арагшаагаа эргээд амархан бас аюулгүй дамжуулалт өгч болохоор байрлалд арагш, урагш ээлжлэн дарснаа хөөргөж дамжуулсан нь Мануэль Угартэгаар дамжин, Каземирод очиж, гоол болсон. Үүний өмнөх тоглолтод ч гэсэн Харри Магуайрыг Рубен Аморим төвийн довтлогчоор томилоход маш чухал хожлын гоолыг Францын “Лион”-ы хаалганд оруулж, шөвгийн дөрөвт бага гаргасан юм.
“Улаан чөтгөрүүд”-ийн фанатууд нэг талдаа наргиа маягаар, нөгөө талдаа бахархсан шинжтэйгээр “Магуайр уу, Ямаль уу?” хэмээн бичиж эхэлжээ. Энэ нь энэ жилийн “Алтан бөмбөг” шагналыг энэ хоёрын хэн нь авах вэ? гэсэн хөнгөхөн егөө байлаа.
Мөн өөр нэгэн фанат “Харри Магуайр бол миний төвийн хамгаалагч, миний төвийн довтлогч одоо бас миний жигүүрийн хагас хамгаалагч” хэмээн бичжээ. “Магуайр жигүүрт яг Роналдиньо шиг тоглож байна” гэж нэгэн өгүүлсэн бол “Гарначогийн бүтэн улирлын турш жигүүрт үзүүлээгүй тоглолтыг Магуайр харууллаа” гэж өөр нэгэн тэмдэглэжээ. Хөлбөмбөгчөөс өөрөөс нь сэтгүүлч жигүүрээр гүйж дамжуулсан агшны тухай асуухад “Бага зэрэг урагш гүйж, дамжуулалт өгөх сайхан байлаа. Өрсөлдөгчийн торгуулийн талбайд манай олон тоглогч орчихсон харагдсан. Энэ нь хөндлөн дамжуулалт өгч чадна гэж надад итгэснийх гэж бодсон шүү. Каземирог гоол оруулахыг харах сайхан ч байлаа. Ер нь гоолын тэр мөргөлт л гол нь шүү дээ” гэж Магуайр даруухан хэлжээ.
TNT Sports-ийн сэтгүүлч болсон явдлыг дүгнэхдээ “Харридиньо” гэж нэрлэж хүртэл үзсэн байна. Үүнийг сонссон Магуайр “Би ч тамтаггүй олон хочтой хүн дээ. Гэхдээ нэр хоч өгч л байг. Миний хувьд гол нь хожил байлаа. Хоёрдугаар үед манайхан дөрөв дэх гоолоо оруулж болохоор л байсан. Гэхдээ л сайхан хожлоо” гэжээ.
Дасгалжуулагч Рубен Аморимд гэнэт сайн жигүүрийн хагас хамгаалагчтай болчихлоо гэж сэтгүүлч наргиа хийхэд “Тийм ээ, сайн жигүүр шүү” гээд жуумалзсан юм. “Харрид хэцүү үе тулгарч байсан. Харин одоо бол үйлдэл, шийдвэр бүр нь багтай ашигтай байна. Тиймээс энэ мөчөөсөө таашаал аваг” хэмээн өгүүлсэн юм.
Магуайраас ахлагчийн туузыг авсан Бруно Фернандеш ч наргиа хийхээ мартсангүй. “Би шууд очоод л “Ямар лаг жигүүр вэ, чи” гэж хэлсэн. Үнэндээ Харри өөрөө ч ингэж тоглож болно гэж бодоогүй явсан байх. Өрсөлдөгч бол бүр төсөөлөө ч үгүй. Одоо Харри өөртөө илүү их итгэлтэй болсон нь ойлгомжтой. Хэцүү өдрүүдийг ардаа үлдээж, бүх юм жигдрээд сайхан болж байна. Гоол оруулаад эхэллээ. Хамгаалалтандаа ч сайн байна. Ер нь жинхэнэ эр хүн шүү дээ” гэж Бруно Фернандеш үнэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )