АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхол Украинд байгааг харуулахыг эрмэлзэж байгаа ажээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 02

Ашигт малтмал хамтран ашиглах тухай АНУ-Украины хэлэлцээр байгуулснаараа АНУ-ын засаг захиргаа тус улсын эдийн засгийн ашиг сонирхол Украинд байгааг харуулахыг эрмэлзэж байгаа юм гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент лхагва гарагт телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

“АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Орос болон Украин яриа хэлэлцээ хийж эхлээсэй гэж хүсэж байгаа бөгөөд АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхол Украинд байгааг харуулж байна. АНУ-Украины хэлэлцээр нь Оросын удирдлагад дохио өгөхийн зэрэгцээ Америкийн иргэдийн хувьд Украинд зориулж гаргасан хөрөнгө, үзүүлсэн цэргийн тусламжийн нөхөн төлбөрийг АНУ авах боломж бүрдлээ гэсэн дохио болох юм” гэж Скотт Бессент хэлжээ.

Уг хэлэлцээрийн дагуу байгуулах хоёр талын хөрөнгө оруулалтын санд Украин улс шинэ түрээс болон шинэ газруудад ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгохоос олох нийт орлогынхоо 50%-ийг төвлөрүүлэх тухай Украины тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засгийн сайд Юлия Свириденко лхагва гарагт мэдээлсэн байна. Сангийн удирдлагад АНУ, Украины эрх баригчид саналын тэнцүү эрхтэй оролцох ажээ.

Хэлэлцээрт АНУ-д төлөх Украины өр төлбөрийн тухай заалт тусгаагүй юм байна. Уг гэрээ нь Украины нутаг дэвсгэр дэх бүх ашигт малтмал, тэдгээрийн дотор газрын тос, байгалийн хийг хамтран ашиглах асуудлыг л зохицуулах аж. Ингэхдээ "Укрнафта", "Энергоатом" зэрэг төрийн өмчийн олборлох болон боловсруулах компаниуд Украины өмчлөлд үлдэх гэнэ. Эхний 10 жилд тус сан нь ногдол ашиг хуваарилахгүй бөгөөд бүх орлогоо эргээд Украинд хөрөнгө оруулахад зориулах ажээ. Хөрөнгө оруулалтыг ашигт малтмал олборлох, боловсруулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu