Коул Палмер нэгдүгээр сарын 14-нөөс хойш гоолын ган гачигт нэрвэгдэж, шүүмжлэлийн бай болчихоод байсан бол өчигдөр “Ливерпүүл”-ийг хожиход гоол хийж, сэтгүүлчдийн асуултад хариулах үгтэй боллоо.
Дөрвөн сар орчмын хугацаанд сошиалаар нүдүүлж, гоочлуулсан залуу “Дөрвөн сар гоолгүй гэсэн үү? Хөгийн юм тохиолдож л байдаг шүү дээ...Ингэх тусам нь улам илүү хүчтэй тэмцэх ёстой болдог. Зөвхөн өөрийнхөө төлөө ч бус багийнхаа төлөө тэмцэх хүчийг нэмдэг.
Манай энэ үед сошиалоор дүүрэн тэнэгүүд, троллууд, хачин хүмүүс шавчихсан. Би тэднийг тоодоггүй юм. Өнөөдөр гоол оруулсандаа баяртай байгаа ч өөр дахиад илүү сайжрах хэрэгтэй. Ер нь тэгээд гоолын боломжоо алдана гэдэг багаа хөөдөж буй хэрэг. Тэглээ ч гэсэн сэтгэл санаа өөдрөг байж, тэвдэж сандарсан юм надад байхгүй шүү. Хүмүүс юу ч ярилаа гэсэн надад нөлөөлөөгүй. Би өсөхөөсөө л өөрийнхөөрөө байсаар ирсэн.
Багтаа тусалбал бахархаж, үгүй бол баяртай байж чаддаггүй. Өнөөдөр би өөрийнхөөрөө л байлаа. Өөртөө итгэлтэй, аль болох сэтгэж, сэдэж бодож тоглохыг хичээлээ. Нэгээр дамжуулж, нээгдэж, урагш довтлохыг зорилоо. Мойзес Кайседо шиг хамтрагчтай байхад санаа зоволтгүй чөлөөтэй тоглож болдог нь сайхан юм” хэмээн Коул Палмер өгүүлжээ.
“Челси”-гийн дасгалжуулагч Энцо Мареска хэдэн сарын турш гоол оруулаагүй тоглогчийнхоо талаар ярихдаа “Сэтгэлзүйн асуудал байх шиг байна” гэж өмнө нь хэлж байсан бол энэ удаад огт өөрчлөгдөөгүй гэжээ.
“Бид өдөр бүр бэлтгэл дээр Палмерийг анзааран харахад гоол оруулсан үеийнх шигээ жаргалтай, өөртөө итгэлтэй л харагдаж байсан. Мэдээж, гоол оруулж чадахгүй байгаадаа баярлана гэж юу байхав. Гол нь багтаа туслахыг их хүсч байгаа нь их мэдрэгддэг юм.
Харин одоо бол гоол орууллаа, бүрэн дүүрэн жаргалтай боллоо. Бид ч хожлоо. Гурван сарын өмнөхөөсөө өөрчлөгдөөд байсныг нь би хараагүй. Премьер лигийн эхний 20 тоглолтод 14 гоол оруулсан үеийнхээсээ өөрчлөгдөөгүй. Бусдын сэтгээгүйг сэдэж, бодоогүйг хийдэг тоглогч. Арай өөр л дөө. Бөмбөгтэй цагтаа юу ч хийж мэднэ. Яагаад гэвэл юу л бол юу хийж чаддаг юм” хэмээн Энцо Мареска өгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )