2026 онд хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг АНУ, Канад, Мексик хамтран зохион явуулна. Ердөө жилийн дараа эхлэх энэхүү том тэмцээнд 48 улсын шигшээ баг оролцохоос гадна хэдэн сая хөгжөөн дэмжигч, жуулчин очих юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын баримталж буй бодлого, байр сууриас шалтгаалан тус улсын хил, гааль харьцангуй хаалттай, хатуу болж байгаа тул 2025 онд гэхэд жуулчдын тоо 5 хувиар буурах хандлагатай байгааг судалгааны дүн харуулсан.
Гэлээ ч өөрийгөө ДАШТ-ий зохион байгуулах хорооны даргаар томилсон Доналд Трамп 100 гаруй орны хэдэн сая хөгжөөн дэмжигч, жуучдлыг эх орондоо ямар ч саадгүй нэвтрүүлнэ гэж Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Жанни Инфантинотой уулзсаныхаа дараагаар хэвлэлийнхэнд мэдэгджээ.
Гэхдээ тэмцээн дууссаны дараагаар заавал буцах ёстойг дэд-ерөнхийлөгч Жэймс Дэвид Вэнс сануулаад амжсан байна.
“Дэлхийн өнцөг булан бүрээс ирэх хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийг бид тэсэн ядан хүлээх болно. Тэмцээнийг амжилттай, ямар ч аюулгүй зохион явуулахад АНУ-ын төрийн бүх байгууллага анхаарал тавин ажиллана. Манай улсад ирэх хөгжөөн дэмжигчдэд бид өчүүхэн төдий ч саад учруулахгүй” гэж Доналд Трамп мэдэгджээ.
Харин дэд-ерөнхийлөгч Жэймс Дэвид Вэнс “100 гаруй орноос хөгжөөн дэмжигчид ирнэ гэдгийг бид мэдэж байгаа. Ирээсэй ч гэж хүсэж байна. Хамтдаа баярлацгаая. Хүрч ирээд, ая тухтай нөхцөлд тоглолтууд үзээсэй” гэж хэлээд “Гэхдээ тэмцээн дууссаны дараа хөгжөөн дэмжигчид заавал гэр рүүгээ буцах ёстой” хэмээжээ.
ДАШТ-ий туршлага болгож энэ зун Клубүүдийн ДАШТ-ийг АНУ нутагтаа зохион явуулахаар болсон. Энэ тэмцээнийг л гэхэд ойролцоогоор 2 сая хүн үзэхээр очиж магадгүй байгаа юм. “Бид ирэх хүмүүсийн виз зэрэг асуудлууд дээр ажиллаад эхэлчихсэн. Дараа жил болох ДАШТ-ий бэлтгэл болох юм” хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Кристи Ноэм мэдэгджээ.
Канад, Мексик зэрэг улсуудтай Трамп сүүлийн үед маргаантай байх болсон. Гэвч энэ нь ДАШТ-д нөлөөлөхгүй гэж хэлжээ. “Үүнд санаа зовохгүй байна. Канадын Ерөнхий сайдтай би уулзсан. Бид хоёрын харилцаа сайн” гэж Доналд Трамп өгүүлжээ.
АНУ-аас гадна Мексикийн нийслэл Мехико ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдийг хүлээн авах ажилдаа шамдан орсон. Далайн түвшнээс дээш 2200 метр орших энэхүү хот 9 сая гаруй хүн амтай. Тэгвэл ДАШТ-ий үеэр нэмж 5 сая орчим хөгжөөн дэмжигч очно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
Өмнө нь хоёр ч ДАШТ-ийг хүлээн авсан алдарт “Ацтек” стадионыг сэргээн засварлах ажил эхэлж, 2026 оны зургаадугаар сарын 11 буюу нээлтийн өдөр гэхэд бүрэн бэлэн болсон байх юм. Стадионыг сэргээн засварлахад 100 сая гаруй ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Мехико хот гэмт хэргийн гаралтаараа Дэлхийд дээгүүр ордог. Тэгвэл энэ хотод нэмж 40 мянга гаруй камер байрлуулснаар нийтдээ 123 мянган камер зэрэг ажиллаж, аюулгүй байдлыг хянахад туслах ажээ. “Америк тив дэх хамгийн олон хяналтын камертай хот болно” хэмээн Мэхико хотын мэр Клара Брүгада мэдэгдсэн байна.
ДАШТ 2026 оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-нд болно. Харин Клубүүдийн ДАШТ 2025 оны зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 13-нд болох юм.
Сэтгэгдэл ( 0 )