Харри Кейн: "Аварга болж үзэх юм уу?" гэж боддог байлаа...

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 13


Эрик Дайер 3 литрийн шар айргаар дүүргэчихсэн сав гартаа барин араас нь элдэж элдэж толгой дээр нь санаснаараа асгаж, маасайтал инээсний дараахан Харри Кейн ярилцлага өгөхөөр сэтгүүлчийн өмнө очжээ.

Бяцхан оршил нэмэхэд, Кейн бол Английн шигшээ багийн түүхэн шилдэг мэргэн бууч мөн “Тоттенхэм”-ийн клубын домогт Жимми Гривзийн дээд амжилтыг эвдчихсэн довтлогч. Тэгсэн хэрнээ ганц ч цом өргөж үзээгүй байлаа. Магадгүй орчин цагийн шилдэг хөлбөмбөгчид дотроос цомгүй хоцорчих гээд сандарч байсан ганц нь байх.

Кейн ярилцлагын эхэнд “Үнэнээ хэлэхэд, ялалтын баяр тэмдэглэж буй талд байх зүгээр юм биш үү” гээд инээмсэглэв. “Үүнээс өмнө өрсөлдөгч багийнхан л цом өргөж байхыг харж байлаа” гэж нэмж хэлжээ.
 


“Тэглээ гээд энэ цом намайг хөлбөмбөгчийн хувьд минь өөрчлөхгүй. Ялалт хүртэл байснаасаа юугаараа ч би өөрчлөгдөөгүй. Зүгээр миний замналд дутагдаад байсныг дүүргэж өглөө” гэж Харри Кейн өгүүлэхдээ алдарт гольфчин Рори Макилрой Masters-т 11 жилийн турш түрүүлээгүй байсан гангаа өнгөрсөн сард тайлсантай холбон ярьжээ. “Нэг талаараа түүнтэй тохиолдсонтой төстэй ч юм шиг гэдэг үнэн. Миний үзсэн хамгийн сайхан тэмцээний нэг болсон. Жастин Роузын найз ч гэлээ миний хагас нь Рориг түрүүлчихээсэй гэж хүсэж байсан. Сэтгэл хөдлөл нь хэрхэн илрэхийг та бүхэн хараа биз дээ. Их том ачаа мөрөн дээр байдаг юм л даа. Би өөрөө цом өргөөгүй байсан болохоор тэр мэдрэмжийг сайн мэднэ. Магадгүй би л өөрийгөө хамгийн их дарамталж, шахаад байсан ч байж мэднэ. Он жил өнгөрөөд эхлэхээр “Ер нь аварга болж үзэх юм уу?” гэж боддог юм билээ. Гэхдээ хичээгээд байх тусам улам л сайн сайхан зүйлтэй учирдаг. Би тэгж л итгэсэн” гэж Кейн өгүүлжээ.

Хоёр жилийн өмнө ингэж ярьж суухын тулд л Кейн “Тоттенхэм”-ийг орхин, Германы “Байерн Мюнхен”-д очсон. Гэтэл ирсэн улиралд нь “Байерн” нэг ч цом өргөсөнгүй. 11 жилийн турш цом өргөсөн баг Кейнийг ирэхээр цомгүй болчихдог. Цомтой байж үзээгүй Кейн ирмэгц цом байхгүй болчихдог. Ийм бодол, дарамт, тавлалт дүүрэн л байлаа.
 


“Тэр их чухал шийдвэр байсан. Премьер лигт “Тоттенхэм”-д үлдээд, үргэлжлүүлэн гоолуудаа оруулаад явах нь их амархан л даа. Гэвч би өөрийгөө сайн шахаад үзье гэж бодсон юм. Том тоглолтуудад гаръя, ямар тоглогч юм бэ гэдгээ үзье гэж шийдсэн. Өдийг хүртэл би чухал тоглолтуудад хожиж байсангүй. Өнөөдрийн энэ ялалт бол дөнгөж эхлэл гэж бодож байгаа” гэж тэр өгүүлжээ. Үнэндээ ч гэртээ эхнэр, гурван хүүхдийнхээ хамт амар жимэр амьдраад, Премьер лигт хийдэг гоолуудаа хийгээд эх орондоо байсан бол илүү амар байх нь ойлгомжтой.

Магадгүй Кейн дардан, алтан замаар яваагүй нь амьдралдаа саад бэрхшээлтэй тулгарсан олон хүний сэтгэлд илүү ойр болгодог байх. 19 настайд нь “Норвич”-т таван сарын хугацаатай зээллэгээр өгсөн. Тэгэхэд гоол оруулаагүй. Гоолын дамжуулалт ч өгөөгүй. Харин эхний тоглолтдоо гарцаагүй гоолын боломжийг алдсанаараа л хүмүүст танил болж, адлуулжээ. Удалгүй залуучуудын баг руу буулгасан ч тэндээ очоод өөрийнхөө авчирсан пенальтийг ч цохих эрхгүй байв.
 


Дараа нь “Лестер”-т Жэйми Вардигийн хамт сэлгээнд суулаа. Бэлтгэлийн үеэр их хичээдэг ч багийнхан нь дооглож тавлацгаана. Бэлтгэлийн дараа ганцаараа үлдээд талбайгаар нэг тарсан бөмбөгийг цуглуулж, торонд хийж хураана.

“Норвич, Лестер дэх тэр өдрүүдийг би хааяа дурсдаг юм. Намайг тоглуулдаггүй байсан. Гэхдээ бэлтгэлээ бол илүү сайн хийнэ. Бэлтгэлийн дараа ч үлдэж хийнэ. Гэвч зарим тоглогч намайг дооглоно. “Яах гэж ингээд байдгийг чинь мэдэхгүй юм аа” гээд инээлдэнэ. Энэ жижиг гэмээр зүйлс намайг өдий зэрэгт хүргэсэн юм. Хөшигний ард хүн хичнээн хичээж буйг хүмүүс мэдэхгүй, харахгүй. Гэвч тэр хөшигний ард хэн байх, хэрхэн хичээх нь хамгийн чухал байдаг юм” гэж Харри Кейн өгүүлж байна.
 


“Би дардан замаар өгсөөгүй хүн. Олон хэцүү мөчийг давж гарсан. Мэдээж, амь биед халтай зүйл биш л дээ. Сэтгэлзүйн бэрхшээлийг ярьж байна. Эргээд замналаа бодохоор би залуустай их ойр харилцах дуртай байдаг юм. Өөрөө амаргүй замаар явсан болохоор залууст урам зориг өгөхийг, зөв зам заахыг хүсдэг. Хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлсний дараагаар залуу хөлбөмбөгчдийн сэтгэлзүйн асуудал дээр анхаарч ажиллана ч гэж боддог. Хэзээ ч сэтгэлээр удаан унаж, гутарч болохгүй. Уналт, босолт бол ээлжилж байдаг жамтай. Юу бүтэхгүй, болохгүй байлаа гэхэд эргэж босох хүч тэнхээг олоод, давж гарах хэрэгтэй.

Азаар би сайхан гэр бүлтэй хүн. Мөн сайн найзууд байна. Тэд нар маань хэцүү үед их дэм өгдөг юм. Ер нь ярилцах их ашигтай шүү. Амьдралд сайн сайхан ч, муу муухай ч өдрүүд таарна. Хүн бүрт би ингэж хэлмээр санагддаг юм. Хамгийн гол нь урагшаа алхаад л байх хэрэгтэй. Бууж өгч болохгүй” гэж тэр ярилаа.
 


Кейн цом өргөлөө. Зарим нь цом биш цар таваг гэж инээлдэж л байна. Ийм хүмүүсийн амнаас шүлс үргэлж үсэрч, аль болох ойрхон унагахыг хичээсээр л байх болно. Өөрөөр хэлбэл, цом бол тавлалт, доромжлолд тавих эцсийн цэг биш. Үүнийг ч тэр мэдэж байгаа ажээ. “Хөлбөмбөгт тийм юм үргэлж тохиолддог. Цомтой, цомгүй хамаагүй. Тиймээс үргэлжлүүлээд урагшаа л явах хэрэгтэй” гэж ярилцлагын төгсгөлд Харри Кейн хэлээд 25 жилийг Мюнхений клубын төлөө өнгөрүүлсэн Томас Мюллерийн үдэшлэгт очихоор өндийжээ. Тэр орой шар айраг уух шиг, маргааш нь замналынхаа замаар дахин урагшлах нь тодорхой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu