Өнгөрсөн амралтын өдөр Английн Премьер лигт болсон “Ноттингэм Форэст”-“Лестер”-ийн тоглолтын үеэр нигери довтлогч Тайво Авоньи хөндлөн дамжуулалтад амжиж хүрэх гэж хичээн тэмүүлэхдээ араасаа мөн давхар түлхүүлж шонг хэвлийгээрээ маш хүчтэй цохиж, гэмтсэн.
Гэмтэл үхэлд ч хүргэж болзошгүй хүнд байсан тул даваа гаригт эмнэлэгт хүргэж, яаралтай мэс засал хийсэн байна. Мэс заслын дараагаар хөлбөмбөгч эрчимт эмчилгээний тасагт комд байгаа ажээ.
“Лестер”-тэй хийсэн тэрхүү тоглолтын төгсгөлд “Ноттингэм Форэст” хийж болох сэлгээнийхээ тоог гүйцээчихсэн байсан тул гэмтсэн Тайво Авоньи суулгүй, хэсэг зуур тоглохыг хичээн талбай дээр үлдсэн юм. Аваргуудын лигийн эрх авахаар чармайж яваа учир нэг тоглогчоор дутуу тоглох эрх дасгалжуулагч Нуно Сантуд байсангүй. Үүнд нь ч клубын эзэн Эвангелос Маринакис эгдүүцэж, ийм чухал тоглолтын төгсгөлд хүн дутуу үлдсэнд бухимдаж буйгаа талбай дээр илэрхийллээ хэмээн зарим эксперт шүүмжилсэн. Тэгвэл Эвангелос Маринакис тоглогч дутуу үлдсэнд бус харин хөлбөмбөгчийн эрүүл мэндэд илүү их анхаарч, санаа зовсон явдал байжээ.
Зарим тохиолдолд хэвлийдээ ийм хүчтэй цохиулаад үхэх ч магадлалтайг эмч мэргэжилтнүүд сануулсан байна. “Ноттингэм Форэст” клубээс үүнтэй холбоотой мэдэгдэл ч гаргалаа. “Тайво Авоньигийн энэ хүнд гэмтэл нь хэзээд тамирчны биеийн эрүүл мэнд хамгийн чухал гэдгийг сануулсан явдал боллоо. Энэ бол зөвхөн манай клубын бодлого ч бус клубын эзний итгэл үнэмшил юм. Эвангелос Маринакисын хувьд зөвхөн хөлбөмбөгийн клуб төдий биш нэг гэр бүл гэдгийг бидэнд ойлгуулсан илгээмж байлаа. Тиймээс тэрбээр тухайн нөхцөл байдалд сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй, үгээ талбай дээр хэлсэн. Түүний гаргасан үйлдэл бол тамирчнаа гэсэн сэтгэл, халамж, хариуцлага юм. Ганц удаагийн тохиолдлыг бус бүтэн багийн үнэт цэнэт зүйлсийг тэндээс харж, үнэлсэн явдал байлаа” гэх утгатай мэдэгдэл нийтэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )