Сон Хён Мин жирэмсэн болсон гэх бүсгүйг шүүхэд өгчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 15

Өмнөд Солонгосын шигшээ болон Английн “Тоттенхэм”-ийн ахлагч Сон Хён Мин өөрөөс нь жирэмсэн болсон гэх нэгэн бүсгүйг шүүхэд өгчээ.

Өмнөд Солонгосын нийслэл Сөүлийн Цагдаагийн газарт гаргасан түүний гомдлын дагуу 20 орчим насны эмэгтэй мөн 40 орчим насны эрэгтэйг шалгаж эхэлсэн байна. Yonhap болон The Korea Times-ийн мэдээлснээр бол өөрөөс нь жирэмсэн болсон гэх бүсгүй “Дуугүй өнгөрүүлье гэж хүсэж байвал хэдэн сая вон төл” гэж сүрдүүлж шантаажилсан бололтой. Тиймээс “Тоттенхэм”-ийн ахлагч өнгөрсөн долоо хоногт албан ёсоор гомдол гаргасан байна.

32 настай Сон Хён Мин эхнэргүй, мөн хүүхэдтэй гэсэн мэдээлэл байхгүй. 2019 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлснийхээ дараа л гэр бүл, үр хүүхэдтэй болно гэж төлөвлөснөө ярьсан удаатай юм.

“Би аавтайгаа энэ тал дээр санал нийлдэг юм. Хэрвээ гэрлэвэл амьдралд хамгийн чухал нь гэр бүл, үр хүүхэд болно. Харин үүний дараагаар хөлбөмбөг орно. Тиймээс өндөр түвшинд хөлбөмбөг тоглож чадаж буй энэ үедээ хөлбөмбөгийг л нэгд байлгахыг хүсдэг.

Хэдэн жил ийм өндөр түвшинд тоглож чадахыг тааж хэлэхийн аргагүй. 33 юмуу 34 настайдаа замналаа өндөрлүүллээ гэхэд дараа нь гэр бүлтэй болж, олон жилийн турш хамтдаа сайхан амьдрах хангалттай хугацаа олдоно” гэж ярьж байсан юм.

Сон Хён Минийг Өмнөд Солонгосын поп-од Бан Мин А, Юү Со Ён нартай амрагийн харьцаатай байсан гэж мэдээлдэг. Иймэрхүү дуулиан ойрын өдрүүдэд гарч байгаа нь “Тоттенхэм” Европа лигийн финалд шалгарч, сүүлийн 17 жил хүртээгүй цомоо хүртэх бодит боломж үүсээд байгаатай зэрэгцэж байна. Энэ нь хөлбөмбөгчийн сэтгэлзүй, бэлтгэлд муугаар нөлөөлөхвий гэж хөгжөөн дэмжигчид нь санаа зовж эхэлжээ.

Улаанбаатарын цагаар энэ сарын 22-ны 03:00-д Европа лигийн финалд Соны ахласан “Тоттенхэм”-ийнхэн “Манчестер Юнайтед”-тай тоглох болно. Хожиж, аварга болсон баг нь дараа улиралд Аваргуудын лигийн эрх авах давхар ашигтай билээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхээ(66.181.161.83) 2025 оны 05 сарын 17

Эмэгтэйчүүдийн шантаажид хүнд ял оноох хэрэгтэй

2  |  0
Энхээ(66.181.161.83) 2025 оны 05 сарын 16

Эмэгтэйчүүдийн шантаажид хүнд ял оноох хэрэгтэй

0  |  0
Close menu