Өчигдөр Испанийн Ла лигийн 36 дугаар тойрогт “Эспаньол”-ыг 0:2-оор хожсоноор “Барселона” аваргын цом гардах болзлоо биелүүллээ.
Аман хүзүүнд бичигдэж буй “Реал Мадрид”-аас 7 оноогоор холдсон тул үлдсэн хоёр тойрогт гүйцэгдэх ямар ч боломжгүй болсон юм.
Ийнхүү Ламин Ямаль, Фермин Лопес нарын гоолоор Каталоны дербид ялалт байгуулсан “Барселона”-гийнхан өрсөлдөгчийнхөө талбай дээр харайн баясаж, аваргын баяраа тэмдэглэж эхэлжээ. Гэвч дерби клубынхэн нь талбай дээрээ баяр тэмдэглэхэд эгдүүцэн, стадионы ус цацагчийг асааж, нэг ёсондоо талбайгаасаа хөөсөн байна. Гэлээ ч “Барселона”-гийнхан цацарсан усанд улам баясан баяраа тэмдэглэцгээжээ.
Дерби багийнхаа талбай дээр баяраа тэмдэглэх хөлбөмбөгчдөө талбайгаас гаргаж, хувцас солих өрөө рүү оруулахаар дасгалжуулагч Ханс-Дитер Флик өөрөө очжээ. Ингэсний хүчинд багийнхан нь дотогш орж, “Эспаньол”-ын эгдүүцэл намжсан байна.
Баяр тэмдэглэж харайлдан баясах үеэр ус цацагч асаасан явдлын талаар “Барселона”-гийн Гавигаас асуухад “Ус цацсан нь надад улам гоё санагдсан. Бидний баяр хөөр улам нэмэгдсэн” гэжээ.
“Барселона” клуб түүхэндээ 28 дахь удаагаа Испанийн аваргаар тодорлоо.
Сэтгэгдэл ( 0 )