Ирэх лхагва гаригт буюу энэ сарын 21-нд Европа лигийн финалд цэвэр англи тулаан болно. “Манчестер Юнайтед”-“Тоттенхэм”. Тулааны талбар нь Испанийн баскуудын гол хот Бильбао хотын “Сан Мамэс” стадион.
350 мянга гаруй хүн амтай Бильбао хотод ойролцоогоор 80 мянга гаруй англи хөгжөөн дэмжигч, фанатууд очно гэсэн урьдчилсан тооцоо байгаа юм. Ийм олон фанат нэгэн зэрэг энэ хотод очиж байсан түүхгүй. Тиймээс ч чоно борооноор гэгчээр юмны үнэ тэнд сүүлийн хэдхэн хоногт 900 хувиар өсөх шинжтэй байгаа ажээ.
“Сан Мамэс”-аас 10 минут л алхах Hotel IIunion Bilbao-гийн өрөөнүүдийг захиалаад дуусчихсан. Хамгийн хямд өрөө нь л гэхэд 2444 паунд хүрсэн байна. Мэдээж, өөр сонголтууд бас байгаа. Гэхдээ бас л үнэ нь тэнгэр хадчихсан гэнэ. Booking.com-оор Бильбаогийн хамгийн хямд байруудын үнийг судлахад хоёр хоногийн 1030 паунд болж байна. Харин хамгийн үнэтэй нь 13 520 паунд.
Bilbao Metropolitan Hostel уг нь олуулаа орж болдог, олон ортой өрөөнүүдтэй хэрнээ л хоногийн 551 паунд болжээ. Энэ Hostel-ийн өрөөнүүдийг англи фанатууд Squid Game уран сайхны киноныхтой их төстэй байгаа талаар ярьцгаах болсон.
“2000 паунд төлөөд Squid Game”-ийн өрөөнд унтаж болно” хэмээн “Манчестер Юнайтед”-ын нэгэн фанат зураг оруулсан байна. 3 хоногийн төлбөр нь нийлээд 2000 мянган паунд болж буй хэрэг.
All Iron Hostel-ийн нэг өрөө бүр 10 ортой. Тэгсэн хэрнээ нэг орыг л 226 паундаар өгч байгаа юм байна. Энэ мэтээр буудлын үнэ модонд авирсан тул англи фанатууд машиндаа юмуу гадаа хоноглох арга чарга бодож эхэлжээ. Замын зардал гэж бас бий. Лондоноос “Тоттенхэм”-ийн фанатууд нисээд очиход нэг талдаа 335 паунд байгаа юм байна.
Бильбаогийн худалдаачид англи фанатуудыг угтахдаа юмныхаа үнийг тэнгэрт тултал нэмэхээр зэхчихсэн суугаа гэнэ. Баскийн нэгэн худалдааны байгууллагын төлөөлөгч Кепа Лойзага юмны үнэ 7, 8 бүр 9 дахин нэмэгдэх магадлалтай байгааг анхааруулжээ. Үнэ дэндүү нэмсэнээр Дэлхийд Бильбао хот ямар харагдах вэ гэдгээ бодож үзээрэй гэж тэр уриалсан байна. “Юмны үнийн дээд юмуу доод хязгаар гэж энд байхгүй. Хүн бүр хүссэн үнээрээ зараад сурчихсан. Хэрвээ үнийг хэт нэмбэл Дэлхий дахинд их муухай харагдах болно” хэмээн нэмж өгүүлжээ.
Энэ тоглолтод “Тоттенхэм”-ийн фанатууд илүү олуулаа очих шинжтэй байгаа гэнэ. Зарим нь тоглолт үзэх гэж буйс зүгээр л шинэ газар үзэж, үйл явдлыг хамтдаа хуваалцаж, аялж зугаалах зорилготой.
“Сан Мамэс” стадион хоёр багийн фанатуудад тус бүр 15 мянган үзэгчийн суудал гаргаж өгөхөөр болсон. “Тоттенхэм”-ийн удирдлага клубынхээ ажилтан бүрд үнэгүй тасалбар өгсөн юм билээ. Харин “Манчестер Юнайтед”-ын хувьд Сэр Жим Рэтклифф клубын бүсийг сүрхий чангалж, олон зуун ажилтныг халсан. Энэ удаад ч нэг их гараа сунгахгүй шинжтэй. Хөлбөмбөгчдөд л гэхэд хоёр л үнэгүй урилга өгсөн дуулдсан. Үүнийг сонсоод Рубен Аморим клубын хамгийн бага цалинтай 30 ажилтанд тус бүр 3 тасалбар өөрөө халааснаасаа авч өгөх болсон.
Хоёр клубын энэ улирлыг аврах ганц найдлага бол энэ финал. Премьер лигтээ л гэхэд өчигдөр зэрэг хожигдсон. Хасагдах бүсийн яг дээр хоёулаа зуузай холбочихсон мөлхөж яваа. Хасагдах багууд тодорхой болчихсон болохоор лигийн энэ улирлын тоглолтуудыг үндсэндээ хаяж, зөвхөн Европа лигийн финалыг л бодож яваа нь ойлгомжтой. Европа лигт түрүүлбэл “Тоттенхэм” 17 жил хараагүй цомоо гардана. Үүний зэрэгцээ ялагчаар тодорсон баг нь ирэх улиралд Аваргуудын лигт өрсөлдөх амттай эрхийг атгах юм.
Сэтгэгдэл ( 2 )
Bvx stagnation avaasai.
Bvx stagnation avaasai.