Хендерсоны алдаан дээр Руни, Линекер нар санал зөрж, Гвардиола бухимдав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 18


Английн Холбооны цомын финал өчигдөр алдарт “Уэмбли”-д боллоо. Нэг талаас 120 жилийн түүхэндээ нэг ч цом өргөж үзээгүй “Кристал Пэлас”, нөгөө талаас Премьер лигт өмнөх дөрвөн улиралд дараалан түрүүлсэн “Манчестер Сити” тулсан юм.

Гэвч талбай дээр алдар нэр, цом шагнал бус тамирчид өрсөлддөг гэдгийг нотолж, “Бүргэдүүд” түүхэн дэх анхныхаа цомыг Эбэрэчи Эзэгийн ганц гоолоор 1:0-ээр хожиж, хүртлээ.
 


Тоглолтын явцад “Бүргэдүүд”-ийн хаалгач, “Манчестер Юнайтед”-ын академийг төгсөгч Дин Хендерсон хаалгачийн талбайн гадна бөмбөгөнд хүрч, аюултай довтолгоог сарниулсан үйлдэл хийсэн. Талбайн шүүгч энэ агшныг анзаараагүй ч VAR-ийн шүүгч дахин нягтлахыг санал болгосон юм. Дахин нягтлахад үнэхээр хаалгачийн шугамын гадна гараараа бөмбөгөнд хүрсэн нь байлаа.
 


VAR бол энэ агшинд улаан хуудас өгөх ёстой эсэхийг л шийдэхийг талбайн шүүгчээс лавлаж байгаа нь тэр. Учир нь VAR шар хуудас дээр зөвлөгөө өгөх эрхгүй. Ингээд шүүгч Стюарт Атуэлл шийдвэр гаргахдаа улаан хуудасны алдаа биш гэж үзсэн юм.

Тэгвэл тоглолтын дараагаар “Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гвардиола эгдүүцэж буйгаа ил илэрхийлж, Дин Хендерсонтой хүртэл маргалдаад авсан. Каталан мэргэжилтэн дасгалжуулагчийн замналдаа анх удаагаа цомгүй улирлыг үдэж буй тул бухимдал хуримтлагдсан нь лавтай.
 


Дин Хендерсонд улаан хуудас өгөх ёстой байсан эсэх дээр телевизийн экспертээр ажиллаж буй хөлбөмбөгчид ч санал зөрлөө.

“Энэ бол 100 хувь улаан хуудасны алдаа. Холанд бөмбөгөнд хүрвэл түүнийг тойроод өнгөрөх агшин шүү дээ. Гэтэл шугамын гадна гар нь бөмбөгөнд хүрээд холдуулчихлаа. Яаж ийм алдаа шүүгч нар гаргадаг байна аа?” гэж Уэйн Руни хэлэхэд Мика Ричардс “Тийм ээ, ямар ч маргаангүй улаан хуудас. Одоо ч юу гэж тайлбарлаж болно. Гэхдээ энэ бол улаан хуудасны алдаа” гэжээ.
 


Тэгвэл Гари Линекер “Холанд яг хаалга руу чиглээгүй байсан шүү дээ. Гарцаагүй гоол оруулах агшин ч биш. Тиймээс улаан хуудас өгөхгүй байж болно” гэсэн юм. Гэвч Руни номхорсонгүй “Зүгээр л энэ VAR гээчийг больчих. Алдаа гаргасан нэгнээ өмгөөлж хамгаалах л арга төдий боллоо. Улаан хуудасны алдаа гэдгийг бүгд харлаа. Тэгээд энэ хогийн сав шиг агшинг хараад яриад сууж байх гэж” хэмээн бухимджээ.

Дин Хендерсон ийнхүү багаа нэг авраад зогсоогүй. Хэд хэдэн аюултай цохилт хааснаас гадна мөн Бернардо Силва дээр гаргасан алдаан дээр пенальти заасныг Омар Мармуш цохьсныг хүртэл хааж, финалын гол баатар болсон.
 


Тэгвэл баатар залуу маань энэ гайхамшигтай ялалтыг тэнгэрт морилсон аавдаа зориулж буйгаа ярьсан байна. “Улирлын өмнө аав маань нас барсан. Гэвч өнөөдөр надтай хамт байлаа. Бөмбөгөнд хүрэх тоолонд минь хамт байлаа. Аавдаа энэ ялалтаа зориулъя” гэж Дин Хендерсон хэлсэн байна.
 


Харин Пеп Гвардиола “Хендерсон цаг дэндүү увайгүйгээр “бариад” байсан болохоор би бухимдсан юм. Цаг “барих” явдал тоглолтын төгсгөл рүү гардгийг мэдэлгүй яахав. Гэвч бүр эхний 1, 2 дахь минутаас эхлээд “бариад” байхдаа яахав дээ. Энэ Англи хөлбөмбөг, тэр британи залуу, тиймээс дураараа тоглож болдог байх” хэмээн өгүүлжээ.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
s(103.57.94.251) 2025 оны 05 сарын 18

gonshignood yahav dee. citi ch gsn tsagaa tultal ni aimshigtai baridag bizde.

0  |  0
Close menu