Английн фанатуудыг Бильбаогийн гудамжийг буулгасан хэрэгт буруутгав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 21

Европа лигийн финалын тоглолтыг Испанийн Бильбао хотноо үзэхээр Английн 80 мянга гаруй фанат очжээ. Энэ хот 350 мянга гаруй л хүн амтай. Гэтэл 80 мянган фанат, тэр дундаа танхай залуус олноор очсон нь орон нутгийн оршин суугчдыг айдаст автуулж, гудамжны гэрлийн шонгоос өгсүүлээд хагалж, хэмхэлсэн зүйлс гудамжаар нэг хөглөрч эхэлжээ.

Тиймээс ч Бильбаогийн гудамжийг буулгасан хэрэгт “Манчестер Юнайтед” болон “Тоттенхэм”-ийн фанатуудыг буруутгаад байна.

Тоглолт болох “Сан Мамэс” стадион 52 114 үзэгчийн суудалтай. Хоёр клубын фанатуудад тус бүр 15 мянган тасалбар өгсөн. Гэлээ ч үүн дээр тасалбаргүй хэдэн мянган хүн нэмж очжээ.

 

Мягмар гаригийн орой зарим фанатууд хяналтаас гарч, танхайрч эхэлсэн тухай Испанийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Цагдаагийн газраас мэдээлсэн байна. Тиймээс ч цагдаагийн бие бүрэлдэхүүний тоог 2000 болгож нэмэгдүүлсэн гэнэ.

Гэрлийн шонг нураачихаад замын гэрлийг цом болгон өргөн жагссан фанатуудын тухай мэдээлэл ч гарсан байна.

“Манчестер Юнайтед”-ын фанатууд Нуэвагийн талбай хавьд байрлаж, тэрүүгээр өнгөрсөн фанатуудтай зөрчилдөн зодолдсон тул цагдаа нар салгасан байна. “Тоттенхэм”-ийнхэн ч зүгээр байсангүй. Өрсөлдөгч багийнхнаа шар айргаар булхаж, зарим нь гэрлийн шон түшин огицгоожээ.

Гэхдээ Бильбаогийн цагдаа нар одоогоор нэг ч фанатыг баривчлаагүй байгаа гэнэ.

Европа лигийн финалын “Тоттенхэм”-“Манчестер Юнайтед”-ын тоглолт Улаанбаатарын цагаар өнөө шөнө 03:00-ээс эхэлнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.44) 2025 оны 05 сарын 21

Хаха, тоглолтын дараа л гол юм болно ш дээ, хожигдсон багийнх нь фанатууд зүгээр байхгүй л болов уу, хожсон нь ч ялгаагүй баяраа тэмдэглээд бас бужигнуулна

0  |  0
Close menu