Европа лигийн цомыг Английн “Тоттенхэм” өргөлөө. Сүүлийн 17 жилийн турш цом хүртээгүй клуб “Манчестер Юнайтед”-ыг Брэннан Жонсоны гоолоор 1:0-ээр хожсоноор, хөгжөөн дэмжигчдийнхээ магнайг тэнийлгэлээ.
Зөвхөн цом ч хүртээд зогсохгүй мөн ирэх улиралд Аваргуудын лигт оролцох эрхээ давхар авав.
Цомыг ахлагчийн хувиар эхэлж гардаж, дээш анхлан өргөсөн 32 настай өмнөд солонгос тоглогч Сон Хён Мин ердийн даруухан зангийнхаа хүлээсийг тайлж, “Би домог! Яагаад би өөрийгөө домог гэж хэлж болохгүй гэж? Гэхдээ зөвхөн өнөөдөр ингээд хэлчихье. 17 жилийн турш хүрч чадаагүй цомд бид хүрсэн болохоор домог” гэжээ.
“Энэ Дэлхийн хамгийн аз жаргалтай хүн гэвэл би л байна. Улирлыг бүхэлд нь тооцож үзэх юм бол их хүнд хэцүү байлаа. Гэхдээ бид үргэлж бие биенээ түшин, хамтдаа байж чадсан. Дарамт мэдэрч байсан уу гэвэл тийм ээ. Би энэ цомыг өргөе гэж ямар их хүсэв. Сүүлийн долоон хоног энэ тоглолтын л тухай бодож, хожчихсон байна гэж мөрөөдсөн. Тэр мөрөөдөл минь биеллээ. Одоо нэг амгалан тайван унтаж амарна аа. Өнөөдөр баярласан шиг баярлаж, хэзээ мартагдахааргүй сайхан байцгаая. Маргаашийн нислэгээсээ хоцорвол хоцорно л биз” хэмээн өгүүлсэн байна.
“Тоттенхэм”-ийн дасгалжуулагч Анже Постекоглу энэ улирлын эхэнд л “Би хоёрдахь улиралдаа цом өргөсөн байдаг юм” гээд байсан нь үнэн болж таарлаа. Үнэхээр хоёрдахь улиралдаа цом өргөлөө. Гэлээ ч гэрээг нь сунгах, үргэлжлүүлэн ажиллах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
“Юу болоод өнгөрснийг бүрэн ойлгож, мэдрэх гэж хичээж л байна шүү. Олон жил цомгүй байхаар тэр хар жилүүдийг хага цохих улам хэцүү болдог тул клуб юу мэдэрч буйг би ойлгож байна. Клубынхэн их түгшиж буйг ч мэдэрч байлаа. Манай багийнхан залуухан. Одоо ийм ялалт байгуулсан болохоор өөрсдийгөө өөрөөр харах байх.
Хасагдах шатны тэмцээн бол лигээс өөр. Биднийг ялж гарахад хэцүү байя гэж бодсон. Ромеро, Ван де Вен нарын зэрэг залуус маань тэр хэцүүг босгож, бүрдүүлж чадлаа. Бид өөрчлөлт шинэчлэлтийн үедээ яваа баг.
Гэрээний тухайд бол ярьсан зүйлгүй. Магадгүй миний дотор хүн ч бас энэ тоглолтыг хүлээсэн байх. Маргааш найз нартайгаа шотланд виски шимээд, баасан гаригт баярын жагсаалт хийгээд, ням гаригт “Брайтон”-той тоглоно доо. Харин даваа гаригаас гэр бүлийнхэнтэйгээ сайхан амарна аа” гэжээ.
Цагтаа Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болж “Тоттенхэм”-ээс Испанийн “Реал Мадрид” руу одсон Гарет Бэйл дасгалжуулагч Анже Постекоглугийн гэрээний талаар бодлоо хэлжээ. “Клубын удирдлага шийдээ гаргах биз. Гэрээг сунгахгүй байх гэсэн яриа гарсан байсан. Гэвч олон жилийн дараагаар цом авчирлаа. Тэгэхээр шийдвэрээ гаргах л ёстой болж байна” хэмээн өгүүлжээ.
Хожлын ганц гоолын эзэн Брэннан Жонсон “Би маш их жаргалтай байна. Энэ улирал өдийг хүртэл ямархуу байсан нь одоо огт хамаагүй. 17 жил хүртээгүй цомоо авна гэдэг маш чухал. Цомгүй жилүүдэд фанатууд ч, хөлбөмбөгчид бүгдээрээ л алгадуулсан мэт байлаа. Тиймээс бид энэ цомыг гардах ёстой байсан. Үнэхээр жаргал гэж энэ байх. Энд ирсэн цагаас хойш “Тоттенхэм” сайн л баг байсан. Гэвч цом өргөж чадахгүй байлаа. Өнөөдөр бид чадлаа.Би бөмбөгөнд бага зэрэг хүрсэн төдий. Дараа нь нүдээ нээгээд хартал хаалга руу орж байсан. Сүүлийн таван минутыг харж чадсангүй. Зүгээр л “Хэдэн минут үлдсэн бэ?” гэж байнга асууж, суулаа. Сүүлчийн булангийн цохилтыг амжилттай хамгаалсны дараагаар “За одоо болсоон” гэхэд сэтгэл ямар их амарсныг илэрхийлэхийн аргагүй.
Бид Премьер лигт байж боломгүй байрт орсон ч Европа лигт түрүүллээ. Өнөөдөр манай багийн хөгжөөн дэмжигчид өрсөлдөгч багийнхнаас илүү байж чадлаа. Өнөөдөр тэд тоглолтоос цагийн өмнө ирсэн бол бид тоглолтын дараа нэг цагийг хамт өнгөрүүлж чадлаа.
Анже хоёрдахь улиралдаа цом өргөнө л гэсэн. Түүнийгээ хийлээ. Надад одоо микрофон өгвөл би дасгалжуулагчид чангаар баяр хүргэмээр байна. Энэ хүн бидэнд ямар их итгэдэг гэж санана” хэмээн өгүүлжээ.
Харин хожигдож, хоосон хоцорсон “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Рубен Аморим “Гоол алдчихаад бид санаачлагыг авч тоглосон. Байж болох бүхнийг л туршлаа. Би энэ ажилд тохирох хүн гэдэгтээ итгэлтэй хэвээр байна. Би эндээс явахгүй, явахгүй гэдгээ дахин дахин хэлэхийг хүснэ. Үүн дээр би санаа зовохгүй байна. Би өөртөө үнэхээр итгэлтэй байна.
Гэхдээ намайг энд хэрэггүй гэвэл би маргааш нь гараад л явчихна. Гэхдээ би өөртөө итгэлтэй байгаа болохоор санаа зовохгүй байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )