Маск, Безос нар биднийг хэрхэн дижитал боол болгож байна вэ!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 27

Илон Маск, Жефф Безос, Марк Цукерберг нар дундад зууны феодалуудтай юугаараа ижил вэ? Грекийн эдийн засагч Янис Варуфакисын үзэж буйгаар тэд бүгд ямар ч хэрэгтэй үнэт зүйл бүтээлгүйгээр үүлэн хөрөнгөнийхөө үүлэн түрээсээр амьдардгаараа ижил.  Энэ талаар тэр “Технофеодализм: Капитализмыг юу хөнөөв” номдоо бичжээ. Грекийн сангийн сайд асан, Афины их сургуулийн профессор Янис Варуфакисыг энэ цаг үеийн хамгийн радикал үзэлтэй эдийн засагчдын нэг гэдэг. Түүний үзлээр, өнөөдөр дэлхийн эдийн засагт болж буй зүйлийг капитализм гэж хэлэх боломжгүй. Учир нь капитализм хэдийн үхсэн. Харин капитализмыг түүний төрүүлсэн үүлэн капиталистууд хөнөөсөн. Google, Apple, Amazon, Х, Meta, Uber, TenCent, Alibaba зэрэг орчин цагийн технофеодалууд илүү нарийн шинэ хэлбэрийн мөлжлөгийг бий болгож байна гэж Варуфакис үзэж байна.

Технофеодал хандлага

Инженерийн ховор авьяасыг илэрхий сагсуу зантай хослуулсан гялалзсан, төгс бус Илон Маск бол манай үеийн Томас Эдисон гэж Варуфакис бичжээ. Автомашин үйлдвэрлэлээс сансрын нислэг, тархины интерфейс хүртэлх гоц ухаантнуудын оршуулгын газар болсон салбарт хувьсгал хийсэн Маск хямралд орсон Твиттер сүлжээг олон тэрбум ам.доллароор худалдан авч, үйлдвэрлэгч, инженерийн хувьд хүрсэн бүхнээрээ дэнчин тавьж байв. Олон ажиглагчид түүнийг байгаа тогломуудаасаа уйдаж, шинэ илүү гоё тоглоом хайж байгаа баян хүүхэд болсон гэж байв. Гэхдээ түүний эл худалдан авалтад логик бий. Маскийн сэтгэлгээний хэв маягаас хамаагүй илүү технофеодал логик.

Ангарагаас ирсэн эр: Маск хэрхэн мөнгө олж, зардаг вэ

Маск үнэхээр сэтгэл хангалуун биш байвал гайхах хэрэггүй. Үйлдвэрлэгчийнхээ хувьд хүрсэн амжилт, дэлхийн хамгийн чинээлэг эрхэм гэсэн статусаас үл хамааран түүний амжилтууд ч тэр, эд хөрөнгө ч тэр түүнд засаглагч анги руу орох боломж өгөөгүй. Түүний Tesla компани үүлэн технологийг овжин ашиглан, автомашинаа их өгөгдөл үйлдвэрлэдэг дижитал сүлжээний хаб болгон хувиргаж,  байна. Түүний SpaceX компани, манай гарагийн тойрог замыг бохирдуулж буй хиймэл дагуулын сүргийн хамтаар бусад магнатуудын үүлэн хөрөнгийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Харин Маск өөрөө? Харамсалтай нь бизнес ертөнцийн “эрх жаал”-д үүлэн капиталын асар их түрээсэнд хүрэх гарц одоогоор үгүй байна. Гэхдээ энэ гарц нь Твиттер буюу Х сүлжээ болох боломжтой.

Маск Х сүлжээг авсан даруйдаа нийгмийн сүлжээг олон нийтийн талбар хэвээр үлдээх эрмэлзэлтэйгээ илэрхийлсэн. Либерал ажиглагчид Доналд Трампын аккаунтыг сэргээсэнд сэтгэлээр унаж, ёс зүйтэй хүмүүс Х сүлжээний ажилтнууд олноор халагдаж буйд дургүйлхэж, зүүний үзэлтнүүд Руперт Мердокийн хувилбар гарч ирсэнд шаналж байх үед Маск бөмбөгнөөс нүдээ салгаагүй. Тэрбээр Твиттерийг бүхний апп болно гэж найдаж байгаагаа илэн далангүй илэрхийлж байв. Бүхний апп гэдгээр тэр юу хэлэхийг хүсэж байв? Тэр хэрэглэгчдийн анхаарлыг татах, хэрэглэгчийн зан төлөвийг өөрчлөх, тэднийг үүлэн албатын хувиар үнэгүй ажлын хүч болгох, эцэст нь бараа бүтээгдэхүүнээ борлуулах эрхийн төлөө худалдаачдаас үүлэн түрээс авах боломжийг олгох технофеодалын түлхүүрийг хэлж байв.

Гэвч Amazon, Google, Alibaba, Facebook, TikTok болон Tencent -ийн эздийг бодвол Маскт бүхний апп болгон хөгжүүлэх зүйл үгүй байв. Түүнд тэгээс эхлэх боломж ч тэр, цаг хугацаа ч тэр байсангүй. Харин ийм боломж бүхий ганц интерфейс байсан нь Твиттер юм. Асуудал нь Маск үүнийг үүлэн капитал болгож, улмаар үүлэн капиталистуудын шинэ технофеодалын засаглагч анги, давхаргын гишүүн болох эрхийг авч чадах уу гэдэгт оршиж байна. Энэ нь Твиттерийн үүлэн капиталыг амжилттай нэмэгдүүлж, өөрийнхөө их өгөгдлийн сүлжээнд нэгтгэж чадах эсэхээс шалтгаална. Амжилттай ч бай амжилтгүй ч бай Твиттерийг худалдан авсан нь технофеодализмын тухай ойлголт, үүний нээж буй боломж бидэнд эл ертөнцөд юу болж байгааг илүү сайн ойлгох боломжийг олгож байна.

Их инфляцын технофеодал үндэс суурь

Их өөрчлөлт бүр шинэ төрлийн хямрал авчирдаг. Хөдөө аж ахуйг бий болгосноор ижил төрлийн ургамал, амьтдын байгалийн бус төвлөрөл өвчин үүсгэгч нян үржихэд хүргэж, эдгээр нь аймшигтай тахал дэгдээж байв. Капитализм ирэхдээ Их хямралыг дагуулсан.

Өнөөдөр технофеодализм тогтвортгүй байдлын шалтгааныг улам гүнзгийрүүлж, шинэ заналхийлэл болгон хувиргаж байна. Цар тахлын дараах их инфляц, хямралыг технофеодализмаас ангид ойлгох боломжгүй.

2008 оны хямралын дараах 12 жилийн турш төв банкнууд банкируудын алдагдлыг нөхөхийн тулд олон их наядыг хэвлэж байсан. Банкируудын социализм, харин бусдын хувьд хатуу хэмнэлтийн дэглэм нь өрнөдийн капитализмын хөрөнгө оруулалтыг сулруулж, хөгжлийг сааруулж, алтадсан зогсонги байдалд хүргэснийг бид харж байлаа. Энэ үеэр төв банкны хортой мөнгө үүлэн капиталын хуримтлалд цорын ганц их хэмжээний хөрөнгө оруулалт болон орж байлаа. 2020 он гэхэд үүлэн түрээс хөгжингүй ертөнцийн цэвэр орлогын ихэнхийг бүрдүүлж байв. Энэ бол үүлэн түрээс хэрхэн оройд гарсан тухай товч түүх.

Түрээсийн ялгуусан эргэн ирэлт зөвхөн гүн гүнзгий, хорт зогсонги байдлыг илтгэдэг гэдгийг ойлгохын тулд заавал зүүний үзэлтэн байх албагүй. Чөлөөт зах зээлийг дэмжигч, ХХ зууны эхэн үеийн банкир Давид Рикардо энэ талаар түрээс өсөх нь хөрөнгө оруулалтыг бууруулж, бараа бүтээгдэхүүний эрэлтийг багасгаж, эдийн засгийн өсөлт зогсоход хүргэдэг гэж байв. Түрээс нь эдлэн газар, дарвуулт завь, урлагийн бүтээл, крипто валют зэрэг өмчлөл болж, эргэлтэд орж, хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулдаггүй. Ингэж тамын тойрог үүсдэг. Зогсонги байдал гүнзгийрч, төв банкнуудыг илүү их мөнгө хэвлэхэд хүргэснээр илүү их түрээс авч, хөрөнгө оруулалтыг багасгахад хүргэдэг.

Цар тахал эл чиг хандлагыг улам бэхжүүлсэн. Цар тахлаас өмнөх үеийг бодвол энэ удаад 2008 оноос хойш анх удаа төв банкнуудын хэвлэсэн их наядуудын зарим хэсгийг засгийн газрууд хүн амдаа тараах замаар хөл хорионд байсан иргэдийнхээ амьжиргааг дэмжсэн. Гэсэн хэдий ч шинэ мөнгөний ихэнх хэсэг эцсийн дүндээ технологийн томоохон корпорацуудын хувьцааны үнэ өсөхөд хүргэсэн билээ. Үүгээр Швейцарын UBS банкны 2020 онд нийтэлсэн тайланд дурдсан тэрбумтнуудын хөрөнгө 27.5 хувиар нэмэгдэж байхад олон сая хүн ажилгүй болж эсвэл төрийн хөтөлбөрүүдийн ачаар амьжиргаагаа арайхийн залгуулж байсныг тайлбарлаж байна.

Тухайн үед боомт, зам, нисэх онгоцны буудлууд хаагдаж байсан нь олон жилийн турш хөрөнгө оруулалтын хомстлоос болж шаналж байсан эдийн засгуудад бараа бүтээгдэхүүний эргэлт буурахад хүргэж, дотоодын үйлдвэрлэлийн боломжийг нь шавхсан. Нийлүүлэлт гэнэт буурахад юу болдог вэ? Ялангуяа, хөл хорионд орсон масс төв банкны мөнгөний модноос санхүүгийн тусламж авч байгаа үед? Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт тултал өсөж, тогтвортой үнэ ноёрхож байсан олон жилийн дараа их инфляцын үе ирдэг.

Нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдсанаас үүдэлтэй инфляц энэ удаад харьцангуй дундаж байна гэж олон хүн найдаж байсан. Мөн инфляц түр хугацааных байна гэсэн хүлээлт нь логиктой байсан. Гэвч нөхцөл байдал эсрэгээр эргэсэн.

Инфляц нь хэзээ ч цэвэр мөнгөний үзэгдэл байдаггүй. Үүнтэй адил мөнгө ч хэзээ ч зөвхөн солилцооны өртгийн шинжтэй байгаагүй. Ямар нэгэн шалтгаанаар үнэ өсөхөд нийгмийн хүчний тоглоом эхэлдэг. Энд бүх тал яриа хэлэлцээний үеэр баримтлах байр суурь нь хэр хүчтэй байгааг үнэлэхийг хичээдэг. Аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд ашгийнхаа хэмжээг хадгалж үлдэхийн тулд биш юм гэхэд өсөн нэмэгдэж буй зардлаа нөхөхийн тулд үнээ хэр их өсгөх боломжтойг олж мэдэхийг хүсдэг.

Уламжлалт болон үүлэн түрээслэгчид түрээсийн төлбөр нэмэгдэх тухай мэдэгдэл хийх замаар хөрс сууриа тэмтэрч үздэг. Харин ажилчид өсөн нэмэгдэж буй төлбөр, тооцоогоо бага ч гэсэн нөхөхийн тулд цалингаа нэмэгдүүлэх хэр их боломж байгааг үнэлдэг. Засгийн газрууд ч энэ тоглоомд оролцоно. Энэхүү хүчний тоглоомд эрх мэдэлтэй байх нь чухал. Хэрэв капитал хөдөлмөрийг дарангуйлж байгаа бол инфляц өсөх нь зогсоно. Энэ тохиолдолд ажилчид цалин нь аажмаар буурна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрдэг. Хэрэв Хятад шиг засгийн газар капиталаас илүү эрх мэдэлтэй бол хөрөнгөтнүүд болон түрээслэгчид орлогынх нь нэг хэсгийг төсвийн алдагдал, өр эсвэл зардлыг нөхөхөд зарцуулахыг хүлээн зөвшөөрнө.

Тэгвэл өөр нэг асуулт гарч ирнэ. Үүлэн капитал “газрын” капиталаас давамгайлсан, хөдөлмөр нь энэхүү шатлалын хамгийн доор байгаа нийгэмд юу болох вэ? Ийм нийгэмд хоёр зүйл тохионо. Нэг нь нөгөөхөөсөө илүү илт. Өнгөц харахад супермаркетууд, эрчим хүчний компани болон бусад томоохон корпорацууд хэт их ашиг олно. Харин технофеодалын эрт үеийг даван туулж байгаа дэлхийд Их инфляцын илт биш ч сонирхолтой үр дагавар нь маш нарийн байдлаар нийгмийн үйлдвэрлэлийн эд эсэд суусан байдаг. Өөрөөр хэлбэл үүлэн капитал уламжлалтыг үтэр түргэн шахан гаргаж, технофеодализмын нөлөөг улам бэхжүүлэн, хүчирхэгжүүлдэг гэж Янис Варуфакис номдоо өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu