Криштиано Роналдо өчигдөр сошиал хаягтаа салаа утгатай учир битүүлэг пост оруулсныг Дэлхийн хөлбөмбөг сонирхогчид таахыг хичээж байна.
40 настай португал довтлогчийн баг болох Саудын Арабын “Аль Наср” өчигдөр хөлбөмбөгийн энэ улирлынхаа сүүлчийн тоглолтод 2:3-аар хожигдлоо. Нэг гоол Роналдо оруулснаар нийт гоолын тоо нь 936 хүрэв.
Саудын Арабын “Аль Наср” клубт 2023 оны нэгдүгээр сард очсоноосоо хойш 111 тоглолтод оролцохдоо 99 гоол оруулаад амжжээ. Хоёр улирал дараалан Саудын Арабын лигийн шилдэг мэргэн бууч ч боллоо. Гэхдээ баг нь лигтээ гуравдугаар байр эзэлсэн нь түүний хүссэн амжилт биш гэдэг нь тодорхой юм. Тиймээс ч учир битүүлэг постыг хүмүүс тэндээс явах гэж буйн дохио байж магадгүй гэж үзэж байна.
“Энэ бүлэг дууслаа. Түүх үү? Түүх үргэлжлэх болно. Та бүгдэд талархая” гэж Роналдо постдоо бичсэн юм. Нэг талаас нь бодвол “Аль Наср” дахь үе үүгээр дууслаа” гэж байгаа юм шиг. Нөгөө талаас нь бодвол “Энэ улирал үүгээр дуусла”а гэж байгаа ч юм шиг энэхүү оньсогын хариуг мөдхөн өөрөө тайлж хэлэх буй за.
Криштиано Роналдог “Аль Наср”-аас явж магадгүй гэх мэдээ үе үе үзэгдэх болоод байлаа. Ялангуяа Шаби Алонсо Испанийн “Реал Мадрид”-ын дасгалжуулагчаар очсон тул Криштиано Роналдог түр хугацаанд урьж, Клубүүдийн ДАШТ-д оролцуулж магадгүй гэсэн мэдээ олны сонирхлыг их татсан.
Саудын Арабын клубүүдээс ганцхан “Аль Хилаль” Клубүүдийн ДАШТ-д оролцох эрх авсан ч гэлээ Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Жаннии Инфантино асар өндөр шагналын сантай энэхүү тэмцээндээ олны сонирхлыг улам татахын тулд Криштиано Роналдог оролцуулахаар хөшигний цаагуур хичээн гүйж байж мэдэх юм.
“Криштиано Роналдо Клубүүдийн ДАШТ-д оролцох багуудын аль нэгд тоглож болно шүү дээ. Энэ талаар яриа хэлэлцээр ч явж байгаа” хэмээн Монголд саявтархан ирээд буцсан стримэр IshowSpeed-тэй ярилцахдаа Жанни Инфантино өгүүлсэн юм.
“Тийм ээ, Криштиано Роналдо энэ тэмцээнд оролцох боломж бий. Хэд хэдэн клубтэй яриа хэлэлцээр хийж байгаа. Ямар нэгэн клуб түүнийг түр зуур авахыг хүсэж байгаа бол энэ боломж байж болно. Юу ч болоо билээ, харж л байя” хэмээн Инфантино өгүүлсэн байна лээ.
Криштиано Роналдог “Реал Мадрид” түр хугацаагаар авах уу, эсвэл өөр клубт очих уу, эсвэл Саудын Арабад үлдэх үү гэдэг нь ойрын өдрүүдэд тодорхой болно. Учир нь Клубүүдийн ДАШТ зургаадугаар сарын 14-нд эхэлнэ. Үүнээс өмнө тус тэмцээнд тусгайлан зориулан зуны наймааны цонх түр нээгдэх юм.
Сэтгэгдэл ( 0 )