Жуулчдын тоо өнгөрсөн оныхоос нэмэгдэх хандлагатай байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 29

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авна. 2015 он гэхэд манай улсад жилд нэг сая орчим гадны жуулчин ирдэг болно” хэмээн мэдээлсэн цаг саяхан. Өнгөрсөн онд манай улсад нийтдээ 480 мянга гаруй жуулчин ирсэн. Тэгвэл энэ онд жуулчдын тоо хэдээр нэмэгдэх бол.

Засгийн газрын дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхэд чиглэсэн ямар, ямар арга хэмжээ авч байгаа вэ. Аялал жуулчлалын салбарын бодлого боловсруулагчид “Энэ онд жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс ойролцоогоор 20-25 хувиар нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна” гэсэн. Ямартай ч жуулчдын манай улсыг зорьдог, аялдаг үе ид үргэлжилж байна. Аялал жуулчлалын үндэсний төвийнхний мэдээлж буйгаар энэ оны эхний хагас жилийн байдлаар 258 мянга гаруй гадаадын иргэн манай улсад иржээ. Гэхдээ дээрх тооны хүмүүс бүгд жуулчлах зорилгоор ирээгүй.

Тодруулбал, 201 мянга гаруй нь жуулчин аж. Эдгээр жуулчид 88 сая 461 мянга гаруй ам.долларын орлого оруулжээ. Нийт ирсэн жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 14 мянга орчмоор буюу 7.4 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс үзвэл жуулчдын тоо энэ жилийн хувьд өмнөх жилүүдийнхтэй л адил цөөн тоогоор нэмэгдэж байгаа аж. Гэхдээ энд нэг зүйлийг онцлохгүй орхиж болохгүй санагдлаа.

Өнгөрсөн онд манай улсыг зорих жуулчдын тоо өмнөх оныхоос 10 хувиар нэмэгдсэн. Энэ жилийн хувьд ч 10-аас нэг их хэтрэхгүй шинжтэй байгаа. Жилд 10 орчим хувийн өсөлттэй байвал нэг сая жуулчин ирэх цаг яагаа ч үгүй гэсэн үг. Аялал жуулчлалын салбарынхан ч “Яг энэ өсөлтөөрөө явах юм бол 2015 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авна гэдэг зорилго биелэх ямар ч боломжгүй” гэж үзэж байгаа юм билээ. Тиймээс гадны жуулчдад Монголын нүүр царайг хэрхэн сурталчлах, аялал жуулчлалын салбарт дэд бүтэц байгуулахад, цаашлаад энэ салбараас олох ашгийг нэмэгдүүлэхийн тулд ямар нэг зүйл хэлэх биш хийх цаг нь хэдийнэ болчихоод байгаа юм.

Аялал жуулчлалын үндэсний төвийн дэд захирал Н.Молороос дараах асуултад хариулт авлаа.

-Энэ онд хэдэн жуулчин ирнэ гэсэн урьдчилсан тооцоо байгаа вэ. Ер нь өнгөрсөн жилийнхээс нэмэгдэх хандлага ажиглагдаж байна уу?
-Жуулчны оргил үе дуусах хараахан болоогүй байна. Энэ сард болон найм, есдүгээр сард манай улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгддэг шүү дээ. Ямартай ч оргил үе эхлээгүй байхад жуулчдын тоо өсөлттэй байна гэдэг нь энэ жил жуулчдын тоо өнгөрсөн оныхоос их байх нь гэсэн үг. Энэ жилийн хувьд 500 мянган жуулчин хүлээж авна гэж тооцоолж байгаа.

-Тэгвэл энэ жил Монголыг дэлхийд сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэх талаар авсан хамгийн гол арга хэмжээ нь юу байв?
-Хавар “ITB Berlin” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс нэлээд ач холбогдол өгч, амжилттай оролцсон. Тэр үеэр Монголыг сурталчлах чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулсан юм. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч сурталчилгаагаа хийсэн. Ерөнхийдөө энэхүү арга хэмжээ нь Монголын талаас олон улсад хийсэн маш том сурталчилгаа болсон. Тиймээс Европоос ирэх жуулчдын тоо өснө гэж тооцоолж байгаа. Наадмын үеэр ч ийм байдал ажиглагдсан. Жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс өссөн нь харагдсан. Гэхдээ долоодугаар сарын байдлаар манай улсад ирсэн жуулчдын тоог гаргах хараахан болоогүй байна. Ямартай ч Англиас ирсэн жуулчдын тоо л гэхэд өмнөх оныхоос нэлээн өсөлттэй байгаа нь харагдаж байгаа.

-“Сурталчилгаа амжилттай хийсэн” гэлээ. Тэгвэл дэлхийн бусад орнуудаас, ялангуяа Европоос аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байна уу?

-Аялал жуулчлалын чиглэлээр хөрөнгө оруулалтын саналууд ирдэг. Гэхдээ тэр болгонд хэрэгжиж байгаа нь одоохондоо алга. Засгийн газраас “Хар хорин XIII зуун” аялал жуулчлалын цогцолбор барих ажил төлөвлөсөн. Энэ төсөлд санхүүжилт өгөөч гэсэн саналыг олон газарт тавьсан. Гэсэн ч одоогийн байдлаар ямар нэг хөрөнгө оруулалт орж ирээгүй байгаа. Жижиг төслүүдийн хувьд  ч гэсэн байдал адилхан байна. Ерөнхийдөө төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулчихсан. Хөрөнгө мөнгө нь л байхгүй. Засгийн газар “Хархорин XIII зуун” төсөлд бол 500 орчим сая ам.долларын санхүүжилт өгнө гэж ярьж байсан юм. Гэхдээ яг хэзээ энэ мөнгийг өгнө гэдэг нь тодорхойгүй байна

-Зөвхөн “Аялал жуулчлалын салбарыг Монгол Улсын тэргүүлэх чиглэлээр тодорхойллоо. Бүсчилж хөгжүүлнэ” гэж ярьдаг л бололтой юм. Өнгөрсөн жилийнхээс өөрчлөгдсөн зүйл нэг их алга?
-Аялал жуулчлалын салбарыг тэр бүр ойлгож, дэмждэггүй. Учир нь аялал жуулчлал бол 100 хувь хувийн хэвшил дээр тогтдог, бизнесийн салбар. Тиймээс “Хөрөнгө оруулалт хийхээр тухайн хувь хүмүүс л ашиг олоод байна” гэж ойлгодог. Аялал жуулчлал эрхэлж буй хүмүүс тодорхой хэмжээний ашиг олдог нь үнэн. Гэхдээ орлогын тодорхой хувь нь малчинд, өрхийн үйлдвэрлэл, газар тариалан эрхэлж буй хүмүүст очиж байгаа шүү дээ. Нэг жуулчин ирэхэд найман ажлын байр идэвхиждэг гэж ярьдаг. Энэ жил Засгийн газар түүхэндээ анх удаа аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулсан. “IBT Berlin” үзэсгэлэнд оролцоход зориулж тодорхой санхүүжилт өгсөн юм.

Эх сурвалж: Улс төрийн тойм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top