Конференц лигийн аваргаар Английн “Челси” тодорлоо. Финалд Испанийн “Бетис”-ийг 4:1-ээр хожсоноор фанатуудаа дахин баярлуулсан юм. Дахин гэхийн учир нь хэдхэн хоногийн өмнө Премьер лигтээ 4 дүгээр байр эзэлж, ирэх улиралд Аваргуудын лигт өрсөлдөх эрхээ авсан. Тэгвэл үүн дээрээ нэмж Конференц лигийн цомыг гардсанаар Европын клубүүдийн бүх цомыг гардсан ганц клуб боллоо.
Тоглолтын шилдгээр “Челси”-гийн Коул Палмер нэрлэгдсэн байна. Түүний дамжуулалтаар Энцо Фернандес эхлээд тоог тэнцүүлсэн бол таван минутын дараагаар дахин түүний дамжуулалтаар Николас Жексон тоглолтын хувь заяаг үндсэндээ шийдсэн юм.
“Хоёрдугаар үед бид илүү эрч хүчтэй тоглолоо. Бөмбөг аваад арагш юмуу хөндлөн дамжуулахаас залхсан тул эрсдэлтэй дамжуулалт хийхийг зорьж, Энцог урагш гүйхийг хараад өгсөн. Хоёр дахь дамжуулалт ч мөн адил” хэмээн 23 настай англи хагас хамгаалагч Коул Палмер өгүүлжээ.
“Энэ улирлын явцад Палмерт таагүй үе тулгарсан нь улам хүчтэй болгожээ. Шилдэг тоглогч гэдгийг нь бид мэднэ. Хэрэгтэй цагтаа шаардлагатай байрлалдаа байвал гоол, гоолын дамжуулалтаараа тоглолтыг хувь заяаг шийдэх чадвартай залуу. Өнөөдөр л гэхэд хоёр гайхалтай дамжуулалт өглөө” гэж дасгалжуулагч Энцо Мареска магтсан байна.
Гэхдээ Мареска зөвхөн Палмерийг бус мөн Рис Жэймсийг онцлон дурдах ёстой гэж үзлээ.
“Би хувьдаа Жэймсийг байнга гараанд гаргамаар санагддаг юм. Гэхдээ эрүүл мэндийг нь бодох хэрэгтэй. Энэ улиралд өмнөх хоёр жилийнхээсээ олон тоглолтод гарлаа шүү дээ. Тиймээс хааяа суулгаж, эрсдэлээс сэргийлж байлгүй болохгүй. Үүнийг өөрөө ч ойлгож байгаа. Рис бол яг л Палмер шиг багтаа их чухал хүн. Түүнийг өнөөдөр талбайд гаргахад “Битгий санаа зов оо, босс. Бид энэ тоглолтод хожно” гэж хэлсэн” хэмээн Мареска өгүүлсэн байна.
Цагтаа “Челси”-д тоглож явсан Жо Коул “Энцо Мареска энэ залуу бүрэлдэхүүнийг хөгжүүлж, сайжруулсаар л байна. Магадгүй их онцгой баг болгож мэдэх юм. Өнөөдрийнх шиг ийм финал фанатуудыг багтаа улам хайртай болгоно” хэмээжээ.
Энэ улиралд Европын цомын финалд Испанийн ганцхан баг шалгарсан нь “Бетис” байлаа. Гэвч тэд хожигдлоо. Сүүлийн 6 жилийн хугацаанд Испанийн клубүүд Европын цомд ийм амжилт муутай оролцоогүй юм.
“Бетис”-ийн дасгалжуулагч Мануэль Пеллегрини тоглолтын дараагаар “Манай хөлбөмбөгчид юу мэдэрч байгаа бол гэсэн үү? Сэтгэл санаа нь хоосорсон байлгүй. Эхний үед тоглосон шигээ байж чадсангүй. Бид Эззалзүлигаар дамжуулан “Челси”-д аюул тарьсан ч шагайгаа эвгүй гишгэсэн болохоор суулгахаас өөр аргагүй байлаа. Гэхдээ би багийнхаа тоглолтоор бахархаж байна.
“Бетис”-ийн хувьд Конференц лигийн финалд гарна гэдэг гавъяа шүү. Бид энэ улиралд үнэхээр сайн байлаа. Харамсалтай цом өргөж чадсангүй. Маргаашаас дараагийн улиралд бэлдэж эхлэх болно” хэмээн мэдэгджээ.
Хөлбөмбөгийн талбайгаас хальж, финал болсон Польшийн Вроцлавын гудамжинд өрнөсөн үйл явдлын талаар цухас өгүүлье.
Стадион 42 мянган үзэгчийн багтаамжтай ч Англи, Испаниас 70 гаруй мянган фанат ирж, Вроцлавын гудамжинд багтаж шингэхээ больжээ. Фанатуудын шар айргаа шимж, зарим нь хэтрүүлэн хэрэглэж, хоёр тал болон хоорондоо зодолдож, сандал шидэлцэж танхайрсан хэрэг ч гарлаа.
“Бетис”-ийн фанатууд ногоон өнгийн футболка дээрээ “хулиган” гэсэн бичигтэй хүрэлцэн очиж, “Челси”-гийн фанатууд руу гэнэт дайрч, зодсон байна. Олон мянган фанатын ааш аяг, танхайрлыг тогтоож дийлэхгүй болсон тул Польшийн хот бүрээс нэмэгдэл хүч дуудаж, 2000 гаруй цагдаа журам тогтоохоор ажиллажээ.
Зарим фанатуудын аашийг дарахын тулд даралттай усаар шүршиж, танхайрсан 28 этгээдийг баривчилсан байна. Мөн гудамжинд илт танхайрсан зарим фанатуудыг таних ажиллагааг яаравчлан хийж, хилээр гаргалгүй хуулийн шийтгэл ногдуулахыг зорьж байгаа гэнэ.
Цагдаа нар журам сахиулахаар очиход хоёр тал болж үзэлцсэн фанатууд сандал мэтийн гарт тааралдсан болгоноо авч шидэж, Вроцлавын гудамжийг дайны талбар болгожээ. Тиймээс ч цагдаагийн бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, иргэдийн аюулгүй байдлыг цаг тухай бүрд нь ханган ажиллах болно гэсэн зарлал хүртэл гаргасан байна. Мөн нутгийн иргэдийг цаг алдалгүй мэдээлэл хүргэж байхыг уриалахад хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )