Гурван жил дуугүй байсан Роман Абрамович ам нээлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 10

Оросын арми Украины газар нутагт түрэмгийлэл үйлдэж эхэлмэгц тэрбумтан Роман Абрамовичийг Владимир Путины хүн, ойрын хамсаатан хэмээн үзэж Англи дахь хөрөнгөөсөө татгалзахыг Их Британийн төр засаг шаардаж, хориг тавьсан.

Ингээд 2022 оны гуравдугаар сард Абрамович 2003 онд 140 сая паундаар худалдан авсан хөлбөмбөгийн “Челси” клубээ зарахаас өөр аргагүйд хүрч, АНУ-ын Todd Boelhy-Clearlake Capital консорциумд 2.5 тэрбум паундаар худалдан ч тэрхүү мөнгийг нь Их Британийн банк царцааж, хөдөлгөх, зарцуулах эрхгүй болгосон.
 


Харин Роман Абрамович тэр мөнгийг Украины дайны золиос болсон энгийн номхон иргэдэд зориулна гэж мэдэгдэж байсан юм. Дайны золиос гэдэг нь зөвхөн Украин бус мөн Оросын иргэд ч байж болох давхар утга бий.

Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд тэрхүү хөрөнгийг нь Их Британийн банк царцааж, тус улсын төр засаг ашиглахыг хичээсэн ч тодорхой тохиролцоо, ойлголцолд хүрч чадалгүй өдийг хүрсэн юм билээ. Энэ талаар Их Британийн хэд хэдэн сайд саяхан хэвлэлд ярихдаа Роман Абрамовичийн дайны золиос болсон хүмүүст зориулна гэж худал мэдэгдсэн хэмээн буруутгасан юм.

Тэгвэл Абрамович гурван жил дуугүй явсны дараагаар энэ сэдвээр ам нээхээр шийджээ. Саяхан хэвлэлээс гарсан номд нөхцөл байдлын талаар ингэж ярьжээ.
 


“Магадгүй ирээдүйд хэзээ нэгэн цагт би “Челси”-гийн стадионд очиж, фанатуудад зохих ёсоор “Баяртай” гэж хэлэх боломж олдох болов уу гэж боддог. Гэхдээ зөвхөн үдэлтийн үг хэлэх төдий юм шүү дээ. Тэрнээс биш дахиад хөлбөмбөгтэй холбоотой ямар ч ажил, төслийг сонирхохгүй.

Магадгүй ядуу айл өрхөд туслах, үнэхээр хэрэгжүүлж болохоор сайн төсөл байвал академийн хүүхдүүд юмуу залуучуудад тусалж бол чадна. Харин хөлбөмбөгийн клубын ажлын тухайд бол нэгмөсөн дуусгавар болгосон” гэжээ.

Их Британийн төр засаг буруутгаж буй тухайд “Оросын ард түмний нэг мэргэн үг байдаг юм. “Жингийн цуваа хөвөрч л байдаг, жингэр ноход хуцаж л байдаг” гэж. Юу ч хийлээ гэсэн намайг дандаа буруутгадаг хандлага бий. Эцсийн эцэст би хүмүүст туслахын тулд явсан” хэмээн өгүүлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu