Испанийн шигшээ болон “Барселона”-гийн 17 настай, гоц авъяастай хөлбөмбөгч Ламин Ямаль энэ улиралд 55 тоглолтод гарахдаа 18 гоол оруулж, 21 гоолын дамжуулалт өгсөн.
Түүнийг “Алтан бөмбөг” гардах магадлалтай цөөн хэдэн хөлбөмбөгчийн тоонд ч багтааж байлаа. Гэвч Үндэстнүүдийн лигийн финалд хожигдсоноор энэ магадлал буурсан.
Үндэстнүүдийн лигийн финалд Португалын шигшээд хожигдсоны дараагаар Ламин Ямаль руу дайрах хандлага нэмэгдлээ. “Реал Мадрид”-ын домог Гутид Ямалийн хувцаслалт, хандлага таалагдаагүйг шууд эфирээр шулуухан хэлсэн байна.
“Шигшээ багтаа ирчихээд малгайгаа буруу харуулчихсан хөлбөмбөгчийг анх удаагаа харж буй юм шиг санагдаж байна. Энэ чинь Испанийн шигшээ шүү дээ. Тиймээс энэ маяг нь надад огтхон ч таалагдсангүй.
Ямар амрахаар Ибица руу явж буй биш дээ. Испанийн шигшээ багийн тоглогч хэрнээ хэвлэлийн бага хурал дээр ингэж очиж л байдаг. Үнэхээр биш ээ” хэмээн Гути шүүмжилжээ. Үндэстнүүдийн лигийн шөвгийн дөрөвт Францтай хийх тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Ямаль малгайгаа буруу харуулж тавьчихаад ирснийг хэлж байгаа хэрэг.
Гутигаас гадна өмнө нь Рафаэл Ван дер Ваарт мөн түүний хувцаслалт, хэв маягийг шүүмжилсэн удаатай юм. Өнгөрсөн гуравдугаар сард Ямалийг шигшээ багийнхаа төлөө бүрэн дайчилж тоглохгүй байгааг дурдаад, тоглолтын дараагаар шортоо доошлуулж өмссөн нь Ван дер Ваартын эгдүүг хүргэсэн үйлдэл болсон.
Гэвч Ламин Ямаль хариуг нь Нидерландын эсрэг тоглолтоор өгчихөөд “Шортоо доошлуулаад нэг гоол. Пенальтиас хийгээгүй ч шөвгийн дөрөвт шалгарчихлаа. Хэ хэ хэ, Испани урагшаа!” гэж сошиал хаягтаа бичээд, Нико Уильямсын хамтаар шортоо доошлуулсан зураг оруулсан нь Ван дер Ваартад зориулсан хариу шиг харагдсан.
Ямалийн хандлагыг шүүмжлэгчид үүгээр хязгаарлагдахгүй. Испанийн цомыг гардчихаад Хаан Филипп VI-гаас шагнал авахдаа давхар шил толгойдоо духдуулж, Хааны гарыг хавсран баяраа хуваалцах гэсэн юм. Энэ нь Хааныг үл хүндэлсэн үйлдэл гэж олон нийт үзжээ.
“Энэ бол үл хүндлэл” гэж нэгэн бичсэн бол өөр нэгэн интернэт хэрэглэгч “Энэ залуу үнэхээр Z үеийнх юм аа, lol” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )