Өнөөдөр буюу зургаадугаар сарын 14-нд АНУ-д Клубүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/ эхлэх гэж байна. Улаанбаатараас 12 цагийн зөрүүтэй тул нээлтийн “Интер Майами” – “Аль-Ахли”-гийн тоглолт маргаашийн 08:00-ээс Монголд эхэлж таарч байгааг эхэнд дуулгая. Тэмцээний аварга баг долоодугаар сарын 13-нд тодорно. Биднийг бүтэн сарын хөлбөмбөг угтаж байна.
Энэ тэмцээний эх үндсийг хайвал 1960-2004 оны хооронд Тив хоорондын цом гэх тэмцээн юм. Европын Аварга багуудын цомын аварга баг /хожмоо Аваргуудын лиг гэж нэрлэгдсэн/, Өмнөд Америкийн Либертадоресийн цомын аваргатай тоглодог байсан.
2000 оноос Клубүүдийн ДАШТ гэх нэр бий болж, шинэчилсэн. Зургаан тивийн Холбоодын төлөөлөл болсон 8 баг оролцдог болгосон. 2001 онд Испанид 12 багтай болгож тоог нэмсэн. Ингэхдээ оролцож буй клуб бүрт 2.7 сая ам.долларын урамшуулал олгож байлаа. Австралийн “Воллонгонга” гэх клубын хувьд энэ урамшуулал түүхэнд нь байгаагүй их мөнгө болж ихэд баярласан юм. Харин аварга багт 8 сая ам.доллар олгож байв. Ерөнхийдөө ингэж эхэлж хөвөрсөн.
Энэ жилээс 6 тивийн Холбоодын 32 клубын оролцсон маш том тэмцээн болгохоор ОУХХ-ны ерөнхийлөгч Жанни Инфантино шаргуу хөөцөлдөж гүйсний дүнд ийнхүү эхний өдөртэйгээ золгож байна.
Эхлээд энэ удаагийн тэмцээний шагналын санг 1 тэрбум ам.доллар гэж мэдээлсэн. Алдартай, өндөр амжилттай клубүүд илүү өндөр урамшуулал хүртэж ирж байгаа. Жишээлбэл, Испанийн “Реал Мадрид”, Английн “Манчестер Сити” зэрэг клубүүд оролцож буйнхаа төлөө л тус бүр 38 сая ам.доллар хүртэнэ. Тэгвэл Аргентины “Бока Хуниорс”, “Ривер Плейт” нарын зэрэг тэр дайны клубүүдэд тус бүр 15 сая ам.долларыг оролцсоных нь төлөө олгож байгаа юм билээ.
Үүгээр урамшуулал хязгаарлагдахгүй. Хэснэгийн хожил бүр 2 сая ам.доллар, тэнцээ 1 сая ам.долларын урамшуулалтай. Хэсгээс тус бүр хоёр баг дараагийн шатанд буу шөвгийн 16-д шалгарна. Энэ шатанд шалгарсан 16 баг бүрт 7.5 сая ам.доллар урамшуулалд өгнө. Харин шөвгийн наймд шалгарсан баг тус бүрд 13.125 сая ам.доллар, шөвгийн дөрөвт шалгарвал баг тус бүрт 21 сая ам.доллар, хоёрдугаар байрт шалгарсан багт 30 сая, түрүүлсэн багт 40 сая ам.доллар олгохоор бэлджээ.
Одоо хэсэг тус бүрийг танилцуулъя. 32 багийг 8 хэсэгт тус бүр 4-өөр хуваасан. Хэсгээс эхний хоёр байр эзэлсэн баг дараагийн шатанд буюу шөвгийн 16-д шалгарна. Хасагдах шатны тоглолт үндсэн цагт тэнцвэл нэмэлт 2 үе тус бүр 15 минут тоглоно. Ингээд бас ялагч тодрохгүй бол тоглолтын дараах пенальтиар шийднэ.
А хэсэг: Палмейрас /Бразил/, Порто /Португал/, Аль-Ахли /Египет/, Интер Майами /АНУ/
В хэсэг: ПСЖ /Франц/, Атлетико Мадрид /Испани/, Ботафого /Бразил/, Сиетл Соундерс /АНУ/
С хэсэг: Байерн Мюнхен /Герман/, Окланд Сити /Шинэ Зеланд/, Бока Хуниорс /Аргентин/, Бэнфика /Португал/
D хэсэг: Фламенго /Бразил/, Эль Тунис /Тунис/, Челси /Англи/, Лос-Анжелес /АНУ/
E хэсэг: Ривер Плэйт /Аргентин/, Үрава Редс /Япон/, Монтеррей /Мексик/, Интер /Итали/
F хэсэг: Флуминэнсэ /Бразил/, Боруссиа Дортмунд /Герман/, Үлсан Хьюндай /Өмнөд Солонгос/, Мамелоди Сандоунс /Өмнөд Африк/
G хэсэг: Манчестер Сити /Англи/, Видад /Марокко/, Аль-Айн /АНЭУ/, Ювентус /Итали/
H хэсэг: Реал Мадрид /Испани/, Аль-Хилаль /Саудын Араб/, Пачука /Мексик/, Ред Булл Зальцбург /Австри/
Түрүүн өгүүлсэнчлэн нээлтийн Интер Майами – Аль Ахлигийн тоглолт УБ цагаар өглөөний 08:00-д эхлэх бол дараагийн Байерн Мюнхен – Окланд Ситигийн тоглолт 16-ны 00:00 цагт, түүний дараа ПСЖ – Атлетико Мадрид 03:00-д, дараа нь Палмейрас – Порто 06:00 гээд үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )