24 настай украин хагас хамгаалагч Михаил Мудрикийн тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасаж магадгүй боллоо.
Өнгөрсөн намар тоглолтын дараагаар тохиолдлын журмаар сонгогдон допингийн шинжилгээ өгсөн тамирчдын дотор Михаил Мудрик багтсан юм. Гэтэл дээжнээс нь мельдони илэрч, улмаар 11 дүгээр сараас хөлбөмбөг тоглох эрхийг нь түдгэлзүүлж, В сорьцыг шинжилгээнд явуулсан.
Мудрик ч энэ хугацаанд зүгээр суулгүй Поль Погбаг яг ийм асуудалд ороход нь тусалж, 4 жилийн шийтгэлийг нь 18 сар болгож богиносгож чадсан Morgan Sports Law хуулийн фирмтэй хамтран ажиллаж эхэлсэн юм.
Мудрик өнгөрсөн жилийн 12 дугаар сард сошиал хаягтаа мэдэгдэл нийтлэхдээ “Миний шинжилгээнээс хориотой эм бэлдмэл гарсныг баталж байна. Үүнийг сонсоод гайхан цочирдлоо. Би хэзээ ч хориотой эм бэлдмэл санаатайгаар хэрэглэж байгаагүй, хэзээ ч допингийн журмыг зөрчиж байгаагүй. Тиймээс нөхцөл байдлыг тодруулах, учрыг олохын тулд нягт хамтран ажиллах болно” гэсэн юм.
Мудрикийг 2023 оны өвлийн наймааны цонхоор “Арсенал”-аас өрсөн “Челси” 62 сая паундаар худалдан авсан. Одоо түүнд клубын баазад бэлтгэл хийх ч эрх үгүй.
Конференц лигийн финал Польшийн Вроцлавт болоход Мудрик багийнхантайгаа хамт байхаар очсон тухай мэдээ, гэрэл зургууд нийтлэгдсэн. Конференц лигийн аварга болсны дараа багийнхантайгаа хамт баяр тэмдэглэсэн ч удалгүй түүний 10 дугаарыг Коул Палмерт өгснөө “Челси” зарласан.
“Челси” түүнийг “Арсенал”-аас өрсөж авмагцаа 8 жил хагасын урт хугацааны гэрээ хийсэн. Харин одоо Мудрик тоглох боломжгүй болсноор жигүүрт шинэ тоглогч, тодруулбал Жэйми Гиттэнсийг “Боруссиа Дортмунд”-аас авахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )