Клубүүдийн ДАШТ-ий шөвгийн наймын “Парис Сэн Жэрмэйн”-“Байерн Мюнхен”-ий тоглолтын явцад 22 настай Жамал Мусиала хүнд бэртэл авч, дамнуурга дээр өргүүлэн талбайгаас гарсан. Түүнийг Атлантагийн эмнэлэгт яаралтай хүргэж, яс хугарсныг тогтоосон байна.
Мусиалагийн гэмтэлд Парисын клубын хаалгач Жанлуижи Доннаруммаг буруутгасан үгсийг Мюнхений хаалгач Мануэль Нойер тоглолтын дараа хэлжээ. Мусиала Доннарумматай тулахдаа тулгуур хөлөө даруулж, улмаар тавхай нь эргэсэн юм.
“Тэгж бөмбөг рүү орох ямар ч хэрэг байгаагүй. Тийм үйлдэл хийснээрээ Доннарумма өрсөлдөгчөө гэмтээлээ. Тэр явдлын дараа би Доннарумма руу дөхөж очоод “Чи манай багийн тоглогчийг очиж харахгүй юм уу?” гэж хэлсэн. Гэмтээсэн хүн өөрөө очоод харамсаж, хүндэлж буйгаа харуулж, түргэн эдгэхийг хүссэн бол арай өөр шүү дээ” гэж Нойер өгүүлжээ.
Мюнхений клубын захирал Макс Эберль “Аймшигтай гэмтлээ. Хөлбөмбөг тоглоод баяр жаргалтай байтал ийм хүнд цохилтод орчих гэж. Бид нэг гэр бүлийн хувиар хэцүү цагт нь хамт байх болно. Доннарумма хачин аяг гаргалаа. 100 кг жинтэй хүн өрсөлдөгчийнхөө хөлийг тэгж дарна гэдэг их эрсдэлтэй шүү дээ. Зориудаар гэмтээсэн гэж хэлэхгүй. Гэхдээ л маш болгоомжгүй хөдөллөө” гэжээ.
Харин Жанлуижи Доннарумма сошиал хаягтаа “Жамал, чиний төлөө залбирч, хамгийн сайн сайхныг хүсч байгаа шүү” хэмээн бичжээ.
Гэмтлийн хувьд 5-6 сарын дараа эдгэх боломжтой гэж урьдчилан тооцсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Итали хөлбөмбөг угаасаа харгис талдаа, хөлбөмбөгийн соёл нь тийм л гэцгээх