“Челси”-“ПСЖ”: Ганц тоглолтод юу ч болж болно!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 13

Клубүүдийн ДАШТ-ий финалд Европын Аваргуудын лигийн аварга Францын “Парис Сэн Жэрмэйн”, Конференц лигийн аварга Английн “Челси” шалгарч, өнөө шөнө УБ цагаар 03:00-д аваргын төлөө тоглоно.

32 клуб оролцсон тэмцээний шувтаргын энэхүү тоглолтод Парисын клуб хожвол энэ улирлын бүхий л цомыг хамах болно. Үүнд нь “Челси” саад болж чадах эсэх нь сонирхолтой.
 


Аваргуудын лигийн аварга болсныхоо дараа шууд АНУ руу “ПСЖ”-ийнхэн нисэж, хэсэгтээ Бразилын “Ботафого-д хожигдсон. “Челси” ч гэсэн хэсэгтээ Бразилын “Фламенго”-д хожигдсон юм. Харин дараа нь Лондоны клуб Португалын “Бэнфика”-г хожоод, Бразилын “Палмэйрас”, “Флуминэнсэ”-г цувруулан финалд гарч ирсэн.
 


Харин “ПСЖ”-ийн өрсөлдөгч илүү хатуу таарсан. Аваргуудын лигийн финалд Италийн “Интер”-ийг 5:0-ээр бүрэн унтартал нь хожчихоод АНУ-д ирмэгцээ Испанийн “Атлетико Мадрид”-ыг 4:0-ээр “уншсан”. Харин дараа нь халуунд нозоорсон уу, нэг амсхийгээд авъя гэсэн үү Бразилын “Ботафого”-д 0:1-ээр хожигдоод, хэсгийн сүүлчийн тоглолтдоо АНУ-ын “Сиэтл Саундерс”-ийг 2:0-ээр хожиж, шөвгийн 16 руу гараад Лионель Мессигийн “Интер Майами”-д 4:0-ээр бяраа гаргасан. Дараа нь Германы “Байерн Мюнхен”-ийг 2:0-ээр буулгаад, шөвгийн дөрөвт Испанийн “Реал Мадрид”-ыг 4:0-ээр бөмбөгдөж, финалд гарсан юм.
 


Марафон гэмээр урт хугацааны турш үргэлжилж буй энэ улирлыг хаах энэхүү тоглолтдоо “Парис Сэн Жэрмэйн” хожихоор бүрэн бэлдсэн гэдгээ Луис Энрике хэлжээ. “Цөөхөн баг л оролцсон тэмцээн бүртээ түрүүлэх чадвартай байдаг. Бидний хувьд бол бүр эхнээсээ л ийм зорилго тавьсан” гэж Луис Энрике өгүүлсэн байна.

Тоглолт Нью-Жерсигийн 82500 үзэгчийн суудалтай “Мэтлайф” стадионд болно. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп очиж үзэх юм билээ.
 


Парисын клубын залуу од Дэзирэ Дүэ “Бидэнд хэт бардсан юмуу эсвэл өрсөлдөгчөө басамжилсан ямар ч бодол байхгүй. Хэдийгээр энэ улирлын ихэнх тоглолтдоо хожсоор байгаа ч талбай дээр хэрхэн тоглох нь чухал болохоос бахархаж баярлах нь чухал биш” гэж хэрсүү нь аргагүй өгүүлжээ.

“Челси” ч гэсэн энэ улиралд Конференц лигт түрүүлчихсэн бас Премьер лигтээ 4 дүгээр байр эзлээд Аваргуудын лигийн эрх авчихсан байгаа.
 


“ПСЖ” бол гайхамшигтай баг. Гэхдээ бид “Реал Мадрид” юмуу “Интер Майами” биш. “Реал Мадрид” биднээс их өөр. Тэд бидэн шиг прессинг тавьдаггүй. Тэгэхээр “ПСЖ” биднийг тэдэн шиг тоглоно гэж хүлээх хэрэггүй. Хэрвээ та нар биднийг гарцаагүй хожигдоно гэж бодоод байгаа бол бидэнд алдах юм байхгүй юм биш үү. Бид өөртөө итгэлтэй байж, чаддаг хөлбөмбөгөө л тоглоно” хэмээн “Челси”-гийн залуу хамгаалагч Леви Коллуил өгүүлсэн байна лээ.
 


Гэхдээ “Парис Сэн Жэрмэйн” өнөөдрөөр дуусах уртаас урт улирлын замдаа Английн олон багийг буулгаж авсан. Тухайлбал, “Манчестер Сити”, “Ливерпүүл”, “Астон Вилла” тэгээд “Арсенал” Аваргуудын лигийн ялалтын замд нь саад хийх гэсэн ч өөрсдөө тэмцээнээ дуусгасан юм.
 


“ПСЖ” бол одоо цагийн хамгийн шилдэг багуудын нэг мөн. Гэхдээ финал бол ганц л тоглолт. Энэ ганц тоглолтод юу ч болж болно. Бүгд л тэднийг хожно гэцгээж байгаа. Миний санахаар бид ч бас олон удаа хожих магадлал өндөртэй баг гэгдэж байгаад хожигдсон тохиолдол байдаг. Тиймээс өрсөлдөгчөө хэт өндрөөр үнэлэх юмуу сүрдэж болохгүй. Зүгээр л зөв бэлдээд, хожихоор гарах ёстой” гэж Рис Жэймс өгүүлсэн байна.
 


Энэ тоглолтоор сарын турш үргэлжилсэн Клубүүдийн ДАШТ өндөрлөнө. Орон нутгийн цагаар 15:00-д тоглолт эхлэх нь яг халуун нартай үе таарч байгааг Лондоны клубын аргентин тоглогч Энцо Фернандес онцгойлон анхааруулсан.
 


Аль баг нь чхожлоо гэсэн санхүүгийн тал дээр хоёулаа хожно. Учир нь финалд шалгарсан багт тус бүрт нь 100 сая ам.доллар амлачихсан юм. Үүн дээр аварга баг мэдээж илүү ихийг хүртэх ёстой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu