Норвегийн цуст халдлагаас хойш долоо хоног өнгөрлөө. Энэ аймшигт халдлагыг нүдээр үзсэн, Норвегийн ажилчны намын залуучуудын байгууллагын идэвхтэн гишүүдийн нэг Праблен Каур болсон явдлын талаар блогтоо ийнхүү бичжээ.
Ослод дэлбэрэлт боллоо гэсэн мэдээллийг дөнгөж хүлээн авсан идэвхтнүүд яаралтай зөвлөгөөн хийхээр лагерийн төв барилгад цугларсан. Бид арал дээр байсан болохоор аюулгүй гэж бодож байсан л даа. Тиймээс аймшигт тамын үүд тун удахгүй энд нээгдэнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Намайг гол хаалганы дэргэд зогсож байтал жинхэнэ аймшиг эхэлсэн. Би гэнэт буун дуу сонсоод эргэж хартал нэг хүн овоо хараагаа чиглүүлэн буудаж байлаа. Ингээд бид хэсэг хүүхдийн хамт жижиг өрөө рүү гүйлдэцгээв. Хүмүүс хашгиралдаж, би маш их айж байсан. Буун дуу хэд хэдэн удаа сонсогдоход би уйлав. Цонхоор хартал миний хамгийн сайн найз айж мэгдсэн байдалтай зогсож байлаа. Би гарч, түүнийг дотогш оруулах ёстой гэж бодсон ч тэгж зүрхэлсэнгүй. Тэнд байсан хүмүүс алуурчныг ороод ирвэл цонхоор үсрэхээр шийдсэн байсан. Дахиад л буун дуу гарч, биднийг сандаргав. Айсан хүмүүс цонхоор гадагш үсэрч эхэллээ. Би хамгийн сүүлд үлдсэн тул цүнхээ цонхоор чулуудчихаад өөрөө харайв. Даанч амжилтгүй газардсаны улмаас биеийнхээ зүүн талыг гэмтээчихэв. Тэгтэл тэндээс нэг залуу ирж намайг өргөж босгосон. Би олон хүнтэй хамт ой руу, тэгээд цаашаа ус руу гүйсэн юм. Ингээд гүйсээр хадан цохионд тулж ирлээ. Би энэ үеэр зогсолтгүй залбирсаар байлаа. Хэдий сандарч байсан ч ээж рүүгээ залгаж, “Дахиж уулзах эсэхээ мэдэхгүй байна” гэж хэлэв. Ээж минь маш их сандарч, уйллаа. Дараа нь аав руугаа мессеж явуултал тэр над руу залгаж, “Аралтай холбоо тасарсан ч хамаагүй ахыг чинь дагуулаад чам дээр очно” гэж хэлсэн. Найз залуудаа ч бас аавдаа явуулсан мессежийг илгээтэл хариу ирсэнгүй. Ингээд нэг хартал хэсэг хүмүүс ус руу үсэрч, сэлж байлаа. Харин би бусадтай хамт хадан цохионы ард нуугдаж хэвтэхээр шийдсэн юм. Хэрвээ алуурчин хүрээд ирвэл үхсэн мэт хэвтэнэ гэж бодож байлаа. Тэр ч хүрээд ирэв... “Би цагдаа байна” гэж тэр хашгирав. Би чимээгүй хэвтээд л байлаа. Гэтэл хэн нэгэн “Үүнийгээ батал” гэж хариу хашгирав. Хариуд нь алуурчин ямар нэгэн зүйл хэлээд гал нээж эхлэв. Би тэр хүнийг юу хэлснийг сайн санахгүй байна. Сумнууд миний хажуугаар тас няс хийн өнгөрөхөд би “Ингээд бүх юм дуусдаг байжээ. Тэр удахгүй над руу ирж, би үхнэ” гэж бодож хэвтлээ. Хүмүүс хашгиралдаад л, ихэнх нь шархаджээ. Хэн нэгэн ус руу үсэрч байх юм. Би гартаа
утсаа атгасан чигээрээ хэвтээд л байлаа. Миний дээр нэгэн охины хоёр хөл байх бөгөөд дахиад хоёр хүн миний хөл дээгүүр тэгнэгдэн хэвтжээ. Би далдлагдав. Мессеж ирж байна. Дараа нь өчнөөн олон дуудлага ирсэн. Би үхсэн мэт огт хөдлөхгүй хэвтээд л байв. Ийм байдлаар бүтэн цаг хэвтсэн байх. Эргэн тойрон чив чимээгүй болж эхлэв. Би болгоомжтойгоор өндийж, дэргэд минь амьд хүн байгаа эсэхийг ажиглалаа. Гэтэл юу харсан гэж санана. Цогцоснууд, цус... Үнэхээр аймшигтай. Арайхийн босоод хартал нэг хүүрэн дээр хэвтчихсэн, хоёр өөр цогцос намайг дарсан байсныг мэдэв. Бурхан намайг хамгаалжээ. Би өнөөх хүнийг ирэх эсэхийг мэдэхгүй байсан тул хоолойгоор дамжин эрэг рүү сэлэхээр шийдлээ. Алсад хэсэг хүн сэлж буй харагдав. Зарим нь тэнд байсан хийлдэг завь, сал руу сэлж очиж байлаа. Би сэлээд л, сэлээд л. Бүр хашгирч, уйлж үзэв. Хөлдөж үхэх шахан, яг одоо л живэх нь дээ гэж бодож байлаа. Залбирч ч үзлээ. Бүх бие улам л хүнд болж, гар мэдээ алдаж эхлэв. Тиймээс дээшээ харж хэвтэн, хүчээ гамнахын тулд гагцхүү хөлөөрөө сэлж үзлээ. Гэсэн ч ус руу живчих гээд байсан тул эргээд л хуучнаараа сэлж эхэлнэ. Нэг хартал хүмүүсийн арайхийн очиж суусан завь надаас улам холдож байлаа. Би хашгирч, намайг хүлээгээч гэж гуйж үзэв. Эцэст нь хамаг хүчээ шавхан байж үлдсэн хэдэн зуун метрийг туулж тэдэн дээр очиж нэгдлээ. Эргээс хэсэг завь нааш хөдлөхийг хараад бид хашгирсан ч тэд тэнд зөвхөн дөхөж очиж буй хүмүүсийг аварсаар байв. Ингээд хамгийн сүүлд хөнгөн онгоцтой нэг хүн бидэн рүү дөхөн ирж, аврагч бүс усанд хаясан юм. Би ч нэг бүснээс нь өөртөө уясан. Аврагч эр биднийг хөлгийн тавцан дээрээ гаргахаас өмнө дахиад нэг аврах бүсийг хийлдэг завиндаа бат бэх гэгч нь бэхэллээ.
Хөнгөн онгоц эрэг рүү дөхөх үед нүднээс минь нулимс дусалж эхлэв. Нэг эмэгтэй намайг тэвэрч аван, ямар нэгэн зүйлийг зогсоо зайгүй чангаар хэлж байлаа. Гэтэл хэн нэгэн надад гар утсаа өгөхөд би аав руугаа залгаж “Би амьд байна. Би аврагдлаа. Аюул ард хоцорсон” гэж хэлсэн юм. Эрэг дээр биднийг огт танихгүй хүмүүс хүлээж байлаа. Тэд биднийг машиндаа суулган, зочид буудалд хүргэж өгсөн. Зочид буудалд ирээд найз охиноо амьд байгааг хараад дахиад л уйллаа. Гэтэл алсад найз залуутай минь адилхан хүн зогсож байгааг хараад өөрийн эрхгүй түүн рүү хашгирав. Тийм ээ, үнэхээр тэр минь байсан. Бид ч тэврэлдэж зөндөө уйлалдлаа. Тун удалгүй аав, ах хоёр минь ирж, гэр рүүгээ авч явсан юм. Аль хэдийнэ шөнийн гурван цаг өнгөрчээ. Ээж минь намайг ганцааранг нь үлдээхгүй гээд хамт унтахаар хэвтэв.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )