Английн хөлбөмбөгч Уэйн Рунигийн 15 настай хүү Кай Руни “Манчестер Юнайтед”-ын 19 хүртэлх насны багийн бүрэлдэхүүнд багтан Олон улсын тэмцээнд оролцохоор болжээ. Хорватад болдог Младен Рамлякийн нэрэмжит 19 хүртэлх насны багуудын дундах Олон улсын тэмцээнд “Манчестер Юнайтед” багаа илгээхдээ домогт тоглогчийнхоо хүүг багтаасан байна.

Кай Руни 10 дээр мөн жигүүрт тоглох чадвартай. Умард Ирландад болсон олон улсын тэмцээнд маш сайн тоглосон учир түүнийг ийнхүү дөрвөн насаар дээш ангилалд хүч үзүүлж, сорихоор шийджээ.

“Манчестер Юнайтед” энэ тэмцээний А хэсэгт “Рапид”, “Ювентус”, “Динамо Загреб”-тай орсон байна. Өнөөдөр буюу пүрэв гаригт “Рапид”-ын эсрэг эхний тоглолтоо хийнэ. Кай Руниг ийнхүү 3-4 насаар ах ангилалд тоглуулж буй нь их авъяастай мөн дайчин чанартайг нь үнэлсэн хэрэг юм.

Уэйн Рунигээс хүүдээ ямар зөвлөгөө өгөх талаар асуухад “Өөрийнхөөрөө л тоглог. 15 настай хүүхдээс дэндүү их юм хүлээх, шаардах хэрэггүй. Ямартай ч байлаа гэсэн хүү маань удмынхаа овгийн дарамтыг давж гараад, тоглоод л байгаа юм” гэжээ.

Уэйн Руни дөрвөн хүүтэй. Кай том нь. Түүнээс доош Клэй, Кит, Касс гэсэн гурван хүү бий. Кай Руни 11 настайдаа “Манчестер Юнайтед”-ын академид элссэн. Их хэрсүү, хараатай, бөмбөггүй тоглолт их сайтай, гоолын мэдрэмж өндөртэй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.



Сэтгэгдэл ( 0 )