Сон Хён Мин: Шударга хэлэхэд, миний эхний сонголт биш байсан

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 08

Өмнөд Солонгосын төдийгүй Английн “Тоттенхэм”-ийн домогт тоглогч Сон Хён Мин 33 настайдаа Мэжор лигийн “Лос Анжелес” клубт тоглохоор очиж, хоёр жилийн гэрээ байгууллаа.

Энэ багт Оливье Жиру тоглож байгаад нутаг руугаа саяхан буцсан. Буурин дээр нь Сонни ирж байгаа нь энэ юм.
 


Сон Хён Мин сүүлийн 10 жилээ Английн “Тоттенхэм”-д өнгөрүүллээ. Том тоглогчид нь явж, цомгүй жилүүд үргэлжилсэн ч Сон бууриа сахин үлдэж, улмаар Европа лигийн аваргын цомыг өргөчихөөд санаа нь амарч, дараагийн зам мөрөө хөөж буй нь энэ. Заавал амжилтад хүрч байж явна гэсэн бодлынхоо улмаас олон клубын саналаас татгалзсаар ирсэн Соны хувьд энэ зун хүлээс нь тайлагдахдаа ч “Лос Анжелес”-ийг эхний сонголт биш байсан гэдгийг шударга хэлжээ.
 


“Тэд маш их хичээж, ятгасан учраас би энд ирсэн. Шударга хэлэхэд, миний эхний сонголт биш байсан. Гэвч ерөнхий менежер Жон Торрингтон улирал дуусмагц залгасан эхний хүн байлаа.

Тэгээд бодлыг минь өөрчилж дөнгөсөн. Миний бодлыг эргүүлчихсэн юм.
 


Өмнөд Солонгосын фанатуудаа энд харахад үнэхээр сайхан байна. Би “Тигрес”-ийн эсрэг тоглолтыг үзэхдээ галзуурсан мэт дэмжих фанатуудаа хараад талбайд гүйгээд гарчихмаар,тоглочихмоор санагдлаа.  Ер нь би энд тоглох гэж, ялах гэж ирсэн. Та бүхэнд заавал харахуйц зүйл үзүүлэх болно. Энд хөлбөмбөгийг soccer гэж хэлээд байдаг билүү? Тэгвэл би та бүхэнд үзүүштэй, сонирхолтой хөлбөмбөг харуулах болно. Бид амжилтад хүрэх болно.
 


Харьцангуй ахмад тамирчин болсон ч гэлээ биеийн бэлтгэл, форм минь чанартай сайн хэвээрээ байгаа. Би “Тоттенхэм”-д хийж чадах бүхнээ хийсэн. Тэгээд шинэ сорилт хэрэгтэй гэдгийг мэдэрсэн юм. Тиймээс ийм сонголт хийж ирлээ” хэмээн Сон өгүүлжээ.
 


“Тоттенхэм”-ээс явахаар болсноо зарлахдаа “Таарч тохирох ямар үг хэлэхээ ч мэдэхгүй юм. Хэдэн хоног бодлоо. Гэвч тийм үг олдсонгүй. Би эндээс явах цаг болжээ. Сүүлийн 10 жил гэр минь энд байлаа. 2015 онд ирэхдээ англиар ярьж чаддаггүй, Лондонг мэддэггүй ч намайг гараа алдлан тэврэн авч, үргэлж итгэж, дэмжиж, унаж босоход минь хамт байлаа.
 


Том мөрөөдөлтэй солонгос хүү л ирсэн. Харин одоо Хойд Лондон сэтгэлд минь мөнхөрчээ. Эндээс явбал би өөрийнхөө хүссэн нөхцөлөөр л явна гэж бодсон. Мөн зорилгоо заавал биелүүлж байж явна гэж шийдсэн. Нэр хүндтэй, бахархалтайгаар явна гэж хичээсэн” хэмээн Сон өгүүлсэн юм.
 


Сон Хён Мин клубынхээ ойрын жилүүдэд хүртээгүй цомыг Аваргуудын лигийн эрхтэй хамтад нэр хүндтэй, бахархалтайгаар авчирчихаад  Мэжор лиг рүү ийнхүү явлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top