Руни домогт Том Брэдиг “хөлбөмбөг ойлгодоггүй” гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 15

Америк хөлбөмбөгийн домогт тамирчин Том Брэди Английн “Бирмингэм” клубын хувьцаа эзэмшигч. Тус клубын ахлах дасгалжуулагчаар Английн хөлбөмбөгийн нэрт довтлогч Уэйн Руни богинохон хугацаанд ажилласан юм.

2024 оны нэгдүгээр сард халагдах хүртлээ ердөө гурван сар ажиллахад Рунигийн баг 15 тоглолтод 2 удаа л хожсон. Энэ нь халах үндэслэл болсон. Гэвч Том Брэди саяхан дэлгэцнээ гарсан баримтат кинонд Рунигийн талаар таагүй үгс хэлсэн нь шуугиан тариад байгаа юм. “Багийнхаа ахлах дасгалжуулагчийн ажил хэргээ явуулж буй ёс суртахуунд би санаа зовж байна” гэж Том Брэди баримтат кинонд өгүүлж буй хэсэг байгаа ажээ.

 

 

Тэгвэл Руни энэ шуугианд хариулт өгөхөөр шийдсэн байна. “Том нэг л удаа өдрийн цагаар бэлтгэл дээр ирсэн санагдаж байна. Ер нь хөлбөмбөг нэг их сайн ойлгодоггүй байх.

Хөлбөмбөг гэдэг бол америк хөлбөмбөг биш. Америк Хөлбөмбөгийн лиг жилдээ ердөө гуравхан сарын л ажил. Харин хөлбөмбөг бол өөр. Хөлбөмбөгчдөд амралт зайлшгүй хэрэгтэй байдаг. Миний бодлоор бол Том шударга бус үг хэлжээ.

 

 

“Бирмингэм”-д намайг очиход тэнд эмх замбараагүй байдал гаарчихсан байлаа. Тэнд багийг амжилтад хүргэх тоглогч байгаагүй. Миний дараа Тони Моубрэй, Гэри Роуэт хоёр дасгалжуулагчаар ажилласан ч багийн амжилт огт ахиагүй.

Харин одоо жигдэрч, сайжирч эхэлж байх шиг байна. Хэрэгтэй байсан сайн тоглогчдыг авч чадсан байх. Сонсооч, би Том Брэдиг маш их хүндэлдэг. Америк хөлбөмбөгт бол хамгийн аугаа биш юмаа гэхэд аугаа тамирчдын нэгд гарцаагүй орно” хэмээн Руни өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top