Неймар ичсэндээ уйлж, фанатууд нуруугаа харуулж, дасгалжуулагч халагдав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 18

Бразилын Дээд лигт “Сантос” талбайдаа “Васко Да Гама”-г хүлээн авч, 0:6-аар гуташигтайгаар хожигдлоо.

Энэ хожигдлын дараагаар “Сантос” 21 оноотой хэвээр, хасагдах бүсээс хоёр байрны дээр бичигдэж буй бол тэднийг хожсон “Васко Да Гама” яг дор нь 19 оноотой орж ирлээ.
 


Стадиондоо, олон мянган фанатуудынхаа өмнө теннисийн тоогоор хожигдсоны дараагаар Неймар талбайгаас гарахдаа ичсэндээ нулимсаа барьж чадсангүй. Тоглолтын төгсгөлд “Сантос”-ын фанатууд багийнхаа байгаа байдлыг хараад дургүйцлээ илэрхийлэн бүгд нэгэн зэрэг талбай руу нуруугаа харуулан зогссон байна. Энэ хожигдлын дараа Клебер Хавьер ахлах дасгалжуулагчийн ажлаасаа халагджээ.
 


Талбайгаас гарахдаа Неймар “Би маш их ичиж байна” гэж хэлсэн байна. “Багийнхаа тоглолтод үнэхээр сэтгэл гонсойлоо. Фанатууд дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлэх нь зүйн хэрэг. Гэхдээ хүчирхийлэл үйлдэж мэдээж болохгүй. Харин харааж, загнаж зандармаар байвал бүрэн эрх нь бий. Багийн тоглол бүхэлдээ аймшигтай муу байлаа. Би амьдралдаа ийм хэцүү ялагдал амсаагүй. Бухимдсандаа, ичсэндээ нулимс гарчихлаа. Харамсалтай нь би багтаа тусалж чадсангүй” хэмээн өгүүлжээ.
 


Дэлхийн гурван удаагийн аварга домогт Пелегийн унаган клуб “Сантос” 2023 онд түүхэндээ анх удаагаа Бразилын Дээд лигээс унасан юм. Дараа улиралд нь эргээд  дэвшээд гараад ирсэн. Энэ жилийн нэгдүгээр сард Неймартай богино хугацааны гэрээ байгуулсан юм.

“Сантос”-ын өмсгөлтэй байж ингэж тоглоно гэдэг ичгэвтэр юм. Өнөөдөр манай багийнхан гэртээ очоод дэрэн дээр толгойгоо тавиад цаашид юу хийх ёстойгоо сайн бодох хэрэгтэй. Хэрвээ өнөөдрийнх шиг тоглох юм бол лхагва гаригт талбайд гараад ч хэрэггүй” гэж Неймар хэлсэн байна.
 


Неймарын замнал дахь хамгийн олон гоолын зөрүүтэй хожигдсон тоглолт энэ боллоо. Өнгөрсөн дөрөвдүгээр сард дасгалжуулагчаар ирсэн 61 настай Клебер Хавьерийг халах хангалттай шалтгаан ч боллоо.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үглээ өвгөн(103.212.118.96) 2025 оны 08 сарын 24

хожигдох цаг.иржээ!!!

1  |  0
үглээ өвгөн(103.212.118.96) 2025 оны 08 сарын 20

хожигдох цаг.иржээ!!!

0  |  0
үглээ өвгөн(103.212.118.96) 2025 оны 08 сарын 20

хожигдох цаг.иржээ!!!

0  |  0
Зочин(66.181.186.87) 2025 оны 08 сарын 21

Хөлбөмбөг юмуу талбайн теннис юмуу. Орчуулгаа нэг харна бгаа.

2  |  0
Top